БОАЖГ-ын дарга нар үнэлгээ, аудитын эрх зүйн чиглэлээр номын дуу сонсож байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт үнэлгээ, аудитын эрх зүйн сургалтыг “Монгол улсад олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь” (СЕСМИМ) төслийн хүрээнд зохион байгуулж байна.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр сургалтыг хэлсэн үгэндээ “Монгол Улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр 20 гаруй хууль, 30 орчим Үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Тухайлбал, 2012 онд байгаль орчны эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд шинэ ойлголтуудыг тусгасан. Улмаар  байгаль орчинд нөлөөлөх байдлын эрх авсан 189, байгаль орчны аудитын 28 байгууллага үйл ажиллаа явуулж байна. Тэдний зүгээс 4800 орчим төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн тоо мэдээлэл бий. Өнгөрсөн хугацаанд байгаль орчны үнэлгээний шинэ төрлүүд болон аудитын ойлголтуудыг нутагшуулах талаар багагүй ажил хийсэн боловч зарим бэрхшээл бидний өмнө тулгарсаар байна. Тиймээс энэ чиглэлээр гадаадын орны туршлагаас суралцах зайлшгүй шаардлага байгаа юм. Өнгөрсөн жилээс Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй СЕСМИМ төсөл БОАЖЯ-тай хамтарч байгаль орчны аудитыг хөгжүүлэх чиглэлээр бодит дэмжлэг үзүүлж эхэлсэн. Өнөөдрийн сургалтыг хамтран зохион байгуулж буй тус төслийн хамт олонд талархлаа илэрхийлье” гэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд байгаль орчинд ямар сөрөг нөлөөлөл үзүүлэх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлыг байгаль орчны үнэлгээ, аудитоор тогтоодог. Тиймээс аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  дарга буюу Байгаль орчны ерөнхий шинжээчид энэ талын өндөр мэдлэгтэй байхыг шаарддаг байна. Сургалтын үеэр Байгаль орчны багц хуулийн хэрэгжилт, салбарын бодлого, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар аймгуудын  дарга нартай санал солилцож ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох юм. Түүнчлэн уул уурхайн олборлолтын явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрхэн төлөвлөн хэрэгжүүлэх асуудлыг дэлгэрэнгүй авч хэлэлцэж байна.

СЕСМИМ нь Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх зорилгоор Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамтай хамтран уул уурхай, байгаль орчныг хамарсан таван үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж буй төсөл юм.

Эх сурвалж: mne.mn

SHARE