Хамгийн халуун сэдэв Хармагтайн орд байх болно

 

Хоёр дахь Оюутолгой гэгдэж буй Хармагтайн орд нь Улаанбаатараас 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг.

Оюутолгойгоос 120 км, Цагаан суваргын ордоос 170 км  зайтай оршдог. Өөрөөр хэлбэл, Хармагтай нь Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт, зэсийн бүсэд байдаг юм. Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг гэж байгаа.

ALS Group мэдээлэхдээ Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгойгоос дутахгүй орд Монголд нээгдлээ. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтайд порфирийн төрлийн ордыг нээснээ зарласан юм. Тогтоогдсон зэсийн нөөцийн хувьд Цагаансуваргаас сая орчим тонноор бага ч алтны ихээхэн нөөцтэй гэдгээрээ анхаарал татаж байгаа гэдэг.

Энэ ордын баялгийг дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэж болох юм гэжээ.

Мөн Монголын эрх баригчид энэ ордын талаарх мэдээллийг нууцалж байгаа нь хачирхалтай гэсэн байна.

Тэгвэл хэд хоногийн өмнө Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтайн ордод хийсэн хайгуулын ажлын дүнгээ шинэчлэн танилцуулав.

Өргөтгөсөн өрөмдлөгөөр 180 метрийн гүнд 0.95 хувийн зэсийн агууламж, нэг грамм хөрс тутамд 1.84 грамм алт илэрсэн байна. Мөн 30 метрийн гүнд 1.55-2 орчим хувийн зэсийн агууламж, тонн хөрс тутамд 3.45-4.14 грамм алтны илэрц олджээ.

“…Энэ үр дүнд сэтгэл хангалуун байна” гэдгээ “Занаду майнз”-ийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт мэдэгдээд байна. Одоогийн байдлаар тус компани гурван нүхэнд өрөмдлөг хийж байгаа аж.

Нөгөөтэйгүүр энэ компани Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулахаар хөшигний ард хэдийнээс ажиллаад эхэлсэн гэдэг мэдээлэл байгаа. Харин олон нийтэд энэ мэдээлэл хаалттай байгаа юм. “Занаду майнз” 51 , Засгийн газар 34 хувийг эзэмшинэ гэсэн тохироо хийгдсэн гэж байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол 15 хувь нь сох дутаж байгаа юм.

Юутай ч энэ гэрээний цаана их хэмжээний эрх ашиг, сонирхол нуугдаж байгаг эх сурвалжууд ахэлээд байгаа. Тиймээс Тогтвортой байдлын гэрээ байгуулах бэлтгэлээ нэгэнт хангасан Хармагтайн ордын асуудал ойрын үед улстөрийн хүрээнд тун халуун сэдэв нь болох бололтой.

Эх сурвалж: www.news1.mn Б.Баяр

SHARE