Монгол Улс амьд Үндсэн хуультай юу?

АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ       

 

Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтөд задлан шинжилгээ хийлээ.  Энэхүү нэмэлт өөрчлөлтийн төсөл нь төрийн байгуулал – УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, шүүх эрх мэдэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хөндсөн байна. Ингэхээр оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийг тус бүрд нь тодорхой авч үзэхийг зорив.

  1. УИХ-ын тухайд оруулах өөрчлөлтийн тухайд

       1.1 Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийг “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна” гэж өөрчлөн найруулахаар төсөлд заажээ. 2000 (1999) оны нэмэлтээр 50-иас доошгүй хэмээн 25 өдрөөр ээлжит чуулган чуулах өдрийг хорогдуулж байсан. Энэ нь угтаа УИХ-ын гишүүд өөрсдөдөө дэндүү их зав чөлөө олгож, Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн” баримтлах гэснээс ухарсан, байнгын ажиллагаатай парламентын учир утгыг алдагдуулсан нэмэлт болсон билээ. Үүнийгээ хүлээн зөвшөөрч, буцаад өмнөх байдалд нь оруулах гэж байна.

1.2 Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн зургаа дахь хэсгийг “УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батална” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгасан байна.

2000 (1999) оны нэмэлтээс өмнө Үндсэн хуулийн эл заалтын агуулга “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнхи олонхи (С.Н тодотгов.) нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн байв. Өөрөөр хэлбэл, хууль батлах, улс орны нэн чухал бусад асуудлыг УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн оролцоотойгоор шийдвэрлэж байх бодлогоос урган гарсан юм. УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонхи гэдэг бол наад зах нь 51 гишүүн хүрэлцэн ирснээр чуулган хүчинтэйд тооцогдож, чуулганд оролцсон нийт гишүүний олонхи буюу хамгийн багаар 39 гишүүний саналаар хууль баталдаг байсан. Гэтэл УИХ-ын гишүүд хуралдаандаа ирэхээ больж, түүний байнгын ажиллагаа тасалдахад хүрсний улмаас үүнийг УИХ-ын гишүүдийн олонхи буюу 39 гишүүн хүрэлцэн ирснээр чуулган хүчинтэйд тооцогдож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи буюу 19 гишүүний саналаар хууль баталдаг болсноос хойш 17 жил ард хэдийнээ хоцорчээ. Ингэж ирц болон шийдэл гаргах хувь хэмжээг үлэмжхэн багасгасан нь УИХ-ын гишүүд хахууль болон элдэв бусармаг, шударга бус явдалтай орооцолдож, эх орон, ард түмний язгуур эрх ашгийг хөсөрдүүлэх явдал газар авсан учраас оруулах гэж нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн олонхи буюу 39 гишүүн хүрэлцэн ирснээр чуулган хүчинтэйд тооцогдож байгааг хэвээр үлдээж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах юм байна. Чуулганд хэдэн гишүүн оролцсоноос хэд нь дийлэнхи олонх болохыг тааварлахад төвөгтэй байна.

1.3 “УИХ нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно” гэсэн нэмэлтийг Үндсэн хуульд оруулахаар төсөлд тусгасныг  Үндсэн хуулийг заавал хөндөхгүйгээр УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлэх эрх зүйн бүрэн боломжтой.

     1.4 УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох заалт Үндсэн хуульд оруулахаар тусгасан нь яахын аргагүй амьдралаас урган гарч байгаа юм. Дагаж мөрдөж буй Үндсэн хуульд заасны дагуу улсын төсвийг Засгийн газар боловсруулах учиртай. Гэтэл түүний өргөн барьсан улсын төсвийн төслийг  УИХ-ын гишүүд хувийн шунахай эрх ашиг ба сонгогдсон тойргийнхоо явцуу сонирхлын үүднээс танигдахын аргагүй болгон өөрчилж, хэний боловсруулсан төсөв болох нь ойлгомжгүй болдог. Энэ асуудлыг заавал Үндсэн хуулийг хөндөхгүйгээр УИХ-ын болон бусад хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болох л асуудал.

  1. Засгийн газрын тухайд оруулах өөрчлөлтийн тухайд
    • Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ шууд томилж, огцруулж байх өөрчлөлт оруулахаар Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийн төсөлд заажээ. Дагаж мөрдөж буй Үндсэн хуульд “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно” гэж заасан байгаа. УИХ энэ эрх мэдлээ дан ганц Ерөнхий сайдад шилжүүлэхээр болж байна. Тэгвэл онолын хувьд “хахууль”-ийн засгийн газар бүрдэх боломжтой бөгөөд түүнийг биечлэн бүрдүүлж болзошгүй Ерөнхий сайдын санаархалд тавих хориг саад байгаа эсэхийг УИХ-ын гишүүд туйлын нухацтай, хянуур бодолцох шаардлагатай.

2.2 Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг өөрөө шууд томилж, огцруулж байх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах гэж байгаа учраас Засгийн газрыг огцруулах нь Ерөнхий сайдыг огцруулна гэсэн үг болж байгаа учраас Ерөнхий сайдыг огцруулах нэмэлтийг Үндсэн хуульд оруулах болж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг л огцруулахгүй бол Засгийн газар яагаад ч огцрохгүй болно.

Дагаж мөрдөж буй Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн дөрөв дэх  хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг санаачлагчид Засгийн газрыг тогтвортой ажиллуулах талаас нь бодолцоод засгийн газрын гишүүдэд засаг төрийн төлөөлөгчдийн байгууллагын зүгээс тавих хяналтыг орхигдуулсан байж болох талтай. Нөгөө талаар засгийн газрынхаа зарим гишүүдийн хууль бус гэмт үйлдлээс болж, Ерөнхий  сайд хялбархан огцорч, засгийн газар улам бүр хэврэг болж болзошгүй юм.

2.3 2000 (1999) оны нэмэлтээс болж, нэг талаас хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдэл нэгэн гал тогоонд орж, бүр бантан болсон. Нөгөө талаар асар их хэмжээний хар мөнгөтэй хүмүүс түүнийгээ УИХ-ын гишүүний сонгуульд баруун зүүнгүй цацаж, сонгогчдын саналыг худалдан авах замаар гишүүн болж авсныхаа дараа ЗГ-ын гишүүний сэнтий рүү авирч эхэлсэн. Эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэх явдал ба шунал хоёр гал ус шиг нийцэшгүй зүйл болох нь амьдралаар батлагдсан. Үүнийг УИХ хүлээн зөвшөөрч, “Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэсэн нэмэлт оруулах болж байна. Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн бус хүнээр томилох зайлшгүй шаардлага буй болоход гишүүдийн зарим нь Үндсэн хуульд Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн байна гээд заачихсан хэмээн муйхарлан зүтгээд байвал яах вэ? гэсэн асуудал үүсэх л байх. Үүнийг төсөл боловсруулагчид болгоосон болов уу.

 2.4 Үндсэн чиг үүргийн яам буюу Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчны яамны нэрийг Үндсэн хуульд заавал тусган заах өөрчлөлт оруулах гэж байна. Эдгээр яамны аль нэг нь байхгүй бол Засгийн газар гэдэг учир утгаа алдана.  Тодруулж хэлбэл, Үндсэн хуульд заасан ч, заагаагүй ч энэ таван яам аль ч засгийн үед байх л болно. Харин нэгэн зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд хууль зүй, дотоод хэргийн яамыг заавал салгах шаардлагатай. Хууль зүйн яамны үндсэн чиг үүрэг бол хууль тогтоомжийн биелэлтийг сахин хангуулах, түүнийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг системчлэх, эрх зүйн боловсрол, сургалт, шинжлэх ухаан, олон улсын эрх зүйн хамтын ажиллагаа, хуульч мэргэжилтнийг давтан бэлтгэх зэрэгт чиглэгдэх ёстой. Харин дотоод яамны үндсэн чиг үүрэг нь нийгмийн дэг журмыг хангах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, цагдаагийн байгууллага, ялын гүйцэтгэлийг хангах зэрэг үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах маш олон талтай, нарийн төвөгтэй байдаг. Тусдаа байх ёстой энэ хоёр яамыг нэгтгэснээр хууль зүйн яамны үндсэн чиг үүрэг хөсөр хаягдсаар ирснийг Үндсэн хуульчилж болмооргүй байна.

  1. Ерөнхийлөгчийн тухайд оруулах өөрчлөлтийн тухайд
    • Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг яагаад хасах шаардлага үүсээд байна гэдэгт юуны өмнө дүгнэлт өгөх учиртай. Ялангуяа өмнөх Ерөнхийлөгчийн үед санаачлан батлуулсан нэлээд хуулиуд монголын эрх зүйн уламжлалт тогтолцоог бүхэлд нь “самарсан”-аас үүдэлтэй юм.  Тэгэхдээ тэдгээр хуулийн төслийг батлахгүй байх онцгой бүрэн эрх нь  гагцхүү УИХ-д хадгалагдаж байсан. УИХ ингэж гаргасан алдаагаа Үндсэн хууль руу чихэх учиргүй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасаж хэрхэвч болохгүй. УИХ жилд хоёр удаа их завсарлага хийдэг. УИХ-ын чуулганы чөлөө цагт хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц байдлыг Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно. Ийм нөхцөл байдалд УИХ-ын гишүүд цугларч, ирцээ бүрдүүлэн чуулганаа хуралдуулах хүртэл нэн даруй хэрэгцээтэй хуулийн төслийг Ерөнхийлөгч холбогдох мэргэжлийн хүмүүсээр яаралтай боловсруулж, цаг алгуурлалгүй санаачлан УИХ-д өргөн барих эрэлт гарвал яах вэ? асуудал амьдралд зайлшгүй үүснэ.
    • Одоогийн Үндсэн хуульд заасан “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх” гэсэн заалтыг хасахаар төсөлд тусгасныг дэмжих боломжгүй байна. Дагаж мөрдөж буй Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онц ба дайны байдал зарлах зэрэг онцгой бүрэн эрхийг олгосон. Эдгээрийг хэрэгжүүлэх явцдаа Ерөнхийлөгч яагаад Засгийн газарт чиглэл өгч болохгүй гэж. Хэрэв Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрх хэмжээг нь хасвал дагаж мөрдөж буй Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд заасан “Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн” гэж тодорхойлсонтой ноцтой харшилдаж, Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчих болно.
    • Дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Ерөнхийлөгч УИХ-ыг тараах талаар оруулж буй өөрчлөлт нь Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдийг томилох, огцруулах эрх олгож байгаатай уялдаж байна.
  2. Шүүх эрх мэдлийн тухайд оруулах өөрчлөлтийн тухайд

Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн тухай заасан хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөлд заасан  утга санаанаас үзэхэд шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж, харин Ерөнхийлөгч батламжилж байхаар тусгагджээ.  Өмнөх Ерөнхийлөгчийн үед шүүгчдийг томилох асуудалд хувийн компанийн захирал аятай хандлага гаргаж байсан нь ийм өөрчлөлтийг санал болгоход  хүргэсэн. Шүүгчдийг Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосноор томилохоор дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн үзэл баримтлал нь мэргэжлийн өндөр ур чадвартай, цэх шударга ажиллах шүүгчид Ерөнхийлөгчийн ивээл хамгаалалтад байх болно гэсэн санааг илэрхийлдэг. Тийм учраас дагаж мөрдөж буй Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэж заасан билээ. Ингэхлээр нэг талаас “томилох” гэснийг “батламжлах”  хэмээсэн нэр томъёогоор солиод зарчмын өөрчлөлт агарахгүй. Нөгөө талаас шүүгчдийг Ерөнхийлөгч батламжлах хугацааг 72 цагаар хязгаарлах нь ШЕЗ-өөс будлиантуулсан буюу хахуулийн журмаар санал болгосон нэр дэвшигчийг Ерөнхийлөгч батламжгүй байх боломжийг ингэж хязгаарлах шардлагагүй.

  1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаар өөрчлөлтийн тухайд

1992 оны Үндсэн хуульд хотын талаар заагаагүй гэж олон жилийн туршид яригдаж ирсэн. Энэ бол Эрдэнэт, Дарханы тухай юм. Үүнээс л болж Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд хот, хот нь хороонд хуваагдана гэсэн заалт яригдаж байна. Дагаж мөрдөж буй Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт бий. Энэхүү заалтад тулгуурлан Үндсэн хуулийг хөндөхгүйгээр аймгийн эрхтэй хот гээд зохицуулчих Үндсэн хуулийн эрх зүйн боломж бүрэн бий.

  1. Зарим нэг хэсэг бусаг нэмэлтийн тухайд

6.1 Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгохоор төсөлд тусгасан байна.   Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно гэсэн сүржин заалт Үндсэн хуульд оруулах төсөл бэлтгэгджээ. Үүгээр л асуудал нааштай шийдвэрлэгдэхгүй. Эхлээд улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлээс татгалзах асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой.   

  • Төрийн хяналтын байгууллага байгуулахаар төсөлд тусгагдсан байна. Дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд зааснаар хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулах асуудлыг Засгийн газарт хариуцуулсан. Гэтэл  үүнтэй зэрэгцүүлэн төсөлд зааснаар  “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах Улсын Их хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон Улсын Их Хурал үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ” гэжээ. Ийм байгууллага  нь улсын төсөвт асар их хэмжээний дарамт авчрах нь  лавтай. Үндсэн хуульд заавал гар хүрч байж, ийм байгууллага байгуулахын хэрэг ч байхгүй.

     Өмнө дурдсаныг нэгтгэн дүгнэж үзэхэд Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт нь улс орны цаашдын хөгжил, ард түмний сэтгэл тэнүүн амьдралд нааштай дэвшил авчрах магадлал тун хомс байна. Оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт үндсэндээ олон түмний дунд “дордохын долоо” нэршсэн 2000 (1999) онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт буруу байсныг хүлээн зөвшөөрч, түүнийг засамжлах, тэрчлэн олон нийтийг тайшруулахын тулд өнгө засах төдийхнөөр аргацаахад чиглэгджээ. Цаашдаа Үндсэн хуульдаа засвар нөхөөс оруулсаар л суугаад байх уу? Бидний үзэж байгаагаар ер нь 1992 оны Үндсэн хуулийн чадавхи шавхагдсан эсэхийг авч үзэх шаардлага буй болсон байна гэсэн дүгнэлтэд хүрэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE