М.Энхболд, Ц.Сандуй нарыг ингээд явчихна гэж битгий андуур…

 

Б.БАЯР

Улстөрчид элдэв янзын юм үзүүлдэг нь халдвар шиг л тарж байна. НИТХ дээр нэг сонин нөхөр Ц.Сандуй руу оймс шиджээ. Зурагт их үздэг, бас жил гаруйн өмнө З.Энхболд руу оймс шидээд “од” болсон нөхрийг харсан шиг байгаа юм. Албаа өгөөд бууж байгаа Ц.Сандуйг өмөөрөх гээгүй ч, оймс шидсэн “сонин” нөхрийг сонин хэвлэлээр гаргаж, од болгомооргүй байгаа юм. Энэ бол буруу жишиг.Зүгээр л тэнэглэл. Тэртэй тэргүй Ц.Сандуй өөрөө нийгмийн уур амьсгалыг ойлгоод, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нийслэлд ялагдуулсан гээд ажлаа өгч байх шиг байна.

Сонгуулийн хариуцлагаа ингээд үүрч байгаа. Мөн 60 тэрбумын асуудлыг нь хүсвэл хуулийнхан хэзээ ч шалгаж болно. Юутай ч Ц.Сандуй нийслэлийн МАН-ыг хэдэн жил удирдаад, нийслэлд ялалт байгуулж олон суудалтай болсон. Ингээд Ц.Сандуй НИТХ-ын дарга болоод нэг жилийн дараа ажлаа өглөө. Ингэснээр М.Энхболд нийслэлтэй холбогдож, улмаар дунд нь Э.Бат-Үүл нар гарч ирснийг эс тооцвол 22 жилийн дараа Хот түүний хяналтаас гарч байх шиг байна.

Ц.Сандуйг М.Энхболдтой холбоотой гэдэг. Энэ үнэн. Ц.Сандуйгийн энэ үйлдлийг М.Энхболд ч  нам дээрээ үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, М.Энхболд намын даргаа өгнө гэчихсэн. Өгөх нь ч тодорхой. 2007 онд Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн хоёр том сэтрийг нэг дор мултлуулж байсан түүнд унаж боссон улстөрчийн хатуужил бас бий.

Гэхдээ та нар бод доо. Эхлээд М.Энхболд, дараа нь Ц.Сандуй тахимаа өгч байна. Нэг л их хүлцэнгүй, ном журам, ёс жудаг дагасан хүмүүс. Үнэн хэрэгтээ тэд ингэх улс огтоос биш гэдгийг гадаргүй мэддэг хүмүүс нь хэлээд байна. Энэ бол М.Энхболдын тактик. Хойшоо нэг ухраад урагшаа хоёр алхах мэх спортод ч, улс төрд ч байдаг зүйл. Юутай ч М.Энхболд, Ц.Сандуй нарыг ингээд явчихна гэж бүү андуур гээд хэлчихье.

Эх сурвалж: www.udriintoim.mn

SHARE