Хүмүүс өдөрт дунджаар 33 удаа худлаа ярьдаг

 

(Ньютон модноос алим унахад санаа төрсөн гэж ярьсан НЭГ ХУДАЛ)
Суут эрдэмтэн Николай Коперник, Галило Галилей, Жордано Бруно нар дэлхийг нар тойрдог бус эсрэгээрээ нарыг дэлхий тойрон эргэдэг онолоо гаргахаас бүр урагш, ер нь гариг эрхэсийн талаар хүн төрөлхтөн “а”-гүй байсан үед Газрын дундат тэнгисийн эрэг дэх нэгэн хот улсын ард иргэд дэлхийг бөөрөнхий, хавтгай гэсэн эсрэг тэсрэг үзэл бодлоо санал асуулгаар шийдэж хавтгай болохыг баталгаажуулсан байдаг. Өнөөдрийн өндөрлөгөөс харвал хавтгай гэж санал өгсөн бүх хүн худалчид тооцогдоно. Тэр үедээ бол дэлхийг бөөрөнхий гэсэн хүмүүс нь худалчаараа дуудуулж байсан аж.
Ер нь зоос хоёр талтай гэдгийг бодолцож бүгдийг багцлаад сайтар тунгаах аваас энэхүү үйл явдлыг бичиж үлдээсэн түүхч өөрөө санаанаасаа зохиож худлаа залсан байж мэдэх юм. Ингэхэд зайлшгүй шаардлага гарлаа ч худлаа ярих нь зөв үү?
Бурхан Буддагийн номлогч лам нар “НЭГД, өөрийгөө болон бусдыг өмгөөлөхийн тулд, ХОЁРТ, айж балмагдсандаа, ГУРАВТ, бусдын толгойг эргүүлэхийн тулд гэсэн гурван үндэслэлээр худал хэлэх зайлшгүй нөхцөл тулгардаг. Үүнийг давж гарахыг хичээгтүн” хэмээн сургадаг. Бурханы шашны онолоор худал ярих нь арван хар нүглийн нэг, улмаар хэлээр үйлдэх дөрвөн нүглийн нэгдүгээрт дугаарлагддаг үйл. Тодорхойлолт нь “Мунхаг, шунал, уур хилэнт сэтгэлийн үүдлээс ямар нэгэн байдлаар бусдыг санаатайгаар толгойг нь эргүүлэн тэдэнд буруу ойлголт өгөх, мөн зөв бодол санааг нь элдэв үг тэргүүтнээр эргүүлэхийг хэлнэ. Худал үгийг ихэвчлэн амаар өгүүлэх боловч дуугүй байх, толгой дохин хүлээн авах, мөн биеэр болон дохио зангаагаар заах тэргүүтнээр хуурах нь худал ярихын нүгэлд багтана” гэсэн тайлбартай.
Дашрамд сонирхуулахад, дэлхийн томоохон улстөрчид яриандаа “ХУДАЛЧИЙН ПАРАДОКС” гэсэн нэр томьёог ихээр хэрэглэдэг. Энэ парадокс нь МЭӨ YI зууны үед амьдарч байсан Критийн (Газрын дундат тэнгисийн арал) номлогч Эпименидийн “Бүх критчүүд худалч” гэсэн үгтэй холбоотой гарсан. Хэрвээ өөрийнх нь хэлсэн үг бүх критчүүдэд хамаатай юм бол крит хүн Эпименид ч бас худалч. Өөрөөр хэлбэл бүх критчүүд худал гэдэг нь худал болно гэсэн утга агуулдаг.
Сэтгэл судлаачдынхаар бол хүмүүс нэг өдөрт дунджаар 33 удаа худал ярьдаг ажээ. Хэл бол харилцааны хэрэглүүр гэдгийг бид мэднэ. Тэдний онолоор худал ярих нь энэхүү хэрэглүүрийн доторхи, хүмүүсийн хоорондох харилцааг зохицуулах маш чухал хэрэгсэл юм байна. Худал ярихын ашиг тус, арван хар нүглийн тухай яриагаа түр азнаад Гиннесийн номд хамгийн худал ярианы жагсаалт байх аваас ямар ч саадгүйгээр эхний 10-т багтах тохиолдлыг уншигчдадаа хэлье.
И.Ньютон цэцэрлэгийн алимны мод унахыг хараад Таталцлын хуулиа нээсэн домгийг хүмүүс мэдэхийн дээдээр мэднэ. Чин үнэндээ бол суут эрдэмтэн барин тавин худлаа ярьж гаргасан домог. Таталцлын хуулиа нээснээс хойш 60 жил дуугүй байсан тэрбээр 1726 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Уильям Стьюклитэй (1687-1765 он, Английн археологч) өдрийн хоол идэхдээ, цэцэрлэгийн модноос алим унахыг хараад таталцлын тухай санааг бодож олсон гэж анх удаа ярьжээ. И.Ньютон таталцлын санааг өөртэй нь нэгэн цаг үед амьдарч байсан суут эрдэмтэн Р.Хүүкээс өмнө сэдсэн гэдгээ “батлах”-аар санаанаасаа зохиож ярьсан юм билээ. (И.Ньютоныг өөртөө атаархуулж алимны домгоо зохиож худал ярихад хүргэсэн “Английн Леонардо да Винчи” гэгддэг эрдэмтэн Р.Хүүкийн талаар доорхи тодруулгаас үзнэ үү) И.Ньютон 1672 онд Гэрэл болон солонгын өнгөний талаар анхны эрдэм шинжилгээнийн ажлаа бичиж Эзэн хааны нийгэмлэгт танилцуулсан, гэхдээ урьд нь Р.Хүүкийн дэвшүүлсэн санааг бүтээлдээ ашигласнаа дурдаагүй. Үүнээс улбаалан хоёр агуу эрдэмтэн толхилцож эхэлсэн бөгөөд Р.Хүүк түүний ажлыг нь шүүмжилж хоорондын зөрчлөө хаданд гаргасан. Гэсэн хэдий ч Р.Хүүк таарамжгүй байдлаа умартан И.Ньютонд Гравитацийн хүчний урвуу квадратын хуулийн талаар 1680 онд зөвлөгөө өгч байсан нь түүнийг шинжлэх ухаанд хэр үнэнч “боол” болохыг нь батлан харуулдаг. Р.Хүүкийн залуу цагийн аятайхан хөрөг зураг Эзэн хааны нийгэмлэгт хадгалагдаж байсан нь хожмоо алга болжээ. Түүнээс 24 жилийн дараа хорвоог орхисон И.Ньютон уг зургийг устгасан гэх яриа тухайн цаг дор гарсан байдаг. Гэхдээ энэ яриа ч бас худал байж мэднэ.

Тодруулга: Хүүк, Робэрт (Hooke, Robert) (1635.07.18-д Англи, Вайт арал, Фрэшвотэрт төрж, 1703.03.03-д Лондонд нас барсан) Английн физикч.
Уян харимхай чанарын хууль буюу Хүүкийн хуулиар (1660) хатуу биеийн суналтын хэмжээ үйлчлэгч хүчний хэмжээнд шууд пропорциональ хэмээн тунхагладаг. Мөн анхны гэрлийн ойлтын телескопыг хийж хэрэглэсэн. Бархасбадь өөрийн тэнхлэгийг тойрон эргэдгийг хэлж, Ангарагийн нарийвчилсан зургийг гаргасан нь хожим Ангарагийн эргэх хурдыг тодорхойлоход ашиглагджээ. Дифракцыг нээж, түүнийгээ долгионы онолоор тайлбарлахыг санал болгож байв. Бүх бодис халаахад тэлдэг тухай, агаар нь өөр хоорондоо харьцангуй хол орших салангид бөөмсөөс бүрддэг тухай анх хэлсэн. Далайн барометрийг бүтээж, уурын хөдөлгүүрийг урьдчилан хэлсэн ажээ.

Б.Ерэнтэй

SHARE