Дэлхий Нарнаас хамгийн хол байхад Монголд ЗУН, хамгийн ойр байхад ӨВӨЛ болдог

-Өнөөдөр өдөр шөнө тэнцдэг IХ.22-

 

Б.Ерэнтэй

Дунд сургуульд байхад газарзүйн багш бидэнд нэг удаа “мянгуужингийн үлгэр” шиг зүйл ярьж өглөө. Тэрбээр “Манай дэлхийн хамгийн хүйтэн цэг бол Антарктид тив. Цельсийн хасах 90 хэм хүрч хүйтрэх бөгөөд жилийн 365 хоногийн 340-д тувт цасаар шуурна. Ердөө 15 хоногт нь шуургагүй, цаг агаар тогтуун байна. Мөсний зузаан нь дунджаар 2,5 километр, зарим газраа 5,0 километр хүрнэ” гэж өгүүлж байна. Бид бүгдээрээ багшийнхаа яриаг шууд л үнэн гээд хүлээж авлаа. Ер нь багшийн яриа үргэлж бодитой байдаг хойно. Дараагийн хичээл дээр багш маань “Антарктид тивд зун өвөл гэсэн хоёр улирал ээлжилнэ. Зун нь арванхоёр, нэгдүгээр сард болох бөгөөд нар огт шингэдэггүй. Харин хоёрдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл өвлийн улирал бүтэн есөн сар үргэлжилнэ. Нар огт харагдахгүй. Манай энд жилийн турш 365 өдөр, 365 шөнө ээлжлэн тохиодог бол тэнд ганцхан шөнө, ганцхан өдөртэй. Зун хэмээх нартай өдрийн урт нь хоёр сар гаруй буюу 75 хоног, өвөл хэмээх наргүй шөнийн урт нь есөн сар гаруй буюу 290 хоногоор хэмжигдэнэ” гэж ярьж байна. Үүнийг сонсоод бидний нүд орой дээрээ гарлаа. Энэ яриа ёстой жинхэнээсээ “мянгуужингийн үлгэр” шиг бидэнд сонсогдож байгааг багш маань анзаарсан л даа. Гэвч яая гэх вэ, бодит үнэн нь энэ юм чинь. Ерөнхий боловсролын дунд сургуульдаа Коперник болсон газарзүйн багш маань түүнээс хойш ч сурагч биднийхээ нүдийг орой дээр гаргасан мөн ч олон цагийн хичээл заажээ. “Дэлхий 365 хоногт нарыг тойрон нэг эргэнэ. Гэхдээ дугуй биш харин өндөг шиг хагас зуйвин эллипс замаар тойрон явна. Огторгуйд аялах зууртаа 24 цагт нэг удаа өөрийн тэнхлэгээрээ эргэдэг. Тэрхүү тэнхлэг нь Нар-Дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.3 градусаар хазайсан байна. Дэлхийн тэнхлэгийн энэ хазайлт нь өвөл, зун гэсэн улирал бий болгох бөгөөд тодорхой давтамжтайгаар солигдох шалтгаан болно.

Манай оронд өвлөөс зун руу, зунаас өвөл рүү шилжих завсрын хоёр улирлыг нэмж хавар, намар гэж нэрлэдэг. Дэлхий эллипс замынхаа хамгийн хол үзүүрт өөрөөр хэлбэл Нарнаас хамгийн алс хол 152 сая км зайд явж байх үед манай Монголд ЗУН болж байдаг. Уг нь энгийнээр бодоход Нар Дэлхий хоёр хоорондоо хамгийн хол зайд байхад манай оронд өвөл болмоор санагдаж байгаа биз! Дулааны улирал тохиож байгаа шалтгаан нь Нар хэдийгээр хамгийн алсад байвч 23.3 градусын хазайлтын үр дүнд гэрэл туяа нь манай орны нутаг дэвсгэрт эгцээрээ тусч байгаа хэрэг. Эсрэгээрээ Дэлхий Наранд хамгийн ойрхон 150 сая км-ын зайд өөрийнхөө эллипс замын хажуу бөөрөөр аялж явахад нөгөө 23.3 градусын хазайлтаас үүдэн Нарны гэрэл туяа манай орны нутаг дэвсгэрт олигтой тусдаггүйгээс шалтгаалан ӨВӨЛ болдог. Хамгийн урт шөнө, урт өдөр тохиодог, түүнчлэн өдөр шөнө тэнцдэг нь Дэлхийн тэнхлэгийн энэхүү хазайлтаас үүдэлтэй. Манай орны хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр нь арванхоёрдугаар сарын 21-нийх. 22-ноос эхлээд өдөр уртасч өөрөөр хэлбэл Нар тусах цаг хугацаа хоног хоногоор тавиу болж эхэлнэ. Ингэж явсаар дараа оны гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцэнэ. Энэ өдөр казахууд “Науруз”-ын баяраа хийдэг.

Цаашаагаа өдөр улам уртасч, шөнө улам богиноссоор зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохионо. Энэ өдрөөс эхлэн эсрэгээрээ шөнө уртасч, өдөр богиноссоор есдүгээр сарын 22-нд өдөр шөнө тэнцэнэ. Цаашаагаа өдөр богиносч, шөнө уртассаар хамгийн богино өдөр, хамгийн урт шөнөтэй арванхоёрдугаар сарын 22-той золгоно. Маргаашаас нь бүтэн жилийн энэхүү орчил дахин давтагдахаар гараанаасаа хөдөлнө дөө” Эдгээр өгүүлбэрүүдийг, одоо болтол хадгалж байсан газарзүйн хичээлийн дэвтэр дээрээс шууд хуулж тавилаа. Буруу зөрүү, алдаа мадагтай зүйл байгаа бол уучлаарай. Гэхдээ тэр алдаа нь багшийнх бус, буруу тэмдэглэсэн минийх гэдгээ хүлээж байна. Бидний өвөг дээдэс зургадугаар сарын 22-ныг “нар буцах өдөр”, арванхоёрдугаар сарын 22-ыг “ес эхлэх өдөр” гэж нэрлэдэг нь од эрхэс, Нар Сарны явдал суудал хөдөлгөөний талаар шинжлэх ухааны бага ч болов суурь мэдлэгтэй байсны баталгаа.

Эх сурвалж: www.udriintoim.mn

SHARE