Прокурор: М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг хаасан

Прокурорын байгууллагаас өнөөдөр /2017.09.4./ анхаарал татсан томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж “60 тэрбум” төгрөг босгосон гэх хэргийн талаар “…Энэ асуудал 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө олон нийтийн дунд сошиал орчинд аудио бичлэг тарж эхэлсэн. Үүний дагуу хуулийн байгууллагаас холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэн тухайн асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнээд 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2017 оны 5 сараас тухайн асуудал дахин яригдаж эхэлсэн бөгөөд аудио бичлэгийн хэмжээ ихэсч 40 минутын, 90 минутын, 162 минутын бичлэгүүд шинээр гарч ирсэн. Үүнтэй холбогдуулж Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх шинээр ирүүлсэн бичлэгүүдийг шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албаны удирдах албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтэн, хэлтэс, газар, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэхчлэн 3000 гаруй алба хаагч нарын судалгааг гаргасан. Үүнээс 2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш төрийн албанд ахлахаас дээш албан тушаалд томилогдсон, дэвшин томилогдсон нийт 1446 албан хаагчийн төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан. Түүнчлэн Монгол Ардын намаас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох санхүүгийн баримт, материал, нэр бүхий хүмүүсийн дансны хөдөлгөөн, Монгол Ардын намд 2016 оны сонгуулиар авсан хандив, тусламж өгсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийг шалгасан. Мөн Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар шалгахад сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан, нам эвсэл, улс төрийн хүчний зүгээс хөндлөнгөөс нөлөөлсөн, санал тоолох машин /хар машин/-ыг хакердсан, сонгуулийн үр дүнг зориудаар өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл сонгуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн будлиан зөрчил үүсээгүй, хууль, журмын дагуу хэвийн явагдсан болох нь тогтоогдсон. Дээрх шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн” гэв.

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE