Чингисийн зургаан өрлөг

Төрийн ордоны өмнөх Мухулай, Боорчи нарын хөшөө Эзэн Чингис хааны өрлөгүүд нь өнөөгийн зарим хүний боддогчлон 9 бус ердөө 6 юм. Их хаанд онцгой гавьяа байгуулсан учраас тухайн цаг дор есөн удаагийн алдаандаа шийтгэл үл хүлээх эрхээр шагнуулж дархлагдсан ердөө зургаан хүнийг “өрлөг” гэдэг байжээ. Эдгээр нь Шихихутаг, Боорчи, Мухулай, Зэлмэ, Борохул, Сорхон шар нар. Эзэн Чингис хаан зарлиг буулгаж өрлөг болгосон баримтыг “Монголын нууц товчоо”-ноос (1957 он. Ц.Дамдинсүрэн) эшлэл болгон татъя.

Үүнд:

1. Шихихутагт хандаж “…Бас чиний хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё” гэж зарлиг болов.

2. Зэлмэд хандаж “…Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн осол гаргахад буруушаан яллахгүй” гэж зарлиг болов.

3. Борохулд хандаж “…Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэж явав. Борохулыг есөн осол гаргавч яллахгүй болгоё” гэж зарлиг болов.

4. Сорхон шард хандаж “…Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хүртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө түшилцэж явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгүй болгоё” гэж зарлиг болов.

5, 6. Боорчи, Мухулай хоёрт хандаж “… зөв явдлыг минь зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Одоо бүгдийн дээр суулгаж, есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй болгоё” гэж зарлиг болов.

Б.Ерэнтэй

SHARE