МЭДЭГДЭЛ, УРИАЛГА

 

 2017.09.05                                                                                                            Улаанбаатар хот

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын нэр бүхий 30 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг 2017 оны 08 сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсныг МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо бүрэн ДЭМЖИЖ байна.

МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо нь 2012 оноос эхлэн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох зорилго тавьж, улс төрийн намаар дамжин хөрөнгөждөг, эдийн засгийн ашиг сонирхлоо хангадаг, гэмт үйлдлээ эрх мэдлээр далайлган нуун дарагдуулж, хуулийн байгууллагын хамгаалалтад ордог, улс төрийн нам дамнасан мафижсан бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэж, эдийн засгийн алуурчдыг зарлаж, “Шимэгчдийн” Засгийн газар Монгол Улсыг дампуурлын ирмэг рүү хөтөлж байгааг илчлэн, хариуцлага тооцох тэмцлийг санаачлан үр дүнд хүргэн ажиллаж ирэв.

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд өнөөдөр нийгэмд үүсээд буй бодит байдлаас нүүр буруулж, иргэдийн амьдрал ахуй, бухимдал, дургүйцлийг үл тоон, хууль зөрчсөн үйлдэл, алдаа дутагдлаа зөвтгөн, бусдад тохохоор санаархаж, нам дамнасан улс төр, бизнес бүлэглэлийнхээ эрх ашгийг улайран хамгаалсаар байгааг МАН-ын Шинэчлэл, Хөгжлийн хороо эрс эсэргүүцэж, тууштай тэмцэхээ МЭДЭГДЭЖ байна.

 

Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛС,

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ БАЙНА.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд эрх орон, ард иргэдийнхээ эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлэн өрсөлдсөний үр дүнд УИХ-д үнэмлэхүй олонх буюу 65 суудал авч, Засгийн газраа бүрдүүлсэн. Гэвч Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойшхи 1 жил 2 сар гаруйн хугацаанд тэтгэврийн насыг нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөж, оюутны болон хүүхдийн мөнгийг зогсоож, 7 төрлийн татвар нэмсэн зэрэг ард иргэдийнхээ итгэлээр тоглосон, хууран мэхэлсэн, намынхаа мөрийн хөтөлбөрөөс буцсан увайгүй үйлдэл олныг гаргалаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хуулийг ноцтой зөрчиж, ХНХ-ын сайд Н.Номтойбаярын “МАК” компанитай 78.752.800.000 төгрөг, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын “Алтай Трест” компанитай 77.695.100.000 төгрөг, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий “Засагт Чандмань Майнз” компанитай 162.869.200.000 төгрөгийн үнийн дүн бүхий концессийн гэрээний эрх олгосон нь ил болов.

Төрийн албыг зөвхөн нийслэлийн хэмжээнд 60 тэрбум төгрөгөөр үнэлж, борлуулах замаар ашиг олохоор завдсан санаархал нь Монгол төрийн нэр хүндийг нь гутаан доромжилж, үнэт зүйлсийг нь устгахад чиглэгдсэн үйлдэл бөгөөд МАН-ын нэр хүндийг унагаж, шавартай хутгалаа.

Ж.Эрдэнбатын удирдсан Засгийн газар Олон улсын гэрээний тухай хуулийг шинэчлэн найруулах замаар “Засгийн газрын байгуулсан олон улсын гэрээг УИХ соёрхон батлах, цуцлах эрхгүй” болгож, Эрдэнэс Таван толгой компанийн 49%-ийг 400 сая ам.доллараар худалдан борлуулж, гаднынханд бүрэн ашиглуулахаар гэрээ хэлцэл байгуулахыг завдлаа.

Ж.Эрдэнэбат нь 2015 онд Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамтран Дубайн гэрээ гэх үндэстэн дамнасан хуйвалдаанд оролцож, Монголын эзэмшлийн 34 хувиар бодоход 714 сая ам.доллар, гэрээний нийт хугацаа, үнийн дүнгээр бодоход 1.3 тэрбум ам.долларын өрөнд Монгол Улсыг оруулж, ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэн, говийн цэвэр усны хомс нөөцийн асуудлыг шийдвэрлэх шүүхийн маргаанд Оюутолгойн гадны хөрөнгө оруулагч талыг дэмжин, идэвхийлэн ажилласаар байна.

Оюутолгойн мөнгийг, цаашлаад уул уурхайн томоохон ордуудын мөнгөн урсгалыг Монголын банкаар дамжуулдаг болгох талаар гаргасан УИХ-ын шийдвэрийг ОУВС-ийн шахалтаар гэх нэрийн дор Ж.Эрдэнэбат цуцлуулж, улс эх орныхоо эдийн засаг, хөгжлийн эсрэг гадныхны гар хөл боллоо.

Ж.Эрдэнэбат Хамтарсан Засгийн газрын үед Засгийн газрын өрийн таазыг ДНБ-ий 58,3 хувь болгон нэмэгдүүлэх ажлыг хариуцан зохион байгуулсан ба Засгийн газрын өрийн таазыг дахин нэмэгдүүлэхгүй бодлого баримтална хэмээн Ерөнхий сайдаар томилогдсон ч “Засгийн газрын өрийн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй” байх хуулийн заалтын үйлчлэлийг 2021 он хүртэл хойшлуулж, 2017 онд 85%, 2018 онд 80 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл нэмэгдүүлж, Монгол Улсыг дааж давшгүй өрөнд улам живүүлэх суурийг тавилаа.

Ж.Эрдэнэбат уул уурхайн арвин их баялгаа зохистой ашиглаж, улс эх орноо эзний ёсоор удирдахын оронд ОУВС-д эдийн засгийнхаа удирдлагыг найр тавин өгч, ард түмнийхээ нуруун дээр ачааны хүндийг үүрүүлэхийг илүүд үзлээ.

МОНГОЛ АРДЫН НАМЫГ МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮД УДИРДАХГҮЙ БАЙНА.

Монгол төрийг Монгол Ардын Нам бус Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж удирдан чиглүүлж, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нараар гүйцэтгүүлж, улс төрийн нам дамнасан бүлэглэлийг дэмжиж, төрийг мафижсан хэлбэрт орууллаа.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн мэргэжлийн баримжааг бус улс төрийн тохиролцоо, мөнгөн үнэлэмжийг урьтал болгож, нам дамнасан, үгсэн хуйвалдсан томилгоонуудыг явуулсан нь М.Энхсайхан, Л.Пүрэвсүрэн тэргүүтэй нам дамнасан этгээдүүдийг Элчин сайдаар томилсон болон бусад яам, агентлаг, төрийн байгууллагууд, улсын үйлдвэрийн газруудад нэр бүхий удирдах албан тушаалтнуудын томилгоо нотолж байна.

Монголын ард түмний өмч болох Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль зөрчин хувьдаа завшсан этгээдүүдтэй үгсэн хуйвалдсан, Хөгжлийн банк, Монголбанкны удирдлагаар ажиллаж байхдаа улсын мөнгийг шамшигдуулсан бүлэг хүмүүст хариуцлага тооцоогүй, Чингис бонд, Дим Сам бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн хөрөнгийг хувьдаа завшиж, мөнгө угаасан гэмт этгээдүүдийг хариуцлагаас бултуулж, нам дамжсан бүлэглэлийн гишүүдээ хаацайлан хамгаалсаар байна.

Хууль, цагдаа, хүчний байгууллагыг нохойд барьдаг мод мэт ашиглаж, дуртай үедээ, хэнд ч, хэзээ ч, ямар ч хэргийг зохиомлоор үүсгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авч, хувийн болон нам дамнасан мафийн бүлэглэлээ хамгаалах, авлига, албан тушаалаа хадгалан үлдэх, намынхаа шударга гишүүдийг хэлмэгдүүлж, зоригийг нь мохоох, нухчин дарах хэрэгсэл болгосоор байгааг намын гишүүд дэмжигчид, ард иргэд хүчтэй ЭСЭРГҮҮЦЭЖ байна.

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь хууль зөрчсөн, Монголын ард түмнийг хууран мэхэлсэн, нам дамнасан мафижсан бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалсан, гадны этгээдэд үйлчилсэн увайгүй үйлдлүүдийнхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйн өөрийн хүсэлтээр огцрохыг ШААРДАЖ байна.

Дээрх шударга бусын үүр уурхай болсон бүлэглэлийн талд зогсолгүй, эх орон, ард түмэн, ирээдүй хойч үеийнхээ эрх ашгийн талд зогсохыг Монгол Ардын Намын дарга М.Энхболдод болон Ж.Эрдэнэбат нарыг огцруулах саналыг дэмжихгүй байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүддээ УРИАЛЖ байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнбатыг огцруулах нь Монгол Ардын Нам цаашлаад Монгол Улсын эрх ашигт нийцэх учир тус саналыг дэмжиж, гарын үсэг зурсан УИХ-ын нэр бүхий 31 гишүүнийг өөрийн баримталж буй зарчим, шударга ёс, эх орон, ард түмнийхээ эрх ашгийн талд тууштай зогсож аливаа шахалт, дарамт, гүжир гүтгэлэгт авталгүй, нэгдсэн зорилгынхоо төлөө тууштай зүтгэнэ гэдэгт намын жирийн гишүүд, дэмжигчид, ард түмэн ИТГЭЖ байна.

Бидний зүтгэл Монгол төр хуулиа сахидаг, иргэдээ хүндэлдэг, баялгаа тэгш хуваарилдаг, нээлттэй, цэвэр тунгалаг, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, аливаа бүлэглэлээс ангид, хараат бус “ШУДАРГА ТӨР”-ийг цогцлоохын төлөөх тэмцлийн эхлэл бөгөөд эрх мэдэл, албан тушаал, хууль хүчний байгууллагын дарамт шахалт, их хэмжээний бохир мөнгөний эсрэг тэмцэж буй тэмцэлд нэгдэж, хамтран ажиллахыг Монголын ард түмэнд, МАН-ын нийт гишүүдэд УРИАЛЖ байна.

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ШИНЭЧЛЭЛ,

ХӨГЖЛИЙН ХОРОО

SHARE