Чойжин ламын сүм музей ба Соёлын өвийг хамгаалах тухай хууль

Нэг. Чойжин ламын сүм

Чойжин ламын сүм музей нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших музей юм.  VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оруулжээ.

XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь “Чойжин ламын сүм” юм.

Нэгэн цагт Монголын ард түмэн 700 гаруй сүм хийд бүтээн босгож, соёлын үр цэцэглэн хөгжүүлж байсан сайхан түүхтэй. Тэр бүх сүм хийд дотроос Чойжин ламын сүм тун өвөрмөц онцлогтой.

Энэ сүмийг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулж Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын уран гараар бүтээжээ. Тухайн үед манай улс Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин бууж байх зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцэж байж. Тиймдээ ч 1896-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн хүрээнд тусгайлан босгосон Чойжин ламын сүмийг учир битүүлгээр 1903 онд галдан шатаасан юм.

Гэвч Чойжин лам урд хойдохыг нэгэнтээ харах чадалтай байсныхаа хувьд Төрийн чойжин бууж байх, улмаар цэвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулахыг нэн чухалд тооцож, улмаар хойтон жил нь буюу 1904 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр (Маймаа хотын захирагчийн охин, түүний эхнэр болох Сүрэнхорлоогийн хөрөнгөөр) сүм барьж эхэлжээ. Цаг төрийн байдал ороо бусгаа байсан тул Чойжин лам сүм барих ажлыг машид шуурхайлж, ердөө л хоёрхон жилийн дотор 55 өрөө тасалгаа бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцолбор бүтээн босгож, дотор заслын ажил эхлүүлжээ.

Монголын төрийг хамгаалан чойжин буух сүм хийд барихыг Манжийн хаан зөвшөөрөхгүй хэвээр байв. Иймд 1906 онд Чойжин лам Лувсанхайдав уран арга хэрэглэн Манжийн хаанд бичиг явуулж, түүндээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүм босгов. Таныг урт удаан наслах, Манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлэв” гэжээ. Ингэхэд Манжийн Бадруулт төр хаанаас “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнаж, Богдын төрийн шар ордон Дэчингалбын хийдийн адил эрх олгожээ.

Сүмийг 1908 онд ашиглалтад оруулж, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр шашныг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтаас “Хар, зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Дорж шүгдэн хэмээх гурван Чойжингийн өмнөөс чойжин буудаг, төр-шашны нууц үйл ажиллагаа явуулдаг хаалттай сүм болгожээ.

Чойжин ламын сүмд 1938 он хүртэл хурал хурж байгаад коминтерны явуулсан бодлогын дагуу хурал номьн үйл ажиллагааг нь хаажээ. Түүхэнд “их хэлмэгдүүлэлтийн жил” хэмээн нэрлэгддэг 1937 оны хэцүү бэрх цагт олон зуун сүм хийд дацанг татан буулгаж, доторх судар ном, бурхан тахил, бичиг соёлын үнэт дурсгалыг устган үгүй хийсэн билээ. Чухамхүү энэ үед шашин, соёлын үнэт эд өлгийн зүйлийг аймаг хошуудаас цуглуулан тус сүмд төвлөрүүлж, улмаар тухайн цаг үеийн эрдэмтэн мэргэд, сэхээтний төлөөлөгчид төрийнхөө дээд байгууллагад албан ёсны асуудал тавьжээ. Монгол урчуудын урлан бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан буй хэмээн 1939 онд сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтад авснаар хойч үе бидэнд өвлөгдөн ирсэн түүхтэй. Энэ хэрэгт маршал Чойбалсан онцгойлон анхаарсан гэдэг.

Хожим Чойжин ламын сүмийн хойно Д.Сүхбаатар ард түмэндээ үг хэлж, Түр Засгийн газрын ордноо мөн Чойжин ламын сүмийн хойно байгуулсан юм. Их жанжны үгээ хэлсэн яг тэр газар хожим буюу 1925 онд Сүхбаатарын талбайг байгуулсан түүхтэй. 1951 онд Засгийн газрын ордныг мөн л сүмийн чанх хойно барьсан. Энэ нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин ламын сүм, Чойжин сахиусууд хамгаалж байг гэсэн утга билэгдэл агуулсан ажээ. Эдүгээ Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэг, төрийн далбаа Чойжин ламын сүм музейн Гол сүмийн ганжиртай нэг шугамд давхацсан байдаг нь тохиолдлын хэрэг биш юм.

1941 оны 11-р сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигийг үндэслэн түүх соёлын тэргүүн зэргийн дурсгалуудын тоонд багтаан оруулж “Судар бичгийн хүрээлэн”-гийн мэдэлд шилжүүлэв. 1942 оноос “Шашны түүхийн музей” болж, 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, эсвэл тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байснаа 1962 оноос ард түмэнд үйлчилж эхэлсэн байна.

Хожим тус музейн сан хөмрөгөөс Монгол Улсын хосгүй үнэт дурсгалд багтдаг IV богдын Түвдээс авчирсан 108 боть Ганжуур ном, Лхашидын тарни, гүн ухаан, анагаах ухааны бүтээлүүдийг багтаасан Түвдийн гар бичмэл 226 боть данжуур одоо Монгол Улсын Үндэсний номын санд шилжин хадгалагдаж байна. Данжуурыг XVI зууны үед монгол хэлээр орчуулсан юм.

1966 оны 4-р сарын 30-ны тусгай актаар Дүрслэх урлагийн музей байгуулагдахад түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох Өндөр гэгээн Занабазарын эх бүтээлээс язгуурын таван бурхны дөрвийг, Цагаан дарь эх болон цамын баг бүрэн өмсгөлийн хамт танка, зээгт наамлын зэрэг олон бүтээл шилжүүлжээ. Мөн Богд хааны ордон музейд 21 дарь эх болон танка, зээгт наамлын бүтээл зэргийг шилжүүлэн өгч, тус тусын сан хөмрөгийг баяжуулсан түүхтэй.

Уран барилгын энэ цогцолбор чуулганд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан “Дэмчиггарав”, ‘”Аюуш”, “Доржсэмбэ”, “Майдар”, “Рэнжүү”, “Минтүг” зэрэг сонгодог бүтээлээс эхлээд 1000 жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суварга, Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил зэрэг Халхын нутаг хошуудын алдартай уран гартны авъяас билэг, бурхан ухаан, сүсэг бишрэлээр урлан бүтээсэн бурхны шашны түүх, соёлын үнэ цэнэтэй 6500 гаруй бүтээлийн дээжис хадгалагддаг.

Цогцолбор чуулга болсон энэ сүм 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалганаас бүрдэл болно. Сүмийн бүх барилга асар маягийн эргэсэн дээвэртэй, тэр нь шаталсан 4 хэсгээс бүрдэнэ. Түүнийг зааглан дагасан хянган хамар дээгүүр морь унасан эртний баатар, ан амьтан, араатан жигүүртэн зэрэг сүлжилдэн харагдах бөгөөд өнцгийн яс модны үзүүрт амьтны дүрс сийлсэн зэрэг нь цөм үлгэр домог, зөн билэгдлийн хэллэгтэй юм.

Хувьсгалаас өмнө 700 гаруй сүм хийд байснаас 1930-аад оны улс төрийн хэлмэгдлийн үед хөндөгдөөгүй үлдсэн цорын ганц сүм Чойжин ламын сүм билээ. Үүгээрээ Амарбаясгалант, Эрдэнэзуу, Богд хааны ордон музейгээс ялгагдана. Иймээс ч амьд сахиус бурхад оршин байдаг учир эргэл мөргөлөөр ч шүтэн биширч байдаг.

Энэхүү сүм нь өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн гайхамшигт бүтээлүүдийг сонирхон мэдлэгийн хүрээгээ тэлэхийн сацуу монос модны цэцэрлэгт алжаал юугаа тайлан, амьд бурхад заларсан ариун дагшин газар юм.

 

Хоёр. Соёлын өвийг хамгаалах тухай Монгол Улсын хуулиас…

 

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

/Уг хуулиас хэсэгчлэн авав/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ

4 дүгээр зүйл.Соёлын өвийн ангилал

4.1.Соёлын өвийг биет ба биет бус гэж ангилна.

4.2.Соёлын биет өвийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгалт зүйл гэж ангилна.

4.3.Түүх, соёлын үл хөдлөх дурсгал нь дангаар болон цогцолбор байдлаар оршино.

5 дугаар зүйл.Түүх, соёлын үл хөдлөх дурсгал

5.1.Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна:

5.1.1.эртний ургамал, амьтны чулуужсан олдворт газар;

5.1.2.эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга;

5.1.3.чулуун зэвсгийн олдворт газар;

5.1.4.хадны зураг, бичээс;

5.1.5.булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж;

5.1.6.эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, архитектурын дурсгал;

5.1.7.хөшөө дурсгал;

5.1.8.эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгал;

5.1.9.тахилгат газар;

5.1.10.түүхэн үйл явдал болсон дурсгалт газар;

5.1.11.бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгал.

6 дугаар зүйл.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл

6.1.Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамааруулна:

6.1.1.ховор эрдэс;

6.1.2.эрдэнийн чулууны ховор олдвор;

6.1.3.солир;

6.1.4.ховор болон ховордсон ургамлын хатаамал цуглуулга, амьтны чихмэл;

6.1.5.эртний ургамал, амьтны олдвор;

6.1.6.археологийн олдвор;

6.1.7.угсаатны хувцас, чимэглэл;

6.1.8.уламжлалт аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг; 6.1.9.угсаатан, ястны уламжлалт хөгжмийн зэмсэг, эд өлгийн зүйл; 6.1.10.уламжлалт тоглоом, наадгай;

6.1.11.уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл;

6.1.12.бичгийн дурсгалт зүйл;

6.1.13.дүрс, дуу авианы баримт;

6.1.14.дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл, холбогдох эд өлгийн зүйл;

6.1.15.уламжлалт монгол эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хэрэглэгдэхүүн, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;

6.1.16.гэр, сууц, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл;

6.1.17.бусад түүх, соёлын дурсгалт зүйл.

6.2.Энэ хуулийн 5.1.1, 6.1.1-6.1.3-т зааснаас бусад байгалийн өвийг хамгаалах асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

7 дугаар зүйл.Соёлын биет бус өв

7.1.Дараах соёлын өвийг соёлын биет бус өвд хамааруулна:

7.1.1.эх хэл, бичиг, түүний хүрээний соёл;

7.1.2.аман зохиолын уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэр;

7.1.3.урлагийн тоглох үзүүлбэр;

7.1.4.үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил;

7.1.5.уламжлалт гар урлалын дэг сургууль, арга барил;

7.1.6.ардын ёс заншил, зан үйл;

7.1.7.ардын уламжлалт мэдлэг, арга ухаан;

7.1.8.ардын бэлгэдэх ёсны уламжлал;

7.1.9.үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн зан үйл;

7.1.10.ардын уламжлалт технологи;

7.1.11.угийн бичиг хөтлөх уламжлал;

7.1.12.гэрийн дэг сургуулийн шилдэг өв уламжлал;

7.1.13.уламжлалт шашин, шүтлэгийн зан үйл, ёс заншил;

7.1.14.газар, усны уламжлалт нэр;

7.1.15.бусад соёлын биет бус өв.

8 дугаар зүйл.Соёлын өвийн зэрэглэл

8.1.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын түвшингээр нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалттай гэж зэрэглэнэ.

8.2.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлээс энэ хуулийн 8.3-т заасан шалгуурын дагуу хосгүй үнэт, үнэт гэж зэрэглэл тогтооно.

8.3.Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийг дараах шалгуураар тогтооно:

8.3.1.түүх, соёл, урлаг, гоо зүй, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол;

8.3.2.холбогдох цаг үе;

8.3.3.дахин давтагдашгүй байдал;

8.3.4.ур хийц, дэг сургууль;

8.3.5.үнэт металлын орц, эрдэнийн чулууны хэмжээ.

8.4.Соёлын биет бус өвийг төлөөллийн үндэсний жагсаалт болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад бүртгэж хамгаална.

8.5.Энэ хуулийн 8.4-т заасан жагсаалтад оруулах соёлын биет бус өвийг дараах шалгуураар тогтооно:

8.5.1.түүх, соёл, заншил, уламжлалыг илэрхийлэх байдал;

8.5.2.ховордсон, устсан, эрсдэлд орсон байдал.

9 дүгээр зүйл.Соёлын өвийн үнэлгээ

9.1.Соёлын биет өвийн үнэлгээ хийх журмыг санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

9.2.Нийтийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл тодорхойлно.

9.3.Хувийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг өмчлөгчийн хүсэлтээр энэ хуулийн 9.2-т заасны дагуу тодорхойлж болно.

10 дугаар зүйл.Соёлын биет өвийн даатгал

10.1.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг үзэсгэлэнд оролцуулах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээ хийлгэх зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд заавал даатгуулна.

10.2.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад тохиолдолд соёлын биет өвийг даатгуулж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

11 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

11.1.Монгол Улсын Ерөнхийлөгч соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.Их эзэн Чингис хаан, монголын хаад, хатдын булш, бунхан, дурсгалын орчин болон олдворыг судлах, хамгаалах, мэдээлэх ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох этгээдэд чиглэл өгөх;

11.1.2.хууль бусаар алдагдсан соёлын өвийг Монгол Улсыг төлөөлөн гадаад улс, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нэхэмжлэх эрхийг итгэмжлэлээр олгох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох;

11.1.3.Ерөнхийлөгчийн ивээл доор хамгаалж болох соёлын өвийг зарлах, уул, усыг төрийн тахилгатай болгох шийдвэр гаргах;

11.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

12 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

12.1.Улсын Их Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.соёлын өвийг хамгаалах, ашиглах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

12.1.2.соёлын өвийг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;

12.1.3.Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёлын өвийн дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалтад авах, түүний хилийн заагийг тогтоох;

12.1.4.соёлын өвийг хамгаалахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг батлах;

12.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

13 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

13.1.Засгийн газар соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.соёлын өвийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

13.1.2.соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх;

13.1.3.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоо, дүрмийг батлах;

13.1.4.язгуур гарал үүсэл нэг, илэрхийлэгдэх шинжээрээ нийтлэг, монгол угсаатны түүхэнд ач холбогдол бүхий соёлын өвийг хамгаалах талаар уг өв хадгалагдаж буй гадаад улстай хэлэлцээр хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

13.1.5.улсын хилээр гарч алдагдсан соёлын биет өвийг эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллагад чиглэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.6.соёлын өвийн үзлэг, тооллого хийх, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журмыг тус тус батлах;

13.1.7.улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;

13.1.8.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний болон түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг тус тус батлах;

13.1.9.Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

13.1.10.соёлын өвийг хувилан олшруулах, хуулбарлах, бүтээгдэхүүний загварт оруулах, кино, дүрс бичлэг хийх, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журам батлах;

13.1.11.соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам батлах;

13.1.12.түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох;

13.1.13.соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх болон Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх;

13.1.14.хуульд заасан бусад бүрэн эрх.

14 дүгээр зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

14.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам, зааврыг баталж, хэрэгжилтийг хангах;

14.1.4.соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх журам, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх журмыг тус тус батлах;

14.1.5.аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг харгалзан батлах;

14.1.6.түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг батлах;

14.1.11.соёлын биет өвийг хилээр нэвтрүүлэх, сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгох;

14.1.12.соёлын өвийг судлах, сэргээн засварлах, зэрэглэл, үнэлгээ тогтоох чиг үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

14.1.13.соёлын өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгэх журам батлах;

14.1.14.соёлын өвийн дурсгалт газрын менежментийн төлөвлөгөөг батлах;

14.1.15.соёлын өвийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

14.1.16.соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны удирдлагыг томилж, чөлөөлөх;

14.1.17.хуульд заасан бусад бүрэн эрх.

141 дүгээр зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

141.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын өвийг хамгаалах чиглэлээр дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

141.1.1.төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

141.1.2.соёлын өвийн улсын үзлэг, тооллогыг хуулиар тогтоосон хугацаанд явуулж, дүнг Засгийн газарт тайлагнах;

141.1.3.соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах;

141.1.4.соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх;

141.1.5.соёлын өвийг хувилах, бүтээгдэхүүний загварт оруулж, зах зээлд нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих;

141.1.6.дуудлага худалдаагаар худалдах соёлын биет өвийн бүртгэлийг хөтлөх, тайланг хүлээн авах, хяналт тавих;

141.1.7.нийтийн өмчийн соёлын өвийг хадгалах, бүртгэх ажлыг мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

141.1.8.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж, улс, орон нутгийн төсвийн болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

141.1.9.соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг хөтлөх;

141.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

15 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

15.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.нутаг дэвсгэртээ соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг баталж, хяналт тавих;

15.1.2.түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хууль бус хайгуул, малтлагаас урьдчилан сэргийлэх, соёлын өвийн зөрчлийн талаар олон нийтээс мэдээлэл авах, соёлын өвийг хамгаалах ажилд иргэдийг татан оролцуулах арга хэмжээ авах;

15.1.3.соёлын өвийг хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр Засаг даргад чиглэл өгч, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх;

15.1.4.харьяалах нутаг дэвсгэр дэх түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлээр санал гаргах, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих;

15.1.5.хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу орон нутгийн хамгаалалтад байгаа түүх, соёлын дурсгалт газрыг аялал жуулчлалын байгууллагад гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргах;

15.1.6.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах;

15.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

15.2.Мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталж, хилийн зааг, хамгаалалтын дэглэмийг тогтоон хяналт тавина.

16 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

16.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

16.1.2.соёлын өвийг хамгаалах, зохистой ашиглах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулах, биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

16.1.3.соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах;

16.1.4.соёлын өвийн судалгаа, тайлан мэдээллийг зохих журмын дагуу гаргаж, аймаг, нийслэл, улсын бүртгэл, мэдээллийн санд хүргүүлэх;

16.1.5.зохих журмын дагуу соёлын өвийн үзлэг, тооллого хийх;

16.1.6.соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах;

16.1.7.палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллага, багт дэмжлэг үзүүлэх;

16.1.8.соёлын өвийг сурталчлах;

16.1.9.дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

16.1.10.соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, хуульд заасан дэмжлэг үзүүлэх;

16.1.11.түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хууль бус малтлагыг таслан зогсоох, соёлын өвийн зөрчлийн талаарх мэдээллийн мөрөөр арга хэмжээ авах ажлыг удирдан зохион байгуулах;

16.1.12.соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг олж тогтоох, олон нийтэд таниулах, дэмжлэг үзүүлэх, өвлөн уламжлуулах ажлыг зохион байгуулах;

16.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.

17 дугаар зүйл.Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

17.1.Сум, дүүргийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

17.1.2.соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах;

17.1.3.палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага, багт зориулалт бүхий газрыг ашиглуулах;

17.1.4.палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгааны ажил дууссаны дараа судалгаа явуулсан байгууллагаас уг газрыг аюул осолгүй болгохыг шаардах, хүлээн авах.

18 дугаар зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх

18.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.соёлын өвийг хамгаалахад олон нийтийг татан оролцуулах;

18.1.2.соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх саналыг дээд шатны хуралд хүргүүлэх;

18.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

19 дүгээр зүйл.Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

19.1.Баг, хорооны Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

19.1.2.палеонтологи, археологийн хууль бус хайгуул, малтлагыг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх талаар холбогдох албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх;

19.1.3.түүх, соёлын үл хөдлөх дурсгал, түүний орчныг цэвэр үзэмжтэй байлгах, хог хаягдлыг цэвэрлэхэд иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;

19.1.4.соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хуульд заасны дагуу урамшуулах, дэмжлэг үзүүлэх, дээд шатны байгууллагад уламжлах;

19.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ӨМЧЛӨХ

31 дүгээр зүйл.Соёлын биет өвийг эзэмших

31.1.Нийтийн өмчийн соёлын биет өвийг төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн байгууллага өмчлөгчийн тогтоосон нөхцөлөөр тус тус эзэмшинэ.

31.2.Доор дурдсан байгууллага, хуулийн этгээд нийтийн өмчийн соёлын биет өвийг эзэмшинэ:

31.2.1.улсын болон орон нутгийн музей;

31.2.2.галерей;

31.2.3.эрдэм шинжилгээний байгууллага;

31.2.4.үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн номын сан;

31.2.5.үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архив;

31.2.6.шашны байгууллага;

31.2.7.хууль тогтоомжоор соёлын өвийг хадгалж, хамгаалах үүрэг хүлээлгэсэн бусад байгууллага.

32 дугаар зүйл.Төрийн өмчийн соёлын биет өвийг эзэмшигчийн эрх, үүрэг

32.1.Соёлын биет өвийг эзэмшигч дараах эрх эдэлнэ:

32.1.1.өмчлөгчтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд оролцуулах, түүнээс олсон орлогын тодорхой хувийг авах;

32.1.2.ангилал, зэрэглэлийг харгалзан холбогдох журмын дагуу тэдгээрийг түр солилцох, түрээслэх, худалдаж авах;

32.1.3.сурвалжлан олж цуглуулах, судалж шинжлэх, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах;

32.1.4.стандартын шаардлага хангасан байр, лаборатори, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдах;

32.1.5.соёлын биет өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх.

32.2.Соёлын биет өвийг эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:

32.2.1.соёлын өвийн бүртгэл хөтөлж, бүртгэл, мэдээллийн сан үүсгэх;

32.2.2.дээд шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх;

32.2.3.бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын өвийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүртгэх;

32.2.4.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр гаргахад зохих журмын дагуу зөвшөөрөл авах;

32.2.5.соёлын биет өв алдагдсан, үрэгдсэн тохиолдолд тухайн шатны бүртгэл, мэдээллийн сан, Засаг дарга, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх;

32.2.6.өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг сэргээн засварлах, бусдад ашиглуулахгүй байх.

33 дугаар зүйл.Соёлын биет өвийг өмчлөгчийн эрх, үүрэг

33.1.Соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:

33.1.1.язгуур зориулалтаар ашиглах;

33.1.2.нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон орлогоос авах;

33.1.3.зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай тохиолдолд зохих журмын дагуу улсаас санхүүгийн дэмжлэг авах;

33.1.4.түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг өөрийн хүсэлтээр төрд худалдсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх;

33.1.5.музей, галерей байгуулах.

33.2.Соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

33.2.1.соёлын өвийн гарал үүслийн байдлыг тодорхойлох;

33.2.2.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх;

33.2.3.худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд тухайн шатны Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд мэдэгдэх;

33.2.4.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр гаргахад зохих журмын дагуу зөвшөөрөл авах;

33.2.5.алдагдаж, үрэгдсэн тохиолдолд нэн даруй тухайн шатны Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан, Засаг дарга, цагдаагийн байгууллагад мэдэгдэх;

33.2.6.түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавих;

33.2.7.түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр түүний өмчлөлд шилжүүлэхгүй байх.

 


ДОЛООДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

37 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тогтолцоо

37.1.Соёлын өвийг хамгаалах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна.

 

37.2.Соёлын өвийн хамгаалалтад соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, соёлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуул, хуулиар эрх олгосон байгууллага, албан тушаалтан хяналт тавина.

 

37.3.Соёлын өвийн анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулахгүйгээр тухайн орон нутагт нь хадгалах зарчим баримтална. Хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах зорилгоор соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрлөөр улс, орон нутгийн музейд шилжүүлэн хадгалж болно.

37.4.Сум, дүүргийн Засаг дарга түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

37.5.Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд тухайн дурсгалын талаарх мэдээллийг агуулсан танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулна. Танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу хийж, байрлуулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.

 38 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалахтай холбоотой хориглох үйл ажиллагаа

38.1.Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно:

38.1.1.түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах;

38.1.2.палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох;

38.1.3.хуульд зааснаас бусад тохиолдолд нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөр байгууллага, орчинд шилжүүлэн хадгалах, зөөж тээвэрлэх, хөдөлгөх;

38.1.4.улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд зар сурталчилгааны самбар, бичиг хадах, анхны хэлбэр төрх, хийц, бүтээцийг өөрчлөх.

38.2.Палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгааны ажлын дүгнэлтээр соёлын өвд эрсдэл учирч болзошгүй байгаа нь тогтоогдсон бол аж ахуйн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно.

38.3.Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соёлын биет өв илэрвэл газрын хэвлийг ашиглагч ажлаа зогсоож, энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ДУРСГАЛТ ГАЗРЫГ ХАМГААЛАХ

42 дугаар зүйл.Соёлын өвийн дурсгалт газар

42.1.Улсын Их Хурал соёлын өвийн дурсгалт газрын унаган төрх, соёлын үнэт зүйлийн язгуур шинжийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, хилийн заагийг батална.

42.2.Соёлын өвийн дурсгалт газар байгуулах саналыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Саналд тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг харгалзан үзэж болно.

42.3.Соёлын өвийн дурсгалт газарт үндэсний болон дэлхийн өвийн дурсгалт газар хамаарна.

42.4.Соёлын өвийн дурсгалт газрыг дараах бүсэд хуваана:

42.4.1.хамгаалалтын бүс;

42.4.2.орчны бүс.

42.5.Соёлын өвийн дурсгалт газарт хэд хэдэн түүх, соёлын дурсгалт газар байрлаж болно.

42.6.Хамгаалалтын болон орчны бүсэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр байгаль, соёлын өвд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж болно.

42.7.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын менежментийг хариуцан хэрэгжүүлэх үүрэг бүхий хамгаалалтын захиргаа ажиллана.

42.8.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа энэ хуулийн 43, 44-т заасан үйл ажиллагаатай уялдуулан нэмэлт дэглэм тогтоож болно.

42.9.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд хэд хэдэн дурсгалт газрын хамгаалалтын асуудлыг харьяалуулж болно.

43 дугаар зүйл.Хамгаалалтын бүсийн дэглэм

43.1.Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

43.1.1.онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд нисэх онгоц буулгах;

43.1.2.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах;

43.1.3.мод, элс, хайрга, чулуу авах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;

43.1.4.хот суурин, цахилгаан станц байгуулах;

43.1.5.тэсэлгээ хийх;

43.1.6.шинээр барилга байгууламж барих.

44 дүгээр зүйл.Орчны бүсийн дэглэм

44.1.Орчны бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

44.1.1.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах;

44.1.2.хот суурин, цахилгаан станц байгуулах;

44.1.3.тэсэлгээ хийх.

45 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт газар

45.1.Засгийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно.

45.2.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 45.1-д заасны дагуу хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газарт гэрээт харуул томилж ажиллуулна.

45.3.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

45.3.1.газар, түүний хэвлийг хөндөх;

45.3.2.мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй мод бут, төрөл бүрийн ургамал тарих;

45.3.3.гэр, сууц, барилга, байгууламж барих;

45.3.4.мал бэлчээх;

45.3.5.онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд өөрөө явагч хэрэгсэл нэвтрүүлэх, нисэх онгоц буулгах;

45.3.6.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах;

45.3.7.мод, элс, хайрга, чулуу авах.

45.4.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд судалгаа шинжилгээ хийх, сэргээн засварлах, аялал жуулчлалын зорилгоор сурталчлах үйл ажиллагаа явуулж болно.

 

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙН ХЯНАЛТ

58 дугаар зүйл.Соёлын өвийн хяналт

58.1.Соёлын өвийн хяналтыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, улсын байцаагч, гэрээт харуул хэрэгжүүлнэ.

58.2.Соёлын өвийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага нь соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, дүрэм журам, түүнтэй холбогдсон норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавина.

58.3.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтад байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина.

58.4.Соёлын өвийн хяналтын улсын байцаагчийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.

58.5.Соёлын өвийн гэрээт харуулыг сум, дүүргийн Засаг дарга томилно.

 

 АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

60 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

60.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

60.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

61 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

61.1.Энэ хуулийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс, мөн хуулийн 20.3, 20.4, 20.5, 46.6, 58.1 дэх хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

SHARE