Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийг үндэсний компани гэдгээр нь өргөж сугадаж явсаар байгаад өрсөлдөх чадваргүй болгосон

 

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хороон аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд хандаж “…Санхүүгийн зөрчил, дутагдал гаргасан ийм албан тушаалтнуудтай хариуцлага тооцох уу? Аудитын дүгнэлтээ тодорхой болчихсон, зориулалтын бусаар мөнгө зарсан, АСЕМ-ийн арга хэмжээнд мөнгө оруулчихсан, үргүй зардал гаргачихсан, сайдынхаа үгэнд ордоггүй данхайсан том ТУЗ-тай болсон. Ийм юмтай та хариуцлага тооцох уу?

Хоёр дахь нь, албан тушаалаа урвуулан ашигласан ийм албан тушаалтнуудтай хариуцлага тооцох уу? Жишээлбэл, одоо Ховдын онгоцны буудлын зэрэглэлийг өндөрсгөөд тэнд онгоц буух, том оврын онгоц буух зөвшөөрөл олгоод. Тэрнээс болж онгоц осолдох нөхцөл байдал үүсээд одоо улсад өч төчнөөн тэрбум төгрөгийн хохирол учруулчихсан явж байгаа нөхцөл байдал бий. Нисгэгчгүй, онгоцгүй компанид МИАТ-ийн чиглэлтэй давхцуулж тусгай зөвшөөрөл олгосон байх магадлалтай мэдээ, мэдээллүүд байна. Ийм зүйл та хариуцлага тооцох уу?

Гурав дахь нь, эрх нь зөрчигдсөн албан тушаалтнууд бий. Шүүхээр гэм бурууг нь тогтоогдсон ийм мэргэжилтнүүдийг буцааж ажилд нь авах уу? Энэ улс төрийн шалтгаанаар халагдсан хүмүүс бас байна.

Дөрөв дэх асуудал. Эдийн засгийн коридор, агаарын, төмөр замын, автозамын энэ чиглэл дээр ямар дорвитойхон ажлууд хийе гэж бодож байна вэ? Агаарын чиглэлээр жишээлбэл одоо Бугатын чиглэлд, Хянганы чиглэлд, Новосибирскийн чиглэлд шинэ шугамууд нээж өгөөчээ гэсэн хүсэлтүүд байдаг. Энийг судалж үзэх үү?

Төмөр замын хувьд одоо хоёр дахь төмөр замын асуудал байна. Төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах тухай асуудал байна. Мөн одоо түрүүн яригдсан Хангимандал-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр зам байна. Энэ чиглэлийн авто зам байна. Яагаад энэ зүйлийг ярьж байна вэ гэхээр зэрэг Хангимандалаас цаашаагаа 140-хөн километр яваад хамгийн том хэрэглэгч Бугат хот байж байгаа. Жилд 5 сая тонн коксжих нүүрс авдаг. 6 сая тонн төмрийн хүдэр авдаг. Манай гол түүхий эдийн нийлүүлэлт бол тэнд байгаа. Энэний дунд зөндөө зуучлалууд байдаг. Энийг шууд зуучилгүйгээр хийх юм бол эдийн засгийн эргэлт өсөх бололцоо боломж бий. Энэ дээр шууд Би-О-Ти буюу барих, ашиглах, шилжүүлэх гээд улсын төсөв дээр ачаалал тавихгүйгээр ашиглаад буцаагаад тушаах ийм нөхцөлтэйгөөр явуулбал энэ зам дээр ашиг гарна гэж, эдийн засгийн үр ашиг гарна гэж тооцож байгаа.

Ялангуяа авто тээврийн хувьд энэ Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үүд-Новосибирскийн чиглэлийн гарц гарсан. Энийг та цааш нь дэмжиж ажиллаарай. Монгол Улс бол хамгийн богино гарц. Ази-Европыг холбосон. Үүнтэй холбоотойгоор бас яг энэ Хангимандалын чиглэлээр гарахад бид нар Хятадын 3 том боомт дээр очиж байгаа юм. Ляобэйдиан[Liao Bei Dian], Суйжун[Suizhong], Тяньжин[Tianjin] гээд.

Тэгэхээр энэ чиглэлийн ажлуудыг нэлээн сайн судалж үзээд энэ дээр бас хамтран ажиллах бололцоо боломж юу байна гэдгийг та бас судалж үзээчээ гэж ингэж хүсэж байгаа.

Бас нэг асуудал бий. Тэр нь юу юм бэ гэхээр зэрэг Монгол Улсад одоо саяны “Орос-Монголын хамтын ажиллагаа” 2017 эдийн засгийн чуулга уулзалтаар онгоц худалдаж авдаг биш үйлдвэрлэдэг орон болох ийм бололцоо боломжийг Оросын талаас бас тавьсан. Жижиг оврын онгоцыг бас Монгол Улсад үйлдвэрлэх юм бол цаг хугацааны хувьд шалгагдсан. За Монгол орны энэ агаарын нөхцөлд тохирсон ийм хуучин яригдаж байгаа АН-2 онгоцыг шинэчилсэн загвараар Монгол Улс үйлдвэрлээд Азийн зах зээлд гаргах бололцоо боломж байна гэж байна. Энэ бодлогыг дэмжиж ажиллах уу? Ийм хэдэн асуулт асууя” гэхэд сайд Ж.Бат-Эрдэнэ “…Хариуцлагыг тооцно. Ер нь бол алдаа дутагдал гаргасан. Тэр тусмаа одоо зүгээр нэг хов жив биш яг албан ёсны дүгнэлттэй, байгууллагаас гаргасан дүгнэлт юм нь дээр үндэслэсэн ийм алдаа дутагдалтай бол эвлэрэхгүй. Энэ бол ойлгомжтой. Энэ дээр хатуу зогсоно. Урд нь бас Төрийн нарийн бичгийн даргын ажил хийж байсны хувьд, төрийн ажил бас хийж байсны хувьд энэ алдаа дутагдалтай эвлэрэхгүй.

МИАТ-ийн зөвшөөрөл давхацсан ийм зүйлүүдийг хийсэн гэсэн байна. Энэ бол магадгүй зүгээр алдаа гэж харахаасаа илүү одоо ямар бодлого вэ гэдэг талаас нь бол харах нь зүйтэй болов уу гэж би бодож байгаа юм.

Би урьд нь ч бас хэлж л байсан. Ер нь бол МИАТ-ийн одоо нэг ийм ноёрхлыг бол бас бид нар дэндүү одоо Монгол Улсын үндэсний компани гэдгээр нь өргөж ингэж сугадаж явсаар байгаад одоо өнөөдөр өрсөлдөх чадваргүй болгоод. Энэнээсээ болоод хэн хохирч байна вэ гэхээр ард түмэн л хохирч байгаа шүү дээ. Энэнээс болоод билетийн үнэ өсөж байгаа. Энэнээс болоод одоо тэр ая тухтай зорчих байдлууд нь одоо алга болж байгаа. Тийм болохоор аливаа ийм зүйл бол өрсөлдөх чадварыг бий болгох гэдэг дээр бол хатуу зах зээлийн нөхцөлд, дээрээс нь одоо төрийн зохицуулалтыг зайлшгүй хийх ёстой гэдэг талаас нь харах ёстой гэж бодож байгаа.

Эдийн засгийн коридорыг шинээр нээх асуудал дээр бол санал нэгтэй байж байгаа. Эдийн засгийн коридорыг нээнэ. Урд нь ч бид нар аль болох бололцоог нь өгч байсан. Ер нь бол хувийн хэвшлийг бол ажиллах бололцоогоор нь бүрэн хангана. Хааж боох асуудал бол байхгүй. Энэ дээр бол бас л манай МИАТ-ийнхан хүртэл надад бас гомдол гаргаж байсан. Хэтэрхий их задгай нээлттэйгээр та бас хандах гээд байна гэж. Ер нь бол тэгэхдээ энийгээ бол би бас бодлогыг зөв л гэж боддог. Өрсөлдөх чадварыг хамгийн гол нь харьцангуй нээлттэй гаргаж ирж байх ёстой гэж. Гэхдээ төрийн зохицуулалтыг бол бас давхар авч явах ёстой.

Төмөр замын нэвтрүүлэх чадвар дээр бол гоц анхаарах ёстой. Ер нь бол манай төмөр замын 60 хувь нь, гол төмөр замын 60 хувь нь бол одоо шинэчлэн засвар хийх шаардлага бий болчихоод байгаа. Энэ маань бол бас нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх гол асуудлын нэг нь болсон. Дээрээс нь мэдээж вагоны асуудал, зүтгүүрүүдийн асуудал, холбоо мэдээллийн асуудал гээд зөндөө зүйл байгаа. Гэхдээ өнөөдрийн бид нар бол эдийн засгийнхаа хүчин чадалтайгаа уялдуулж байж энэ нэвтрүүлэх чадварыг бас бодох ёстой. Юуны түрүүнд тэр цахилгаанжуулах ч байдаг юм уу, хос зам ч байдаг юм уу. Энэ рүү бас манайхан их яриад байдаг. Гэхдээ тэгэхээр эдийн засгийн чадавхитайгаа бид нар уялдуулж байж хамгийн түрүүнд одоо өнөөдрийн байгаа нөхцөл байдал дээрээ түшиглэсэн ийм засвар, ийм шинэчлэлүүдийг бол зайлшгүй хийх шаардлагатай гэж.

За Хангимандал-Зүүнбаянгийн замыг бас дахиж яригдаж байна. Энэ дээр бол эдийн засгийн тооцооллыг бол очоод нэлээн сайн харна гэж бодож байгаа. Би түрүүнд хэлсэн. Дахиад хэлье. Ер нь бол эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй зүйл рүү бид нар хамгийн түрүүнд орох ёстой гэж. Үнэхээр цаад талдаа байгаа эдийн засгийн хүсэлт, эдийн засгийн чадварыг сайжруулах, Монгол Улсын эдийн засагт нөлөө үзүүлэх ийм бололцоотой гэж үзэж байгаа бол энийг бол хамгийн түрүүнд бас төлөх асуудлыг ярина” гэсэн юм.

Эх сурвалж: aguulga.mn С.Санаа

SHARE