Мөнх тэнгэрийн хүчинд их суу залийн игээнд

 
Польшийн алдарт монголч эрдэмтэн Станислав Калужинский (1925-2007) манай Монголын Нууц товчоо-г 1970 онд польш хэлнээ орчуулсан. Бидний хэдэн анд далаад оны дундуур “TAJNA HISTORIA MONGOLOW” энэ номноос монгол гэрэгэний зургийг анх удаа харсан юм. Тус гэрэгэ нь Алтан орд улсын хаан ширээнд 1367-1370 онд заларч байсан Абдулла хааных. Энэ зарлигт мөнгөн пайзын нэг талд: “Мөнх тэнгэрийн хүчинд их суу залийн игээнд”, пайзын нөгөө талд: “Абдуллагийн зарлиг. Хэн үл бишрэх хүн алдах үхэх” гэжээ. Игээнд гэдгийг ИВЭЭЛД, алдахыг АЛАГДАХ гэж ойлгож унших ёстой юм билээ. Эрт дээр цагт алагдах гэсэн үгийг алдах гэж бичдэг байжээ.

Гэрэгэ нь гэрчлэх тэмдэг гэсэн утгатай уугуул монгол үг. Хожмоо нэг хэсэг хугацаанд пайз гэсэн хятад үгээр солигдож аман болон бичгийн хэлэнд хэрэглэж байлаа. Одоо эргээд монгол утгаараа, монгол үгээрээ хэрэглэгдэж байна.
Сонирхуулахад, Алтан ордны Абдулла хаанаас 100 гаруй жилийн өмнө, Монголын эзэнт гүрний тав дахь хаан Хубилай цэцний үед ч (1260-1294 онд хаан) гэрэгэ нь шагнал сайшаал, эрх дархын чухал илэрхийлэл батламж байсныг Италийн алдарт жуулчин Марко Пологийн “Ертөнцийн элдэв сонин” номын 81 дүгээр бүлэгт бичсэнээс мэдэж болно. Үүнд:
-“Зуутын ноён мөнгөн гэрэгэтэй, мянгатын ноён алтан буюу алт мөнгө хосолсон гэрэгэтэй, харин түмтийн ноён арслангийн толгой бүхий алтан гэрэгэ хэрэглэнэ. Эдгээр гэрэгэний хүнд хөнгөний талаар хэдэн үг өгүүлсүгэй! Зуут, мянгатын ноёны гэрэгэ зуун хорин сайес (3,6 кг) жинтэй, харин арслангийн толгойт гэрэгэ нь хоёр зуун хорин сайес (6,6 кг) татах бөгөөд бүгдийн дээр ийн нэгэн зарлиг бичсэн ажгуу. Үүнд: “Мөнх тэнгэрийн ивгээлээр ертөнц дахинд их эзэн хааны нэр сүр мөнхжин аливаа гэмтэн тэрсүүд нар арилан сөнөтүгэй!” гээд мөн тэр гэрэгэ дээрээ тэр ноёны эзэмшил газартаа эрх тушаалаа хэрхэн эдлэх тухай бичсэн ажээ.
Бас нэмэн өгүүлэхэд: Бумтын ноён буюу их цэргийн жанжин хүн дөрвөн зуун сайес (12 кг) хүнд алтан гэрэгэ хэрэглэнэ. Тэрхүү гэрэгэний нүүрэн дээрх зарлигийг бичиж, түүний дээд доод талд нар cap болон арслангийн дүрс сийлсэн байдаг. Тийм гэрэгэ бүхий хүн их хэрэг шийтгэх эрх тушаал хүлээж онцгой эрх дарх эдлэхийн дээр хаа газар морилон явахдаа ямагт бяцхан жууз дотор мөнгөн сандал дээр залрах бөгөөд энэ нь тэр хүний эрхэмсэг их ноён болохыг илтгэнэ. Мөн их хаан зарим их ноёдыг элч мэдээчээр илгээхдээ шонхор шувууны дүрс бүхий пайз олгон, чингэснээрээ тэднийг өөртэйгөө адил эрх засаг бүхий болгон хааны агт морьдоос ч хэрэглэж болно хэмээжээ. Хааны агтнаас хэрэглэнэ гэдэг бол бусад бүх хүний унаа морьдыг эдэлж болно гэсэн үг” хэмээн тэмдэглэсэн байх юм.
Энд гарч буй сейес гэдэг үг нь Марко Пологийн төрсөн нутаг Италийн Венец хотын хүндийн нэгж. Нэг сейес нь ойролцоогоор 30 граммтай тэнцэнэ.

Б.Ерэнтэй

SHARE