Р.Эмүжин ингэж бичжээ: Яасан ханадаггүй шунал тачаал вэ, Бямбацогт оо?

Монголын төр ямар аймшигтай жудаггүй хүмүүсийн гарт байгааг ойрын өдрүүдэд хангалттай харж байна. Бас хэдэн зоосны үнэтэйг ч үзэв. Ураг садны Засгийн газар гэгдээд байгаа Эрдэнэбатын нэрээр Энхболдын удирддаг танхимд суудалтай сайдууд юу ч хийхээс буцахгүй улайрч буйг бүх сонин ТВ, зарим хямдхан нүүр хуудсуудаас хором тутамд харж болно. Энэ Засгийн газар гараанаас гарахдаа л хазгай гишгэсэн. АН-ын эхлүүлсэн хэд хэдэн боломжийн санаачлагыг шууд үгүйсгэн байхгүй болгож, нэрэлхсэндээ заримынх нь нэрийг сольж заваарсан. Зам зуур хэд хэдэн шийдвэрээсээ ухарч, эрх хүүхэд шиг элдвээр туйлсан. Харин одоо Монголын төрийг хар захын лангуу шиг наймаалцаж байна. Засгийн газрыг огцруулах санал гаргасан 30 гишүүнээ ганц ганцаар нь намнаж, урвагч, тагнуул, хорчин зэрэг хоч нэр өгч, гутаан доромжлох санаа Мөнхбат, Номтойбаяр, Оюунхорол нараас анхлан гарсан гэх юм билээ. Ингэснээрээ МАН-ынхан яахаас ч буцахгүй гэдэг имижийг бий болгоод амжив. Арай л нэгнийгээ орцонд отон буу тулгаж, амьдаар нь хулгайлан амбаарт хорьсонгүй. Гэхдээ тэгснээс өөрцгүй үйлдлүүдийг ар араас нь угсруулан хийв. Уг нь гишүүн М.Оюунчимэг амьд арзайгаад мэнд мэлтийгээд явж харагдах юм. Гэтэл түүний өмнөөс ” Хүрэлсүх дарамталж байгаад гарын үсэг зуруулсан” гэж ичгүүргүй зохион цацлаа. Оройтож мэдсэн Оюунчимэг “Хүрэлсүх хүн дарамталж гарын үсэг зуруулдаг жижиг улстөрч биш” хэмээн гэгээн дүрээрээ мэдэгдлээ. Арай л увайгүй гүтгэлэг гэж үүнийг хэлэх байх. Эсвэл компьютер тоглоомонд донтож, Со кинонд ууссан нөхдүүд энэ засагт байдаг болсон юм уу? Эдүгээ Засгийн газрыг огцруулахын төлөө гарын үсгээ ямар нэгэн байдлаар зурж амжаагүй 35 гишүүн бүхий л хувийн асуудлуудаа Эрдэнэбатын сайд нараар шийдүүлэн наймаалцсан өдрүүд өнгөрч байна. Наймаачдын ханш улам бүр чангарч, ард түмний ханш унав. Арга ч үгүй биз. Хууль зүйн сайд С.Бямбацогтын хувьд сайдын сэнтий нь 77 тэрбум 695 сая 100 мянган төгрөгийн үнэ хүрчихээд байгаа. Ховдоос улс төрч болох гэж учраа олохгүй залуу ирээд, хэвлэлийнхнийг царайчлан гүйж явснаас нь хойших, УИХ-д сууж байхдаа өөрийн хувийн компанид ашигтай байдлаар зохицуулсан олон олон ашиг хонжоог нь нэмбэл бүүр ч өндөр дүн гарна. Бямбацогтын “Алтай трест” компани Чойрын дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажилд өөр хоёр компанитай өрсөлдөн гуравт жагссан. Гэвч эрхэм сайдын шунал хүслийн ачаар урагш сугарч, 2017 оны 3 дугаар сард нийт 77 тэрбум 695 сая 100 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий уг ажлыг авч гэрээ байгуулсан гэж байгаа. Хамгийн сонин нь уг гэрээний төсөвт өртөг анх 22 сая 330 мянга 637 ам.доллар байсан бол барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөхийн зардал гэх тодотголтой 597 мянга 182 ам.доллар огцом нэмэгдэж, зээлийн хүү болох 8 сая 880 мянган ногооныг нэмснээр төгрөгийн ханшаар бол нийт 77 тэрбум 695 сая 100 мянган төгрөг болчихоод байгаа юм. Ийм өндөр дүнтэй сайдын сэнтий дээр заларсан хүнд орон сууцны зээлэндээ баригдсан хэвлэлийнхнийг худалдан авах, цаашлаад нам нэгтнүүдээ арилжин авах юу ч биш байлгүй. Одоо ханаж цадах болоогүй юм уу, Бямбацогт оо. Зарим нэгэн хууль хэлэлцэх үед зөв зоригтой дуугарсны чинь төлөө дэмжсэн үг ч бичиж явлаа. Харин ийм тохиолдолд бол Та хэтэрхий ичгүүргүй харагдаж байгааг чинь шууд хэлчихье. Аваад үхэх биш, үүрээд талийхгүйгээс хойш шунал тачаалаа хазаарлаж суръя тэгэх үүү? Ядаж наад Хүрэлсүх, Ж.Энхбаяр нараасаа суралц л даа. Эсвэл тэжээж хүч хүрэхгүй 1000 эхнэр, 1000 хатуу хадамтай болчихоо юу. Тийм байсан ч Монголын төрийг хувийн бизнесээрээ хэмжихгүй байж болох уу?

Эх сурвалж: www.news1.mn

SHARE