Хутагтын нутаг хул хонгор салхитай

Наадмын маргааш өглөө эртлэн говь руу, дорнын говь руу довтолгож гарлаа. Нийслэл ард, гудамж талбайгаараа хашгичин урсах дуу чимээ, хөл хөдөлгөөнтэйгээ улам улам холдон хоцорч байв.

Нар алтарсан… нараа дагаад газар шороо нь алтарсан… газар шороогоо дагаад хүн зон, мал сүрэг нь алтарсан… их говь баранзад хадаг шиг цэнхэр униар дундаа дуралзан алслах юм.

Улирлын сайхан, говийн сайхан, дорнын сайхныг галт тэрэгний цонхоор хараа бараачлан, үлэмж тансаг агаарыг цээжний энгээр залгилж явах нэн тааламжтай.

Дорно зүгт олон олон гайхамшиг буй. Түүний нэгэн болох Хамрын хийд хийгээд Шамбалын орны цагаан суваргат гэгээн тунгалаг цэцэрлэгийг зорин довтолгож яваа минь энэ.

…Шамбалын орон хэмээх зуун найман цагаан суварга эгнүүлэн тойруулсан хэсэгхэн дэвсэг газар хүнээр чигжүү. Хаашаа л харна сүрэглэн сүсэглэн яваа өргөл мөргөл болсон улс. Алсуураа, зүүн урдуураа цувраа хайлаастай, армаг тармаг барагшин хадтай оройд зос түрхсэн мэт улаарах намхаан толгодын магнайн энэхэн зайд хөл тавьсан хүмүүний бие болоод сэтгэлийн буртаг, гутиг арилж, ариусдаг байна. Тийм болоод ч тэр үүэнд сархад дарс цээргүй ажээ. Хүн болгон л хундагалан Хүслийн уулын зүг сэржимдэн өргөж харагдана.

Энд суваргуудыг босгосны дараахан ийм нэгэн явдал болсон гэнэ. Олны салхинаас сонслоо. Суваргыг гороолон тойрч явсан хэсэг хүнээс нэг нь гэв гэнэт ор сураггүй, хэл чимээгүй алга болчихож. Хамт явсан нөхөд нь түүнийг хавьд хайгаад эрээд олсонгүй гэнэ. Бүүр хоёр, гурав хоног хайж. Тэгэхнээ нь Шамбалын орноос бүүр хол Зүүнбаянгийн тэнд айлд байгаа сураг гарчээ. Бусад нь ч давхиад очиж. Мөнөөх залуу мөн байж. Хатаж цангасан амьтан гэрийнх нь ойролцоо хэвтэж байхыг олсон тухайгаа айлынхан хэлсэн байна.

Учрыг лавлавал тэрбээр суваргыг тойрч явахдаа мэлхий байхаар нь санаандгүй гишгэчихсэн юмсанж. Гэтэл газар цөмрөөд… цааш юу болсныг санахгүй байгаагаа хэлжээ.

Хутагт эгэл биш газрыг сонгож хийдээ барьсан нь энэхэн жишээнээс харагдах бөлгөө. Шамбалын орноос зүүхэнтээ Бясалгалын агуй байх. Равжаа хутагтын сууж бясалгал хийдэг асан бяцхан агуй байна. Арц хүжийн утаа цагираглан суунагласан анхилам үнэртэй юм. Үүнтэй адил хийгээд том, жижиг зуун найман агуй энэ хавьд бий гэнэм.

Богд Жавзандамбаас эхлээд олон олон хутагт хувилгаад энд агуй болгонд зуун найман хоног сууж нямба барьж, оюуныхаа бяр хүчийг сэлбэдэг байсан тухай уншсанаа санав.

Бясалгалын агуй болон Шамбалын орноос урагш тэнгэрийн заадас шиг цуварсан цагаан суваргууд чиг зүгчлэн Хамрын хийд орох бөлгөө. Ариусал, гэгээрэл, бие, сэтгэлийн гэм хорыг хулжаасан дагшин орчин. Мандал өргөж байхтай таарсандаа манайхан ихэд бэлгэшээж, итгэл, сэтгэлийн сүүг харамгүй өргөцгөөж байв.

Хийдээс холгүй нэгэн сэргэлэн ухаа толгойн ар дагзан дээр жижигхээн байшин байх юм. Энэ бол Хутагтын рашаан. Равжаа хутагт нэгэнтээ “Энд худаг гарга” хэмээн сархад зооглож төрхгүйтсэн хоёр шавиараа зуны халуун өдөр газар ухуулж. “Толгодын оройгоос ус гарна гэж юу байхав. Багш биднийг дэндүү хатуу гэсгээж байна” хэмээн мөнөөх хоёр нь баахан гомдонгуй ч арга нь үгүйд гараа хөдөлгөхгүй гээд яахав. Гэтэл үнэхээр ус гарч. Ээрэм говийн аараг манхан дунд ийм нэгэн ид шидийн гэмээр рашаан усыг Равжаа хутагт бий болгож мөнхөд үлдээсэн юмсанж. Хутагтын авьяас билэгт бишрэхгүй байхын аргагүй.

Тэндээсээ Хүслийн уулыг зорив. Бараа нь ойрхон харагдах авч бас чиг чамгүй зайтай юм. Уулын хэцийн салхи бие алгадсан, түрэмгий догшин. Овооны сорогшингоос уясан хадаг яндар, дарцаг тэргүүтэн салхинд хөгжин аргалын галын хөх дөл шиг дэрвэн бүижглэх. Ерөөс Хүслийн уулыг алсханаас харж гэмээнэ нэг их намирсан өнжмөл цэнхэр дэлтэй идэр хүрэн морь салхи сөрөн зогсоо мэт.

Говийн салхи, дорнын говийн салхи цавьдар аялгуутай. Аялгуу нь домогтой.

Равжаа хутагт алдарт гурван хийдээ хятадуудыг хөлслөн бариулсан гэнэм. Бариулж дуусаад хөлсийг нь өгөх болж. Тэрбээр нэгэн үдэш жасын няраваа дагуулан уул руу зүглэсэн байна. Өөрөө нэгэн том хадан цохион дээр гараад цав цагаан чулуу шидлээд байж. Нярав нь тосч аван хормойлоод байж. Шөнө дөлөөр буцаж. “хутагт энэ чулуугаар яах гэж байгаа юм бол. Харахад зүгээр л нэг чулуу байх юм” гэж нярав нь бодоод замдаа чулуунаасаа нэгийг унагаад орхичихож. Авчирсан чулуунуудаа авдартаа хийлгэж хоноод маргааш өглөө нь хятадуудыг дуудан хөлсийг нь өгч. Авдарнаасаа чулуу биш мөнгөн ембүү гаргаад л өгөөд байх юм гэнэ. Гэтэл нэг ембүү дутах нь тэр. Сандарсан нярав өөрийн сангаас ембүү авчирч өгснөөр хятадуудын шилийг харжээ. Тэднийг явсны дараа хутагт “Чи замдаа нэгийг нь гээчихжээ дээ. Авчраад авдарт хийчихээрэй” гэж. Нярав ч хэлснээр нь гээсэн чулуугаа авчирч авдарт нь хийгээд хэд хоногийн дараа гаргаж үзвэл мөнгөн ембүү болчихсон байсан гэнэм…

Хүслийн уулнаас бууж ирэхэд өвөрт нь байрлуулсан томоо бойпорт хүмүүс ямар нэгэн зүйлийг бичсэн цаас хийн шатааж байх юм. Лавлавал хүслээ бичиж шатаадаг юм гэнэ. Утаа нь тэнгэрт хэдийчинээ хурдан хүрнэ хүсэл нь төдийчинээ түргэн биелдэг ажээ.

Хутагт Равжаагийн эрт хийгээд, эдүгээ хийгээд хожим хойч, ирээдүйн эдлэн болсон энэ ариун дагшин оронд ирэх, агаар, салхиар нь бие, сэтгэлээ аравнайлуулна гэдэг хүмүүн болж төрсний нэгэн төгөлдөр хувь заяа юмсан уу даа…

Хутагтын нутаг хул хонгор салхиараа илбэн илбэн үлдэв ээ.

Ц.Галбадрах

Эх сурвалж: news1.mn

SHARE