Усейн Болт сүүлчийн гүйлтдээ бэртэн барианд орж чадалгүй зодог тайллаа

 

Хүн-цахилгаан хэмээн алдаршсан Ямайкийн домогт тамирчин, олимпийн найм, дэлхийн 11 удаагийн аварга, 100 болон 200 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн Усейн Болт Лондон хотноо болж буй хөнгөн атлетикийн тэмцээнд оролцоод зодог тайлна гэж мэдэгдсэн билээ. Дэлхийн хамгийн хурдан хүн тэрээр энэ сарын 5-нд 100 метрийн шигшээ гүйлтэд АНУ-ын Ж.Гатлин, Канадын К.Коулмен нарыг урдаа оруулан “ердөө” хүрэл медаль дээр бууж дуулианы эзэн болсон юм.

Иймд алтан медальтай зодог тайлах сүүлчийн боломж нь 4х100 метрийн буухиа гүйлт байлаа. Ямайкийн багийн бүрэлдэхүүнд барианы дөрөв дэх гүйгч байсан тэрээр савааг аваад хурдаа авч эхэлсэн. Гэвч барианаас хэдхэн метрийн өмнө гэнэт доголсоор унасан билээ. Тэрээр гуяндаа бэртэл авсан тухай урьдчилсан мэдээлэл байна.  Ийнхүү цаг үеийг эзэлсэн манлай тамирчин харамсалтайгаар зодог тайллаа.

Тус зайд Их Британи АНУ-ын урд орон аваргалж, анх удаа Азийн төлөөлөл Японы баг хүрэл медаль хүртсэн нь мөн л шуугиан тарьсан юм.

Эх сурвалж: aguulga.mn Б.Сансар

SHARE