Ө.Энхтүвшин биш эд нар л “…Сайд болно” гэж дайрмаар юм

УИХ-д, ер нь цаашдаа улс төрд хөтлөлцөөд явчихаар гайгүй гурван улстөрч баг болоодохжээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан гурвыг хэлж байгаа юм. Одоогоос гурван сарын өмнө энэ гурван гишүүн “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байв.

Улмаар тэмцлээ эхлүүлж, магнайд нь гүйсээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж дөнгөсөн. Оронд нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад заллаа. УИХ-ын гишүүд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гэдэг шиг л У.Хүрэлсүхийн Засгийн газарт орохоор гүйлдэв. Онигоо шиг юм их л болж байна.

Харин энэ гурван гишүүн “…Засгийн газарт орох бодолгүй байгаа” гэдгээ мэдэгдэж, үгэндээ ч хүрлээ. Уг нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт хамгийн түрүүнд багтах ёстой сайд нар бол энэ гурав байсан юм.

Ж.Энхбаяр бол У.Хүрэлсүхийн итгэдэг хүн. Ойр ч байдаг дуулддаг. Ерөнхийдөө характерын хувьд ижил төстэй учир тэд маш сайн ойлголцдог гэдэг юм билээ. Ингэж ойртуулдаг шалтгаан нь хоёулаа цэргийн хүмүүс. Хэрвээ У.Хүрэлсүх өөрийнхөөрөө Засгийн газраа бүрдүүлсэн бол Шадар сайд нь баараггүй Ж.Энхбаяр байх байсан биз.

Л.Оюун-Эрдэнэ бол У.Хүрэлсүхийн хамгийн ойрын хүн. Бүр хуурай дүү нь гэсэн ч болно. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ өөрөө Засгийн газарт нь дурынхаа яамыг авч, эсвэл ЗГХЭГ-ын даргаар ажиллана гэсэн бол У.Хүрэлсүх хүссэнээр нь болгох байсан нь мэдээж. Л.Оюун-Эрдэнийн хувьд чадахгүй гэх асуудал гарахгүй. Магадгүй, У.Хүрэлсүхийн хамгийн сайн сонголтын нэг нь Л.Оюун-Эрдэнэ болох байсан юм.

Т.Аюурсайхан бас л У.Хүрэлсүхийн итгэдэг залуусын нэг. Бас чиг шугам нэг учир Т.Аюурсайханыг хүлээн зөвшөөрч, хүндэлдэг гэх юм билээ. У.Хүрэлсүх өмнө нь Шадар сайд байхдаа Т.Аюурсайханыг ШӨХТГ-ын даргаар томилж байсныг хүмүүс мэднэ. Т.Аюурсайхан сайд болсон бол ямар ч салбарыг аваад явчих залуу байгаа юм.

Ер нь бол энэ гурван гишүүн У.Хүрэлсүхэд ойр гэхээсээ 60 тэрбумынхны эсрэг босч, Ж.Эрдэнэбатыг огцруулж тэмцэл хийхэд тэргүүн эгнээнд нь “дайтсан” гэдгийг хүмүүс мэднэ. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар нэр дэвшсэн бол дэмжих хүн олон байсан нь дамжиггүй. Бас тэд сайд болсон бол У.Хүрэлсүхэд өөрт нь, Засгийн газарт нь л хэрэгтэй байсан юм. Гэвч тэд “…Сайд болно” гэж гүйсэнгүй.

Гэтэл өнөөдөр 60:40-ийн тохироогоор нэр дэвшээд сайд болоход бэлэн болсон хүмүүсийн нэрийг хараад шогшрох хүн олон байна. Хамгийн их шүүмжлэгдэж байгаа нь Шадар сайд болох гэж буй Ө.Энхтүвшин гишүүн юм. МАН-ын дарга байсан, тохь тух, зангараг харуулаад сууж байх учиртай ахмад хүн байтал өчигдөр “…Үгүй” гэчихээд, өнөөдөр “…Сайд болно” гэж гүйгээд л. Хамгийн гол нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилж байхад гадна нь эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлгээд зогсоож байсан Ө.Энхтүвшин гишүүн шүү дээ. Тэрээр зарчим их ярина. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болж байхад “…Тохиролцохгүй байна. Эв нэгдлээ бодохгүй байна. Зарчимгүй байна” гэж байв. Ер нь бол ард түмэн түүнийг шантааж хийсээр байгаад Шадар сайд боллоо л гэж байна.

Ийн МАН-д хачин сонин улс төр явж байна. Зүй нь Ө.Энхтүвшин гишүүн “…Залуус минь” гээд Д.Хаянхярваа гишүүн шиг үг хэлчихээд сууж байх ёстой юм. Харин Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар “…Сайд болно”  самарч баймаар санж. Гэтэл эсрэгээрээ болов. Шуудхан хэлчихье. Ийм улстөрчид хол явна.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE