Су.Батболд “Сандуйгийн хүн”-ий үгээр хотоо удирддаг уу?

С.САНАА

Нийслэлийн Засаг дарга гэдэг Ерөнхий сайдаас дутахааргүй том алба. Хүн амын талаас илүү нь амьдардаг Улаанбаатарыг удирддаг юм.

Гэтэл Су.Батболдыг сул дарга гэж нэр хоч өгөөд удаж байна. Үүнийг нотолсон юм шиг иргэдийн шүүмжлээд байгаагийн эсрэг шийдийг Су.Батболд дарга гаргаад байна гэнэ.

Баянзүрхийн асуудал гэхээр хүмүүс бараг залхаж байгаа байх. Газрын алба  нь асуудал шийдэхгүй байна гэдэг шүүмжлэл удаан яригдсан. Тэгвэл саяхан Хотын дарга Баянзүрх дүүргийн Газрын албыг ажиллуулаад эхэлжээ. Харамсалтай нь өмнө нь ажлаа хаяад явчихсан байсан Д.Бат-Ундрахыг буцаагаад тавьсан байна. Гэвч Д.Бат-Ундрах нь өрөөндөө орж чадахгүй сууж байна гэнэ. Учир нь түүнийг ажлаа орхиод явчихсан хойно шүүхийн шийдвэрийнхэн өрөөг нь лацдаад орхисон байна.

Ер нь ингэснээр Баянзүрх дүүрэгт болоод байгаа үл ойлголцол нэг талд гарахгүй нь бололтой. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт хэлэхдээ “…“…2016 оны арваннэгдүгээр сард Орон нутгийн сонгууль болсон. Үүний дараа Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар Д.Бат-Ундрах гэдэг хүнийг томилсон.Гэтэл энэ томилгоо нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.2.8-д “Дүүргийн Газрын албаны даргыг нийслэлийн Газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө’’ гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд халдаж хууль зөрчсөн томилгоог Нийслэлийн Газрын албаны дарга хийсэн гэсэн үг.

Хамгийн гол нь Э.Болорчулуун гэдэг даргын томилсон хүн дүүргийн Засаг дарга, тэр байтугай дүүргийн ИТХ-ыг үл ойшоож хамтран ажиллаагүй. Дүүргийн удирдлагыг үл тоолоо гэхэд иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, 2017 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулах ёстой байсан. Гэтэл иргэдийн төлөө нэг ч ажил хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд буюу 2016 оны арваннэгдүгээр сараас 2017 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд дүүргийн Засаг дарга захирамж гаргахгүй байгаа мэтээр олон зуун иргэнийг хохироосон. Гэтэл Газрын албанаас орж ирүүлсэн бүх захирамжийг дүүргийн Засаг дарга тухай бүрт нь баталгаажуулсан байдаг.

Хуулиараа дүүрэг ч, нийслэл ч тэр тухайн жилийнхээ төлөвлөгөөг батлуулдаг ёстой. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулахгүй байх нь тухайн алба ямар ажил хийх нь тодорхой бус байна гэсэн үг. Хичнээн хүнд газрыг нь өмчлүүлэх, хэдэн иргэнд газар эзэмшүүлэх, ямар зориулалтаар  ашиглуулах, худалдах гээд бүх асуудал нь тодорхой болох ёстой байдаг. Гэтэл энэ хүн зүгээр л цалин аваад, суудал бөглөөд суусан байгаа юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Баянзүрх дүүргийн Газрын албанд иргэдээс маш олон өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн. Үүнийг шийдвэрлэж чадаагүй учраас дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд өмнөх Газрын албаны даргыг чөлөөлж, дараагийн Газрын албаны даргыг томилсон. Шинэ дарга томилогдоод сарын хугацаанд ажиллахдаа хагас жилийн хугацаанд өрнөсөн бүх асуудлыг гаргаж ирсэн. Яг одоо Газрын албанд иргэдийн 300 орчим өргөдөл байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн болон иргэдийн 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Газрын маш их зөрчил, маргаантай байдаг. Гэтэл иргэний асуудлуудыг шийдвэрлэх гэж ажиллах ёстой байтал эсрэгээрээ нэг ч асуудал шийдвэрлэхгүй хагас жил болсон.

Би Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг авах гээд ингэж улайраад байгааг ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэж харж байгаа. Өмнө нь Нийслэлийн Газрын албаны даргаар Ц.Сандуйг ажиллаж байхад Э.Болорчулуун түүний удирдлага дор ажилладаг байсан. Э.Болорчулуун сүүлд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар мөн 2016 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Нийслэлийн сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Ингээд МАН-ын төлөө ажилласан учраас түүнийг Нийслэлийн Газрын албаны даргаар тавьсан. Тэгэхээр энэ Газрын алба гэдэг байгууллага том ашиг сонирхлын сүлжээнд орчихсон байгаа биз. Энэ хүмүүс хууль зөрчиж буй үйлдлээ мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан туршлагатай хүнийг авч ажиллуулах ёстой гэсэн хуулийн заалтаар хаацайлж байгаа юм.

Э.Болорчулуун дарга өөрөө 2012 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдож байсан хүн. Тэгэхээр томилгооны асуудлыг хамгийн сайн мэдэх хүн. Гэтэл ашиг сонирхлоосоо болоод хууль зөрчсөн үйлдэл хийгээд байна уу даа л гэж үзэж байна. Өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн хуулийг дээдэлж, хуулийн дор ажилладаг. Гэтэл Э.Болорчулуун гэдэг хүнд Газрын албаны тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хууль огт үйлчлэхгүй байна. Хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь энэ хүн өнөөдөр хууль зөрчсөнөө хуулиар хамгаалуулж байна. Энд нэг л юм үнэн. Дүүргийн Газрын албаны даргыг дүүргийн Засаг дарга томилно гээд заачихсан байгаа. Тэгэхээр бид хуулийнхаа дагуу л явах ёстой. Түүнээс биш дүүргийн Газрын албаны даргыг Нийслэлийн Газрын албаны дарга томилно гэж нэг ширхэг үг, өгүүлбэр ч алга. Энэ хууль зөрчиж байгаа асуудлаар бид хууль хяналтын байгууллагад хандсан.

Нэг жишээ хэлье. 2010 онд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Баянмонгол, Кристалл, Олимп хотхон орчмын хэсгийг шинээр байгуулсан. Тэнд уг нь Улсын хамгаалалтад байдаг Ундны усны хамгаалалтын бүс байсан. Гэтэл өндөр өртөгтэй бүхэл бүтэн шинэ хот тэнд бий болчихсон байна шүү дээ. Улсын хамгаалалтын бүс газарт иргэд өөрсдөө суурьшихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тухайн үеийн Газрын албаны дарга нартай холбоотой нь мэдээж.

Мөн Дүнжингаравын замыг Улиастайн гүүртэй холбосон шинэ замтай болсон. Энэ бол хувь хүн, ямар нэгэн компанийн хийсэн ажил огтоос биш. Татвар төлөгчдийн мөнгөөр, Улсын төсвөөр хийсэн дэд бүтэц, авто замын ажил шүү дээ. Гэтэл зам дагасан олон сая ам.долларын үнэ хүрэх газар олон жилийн өмнө хотын Засаг дарга байсан М.Энхболд, тухайн үеийн Газрын албаны дарга Ц.Сандуй тэргүүтэй хүмүүсийн эзэмшилд байдаг. Газрын албыг сүлжээ болгосон энэ хүмүүс хотын А зэрэглэлийн бүсийг сонгоод улсаас дэд бүтцийгнь хийлгүүлээд үнэтэй болохоор нь барилгын компаниудад зардаг. Тиймээс л Ц.Сандуй өөрийнхөө гар хөл болсон Э.Болорчулууныг, Э.Болорчулуун нь дотны хүн болох Д.Бат-Ундрахыг тавьж байгаа юм болов уу гэж хардаж байгаа юм” гэж байсан юм.

Үүнээс үзэхэд ажлаа өгөөд явсан Ц.Сандуй даргын нөлөө нийслэлд байсаар байна уу гэхээр байгаа юм. Учир нь Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын үүрэг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууны шийдсэнээр яваад байна гэдгийг тус дүүргийнхэн хэлж байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE