Ерөнхийлөгчийн зөвлөх О.Амгаланбаатар: Т.Дашдэлэг генерал Лу.Болдын хэргийг үүрсэн шүү

 

Энэ явдал 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд болсон юм. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх асуудлыг хэлэлцэв.

Тэр үеэр УИХ-ын гишүүн Лу.Болд, нэр дэвшигч Б.Хурц нарын хооронд эвгүй яриа болсон юм. Лу.Болд “…ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ. Нэр дэвшигч өөрөө олон ноцтой мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар нэг тайлбар авсан уу, уучлал гуйсан зүйл бий юү. Б.Хурц бол тушаал биелүүлдэг, цэргийн хүн. Таныг даалгавар биелүүлснийг мэдэж байгаа. Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ? Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан. Тэр нь хэн юм бэ?” гэхэд Б.Хурц “…Лу.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” гэсэн юм.

Хэд хоногийн дараа УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж сайд Хойд Солонгосоос Лу.Болдын нэр дээр 300 мянган ам.долларын нэхэмжлэх ирээгүй байна. Хайгаад олсонгүй гэсэн юм. Бас дараахан нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын өрөөнд нэр бүхий дөрвөн гишүүн байх үед Б.Хурц, Лу.Болд хоёр уулзсан гэдэг. Ер нь бол бригадын генерал Т.Дашдэлэгийн асуудал Лу.Болдтой холбоотой гэж яригдаж л байдаг юм. Тухайлбал,  2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тутмын нэгэн сонинд “…Харин учир мэдэх хүмүүсийн мэдээлж буйгаар Т.Дашдэлэг мөрдөн байцаалтын явцад “…Эл хэргийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлсэн байдаг гэнэ. Харин түүний өгсөн мэдүүлгийг үндэслэн Лу.Болдыг хуулийнхан шалгасан уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй” гэж бичсэн нь бий. Мөн Б.Хурцын яриад байсан 300 мянган ам.доллартай адил тоотой мөнгөний талаар тэр сонинд бас бичиж байжээ. “…Баттай эх сурвалжийн ярьж буйгаар эрхэм сайдтан энэ хэрэгт нэлээд гүнзгий хамааралтай байх магадлалтай. Учир нь Монгол Улсаас байлдааны онгоцны моторыг худалдаж авах гэсэн солонгосчууд урьдчилгаа хэмээн 300 мянган ам.долларыг манайх руу шилжүүлсэн байдаг байна. Гэтэл 300 мянган ам.долларыг авсан хэрнээ онгоцны моторыг явуулаагүй удсан тул тус улсаас албан тоот ирснээр манай генералуудтай холбоотой хэргүүд сөхөгдөх болсон байна. Харин хэрэг сөхөгдөх болсон энэ үед Лу.Болдын мэдэлд байдаг “Бодь” группээс 300 мянган ам.долларыг Хойд Солонгос руу нууцаар шилжүүлсэн гэж байна” гээд биччихсэн байдаг. Бас энэ сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх О.Амгаланбаатар “…Манай Говь-Алтайн Т.Дашдэлэг генерал Лу.Болдын хэргийг үүрсэн шүү. Болд одоо ингэж дүр эсгэж шударга царайлах гэж яадаг байна даа. Жудагтай байж үз” хэмээн цахим хуудастаа бичсэн байна. Хэлье гэж л хэлсэн үг бололтой дог шүү.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE