Мария Шарапова: Аавтайгаа хэзээний гэрлэсэн хос шиг нэг оронд унтах нь хачирхалтай санагдаж байна уу?

 

АНУ-ын “People” сэтгүүлийн энэ сарын 21-нд худалдаанд гарах шинэ дугаарт алдарт теннисчин Мария Шараповагийн тухай нийтлэл, түүний “Зогсошгүй” намтрын номын хэсгүүдээс хэвлэснийг орчуулан сонирхуулж байна.

Мэргэжлийн теннисийн “Их дуулга” тэмцээнд таван удаа түрүүлэн 2012 оны Олимпийн наадамд мөнгөн медаль хүртсэн Мария Шарапова 2016 оны Риогийн Олимпийн наадамд амжилт үзүүлэхэд бэлэн байсан ч алтан медальд хүрэх мөрөөдөл нь хормын зуур замхран алга болсон билээ.

2016 оны эхэнд түүнээс авсан шинжилгээгээр цусанд нь олон жилийн турш хэрэглэж байсан мелдоний (милдронат ч гэж нэрлэдэг) бодис илэрсэн юм. Дэлхийн допингийн эсрэг агентлаг тус бодисыг шинжилгээ өгөхөөс нь дөнгөж өмнөхөн хориотой бодисын жагсаалтад оруулсан тул теннисчин бүсгүйн тэмцээнд оролцох эрхийг 15 сараар хасчээ.

30 настай М.Шарапова, “Тамирчин хүний давж туулж болох хамгийн хэцүү зүйл энэ болов уу” гэж ярьсан юм.

Өнөөг хүртэл зарим хүн түүнийг хүч тамирын үзүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд мелдонийг хэрэглэдэг байсан гэж үздэг. (Гэтэл тус бодисыг Орос болон Зүүн Европын эмийн сангуудад зүрх судасны элдэв өвчнийг анагаах эмийн хувьд худалддаг байсан бөгөөд албан тушаалтнууд 2016 оны эхэнд хориотой бодисын жагсаалтад эрээ цээргүйгээр нэмэхдээ, хүчилтөрөгчийн шингээлт, тэсвэр тэвчээрийг дээшлүүлэхэд дэм болдог гэж тайлбарлажээ).    

Харин М.Шарапова “Зогсошгүй” (Unstoppable) дурдатгалын номондоо, хэрэв түүнд мелдонийг хэрэглэхийг хориглосон тухай зохих ёсоор сонордуулсан бол эмчийн зааврын дагуу ууж байсан тус бодисоос татгалзсанаар мелдоний илэрсэн 60 хүний тоонд орохгүй байсан гэж бичжээ.    

 

Хэдий тийм ч тэрээр их спортод эргэн ирж өнгөрсөн долдугаар сарын 31-нд АНУ-д сүүлийн хоёр шахам жилд анхны тоглолтдоо ялалт байгуулсан юм.

“Ялна гэдэг өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх сайхан боломж ч надад юуны түрүүнд тэмцээнд эргэн ирэх тэр уур амьсгал илүүтэй таалагдсан. Урьд нь ямар нэг бодолгүйгээр автоматаар өнгөрөөдөг байсан тоглолтын өмнөх болон дараахи ердийн мөчүүд хүртэл сайхан сэтгэгдэл төрүүлсэн шүү” гэж тэрээр ярьж байлаа.  

Түүний эргэн ирэлт өөгүй болоогүй ч (тэрээр саяхны ялалтынхаа дараа гараа бэртээсэн), Оросын тамирчин бүсгүй аливаа бэрхшээлийг даван туулж сурсан нэгэн.   

Ирэх есдүгээр сарын 12-нд худалдаанд гарах “Зогсошгүй” номондоо Мария цагаачлалынхаа тухай, нэр алдарт хүрсэн амаргүй замналынхаа тухай үнэн түүхээ хуваалцжээ.

Тэрээр, “Ингэх амаргүй байсан ч цаасан дээр өнгөрснөө буулгах нь хүнд үеийг даван туулахад үнэхээр тус болсон. Тэгээд ч би амар хялбар түүхтэй хүчирхэг хүн олныг мэдэхгүй юм” гэж ярьсан юм.   

“Зогсошгүй” дурдатгалын шинэ номынхоо дор эш татсан хэсгүүдэд тэрээр нэр алдарт хэрхэн хүрснээ, тэр бүхнийг нь энгийн нэг сэргээшийн шинжилгээ нураах шахсан тухай эргэн дурсчээ. “Олон жилийн турш шинжилгээ өгсөн шигээ л би саванд шээсэн юм” гэж тэр хэлж байлаа. Гэвч үүнээс хэдэн долоо хоногийн дараа тэрээр амьдралыг нь орвонгоор эргүүлсэн е-захидал хүлээн авчээ…

 

               *                *                *

Захидлыг уншингуутаа би цочирдон сандрах болсон. Өнөөх шээсний шинжилгээ. Түүнийг би даваагүй ажээ.

Уг нь милдронат бол миний арван жилийн турш ууж байсан эм. Манай гэр бүлийн эмч бие минь муудан хэд хэдэн удаа зүрхний бичлэг хэвийн биш гарсны дараа уухыг зөвлөсөн юм. Биеийн эрчимтэй бэлтгэл хийхээс өмнө би тэр эмээс нэг үрлийг уудаг байлаа. Яг л та зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдийн аспирин эм уудаг шиг л. Орост милдронат эмийг сая сая хүн хэрэглэсээр ирсэн, миний эмээ хүртэл шүү!

Энэ бодис хэрхэн эрч хүчийг нэмэгдүүлдэг вэ? Яаж ч нэмэгдүүлдэггүй. Албаны хүмүүс зүгээр л Зүүн Европт үүнийг маш олон хүн хэрэглэдэг учраас л хориглосон гэлтэй. “Тэд үүнийг хэрэглэдэг нь учиртай” гэж бодсон ч юм уу. Би энэ эмийг хориглосон тухай цагт нь олж мэдээгүй нь миний хамгийн том алдаа байлаа.

Тэр хэнэггүй явдал миний босгосон бүхнийг нураах аюулд хүргэсэн. Дөрөв хүртэл жил тоглох эрхийг минь хасч болзошгүй! Үүний дараагаар итгэл үнэмшилгүй болж цөхрөлд автсан өдрүүд хөвөрсөн дөө. Эцэст нь би, “Чөтгөр ав гэж. Би энэ бүхний эсрэг тэмцэн босох ёстой” гэж өөртөө хашгирч билээ. Миний энэ эрс шийдмэг шийдвэрийг ойлгохын тулд намайг хэн болох, хаанаас ирсэн, юу болсон зэргийг мэдэх шаардлагатай.

Би дөрвөн настай байлаа. Теннисээр хичээллэж байсан миний аав Юрий Сочи хотын корт руу намайг дагуулж очсон юм. Уйдсандаа би түүний цүнхнээс цохиур гаргаж бариад бөмбөг цохиж эхэлсэн. Хашаа руу, бас хана руу. Тэгээд бөмбөг ойгоод эргээд цохиур руу буцаж ирэх нь гайхамшигтай санагдаж билээ. Ингэж л миний жинхэнэ амьдрал эхэлсэн юм.    

Охины тоглолт нутгийн хүмүүсийн анхаарлыг татаж эхлэхэд аав нь теннисийн хүүхдийн дугуйланд бүртгүүлжээ.

Хүмүүс миний тоглолтын ур чадварыг бус бөмбөгийг дахин дахин цөхрөлтгүй цохихыг минь л үнэлж байсан хэрэг. Надад байгалиас заяасан зүйл гэвэл ердөө л тэсвэр тэвчээр. Би бүр тэр үед л урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйтгартай үйлдлүүдийг дахин дахин давтах чадвар минь ялалтад хүргэнэ гэдгийг мэддэг байсан юм. Тэр үед л би бүхнийг, бүгдийг ялахыг хүсдэг байв.

Түүний дасгалжуулагч 1993 онд аавд нь охиныхоо карьерыг хөгжүүлэхийн тулд Оросыг орхих нь дээр гэж хэлжээ. Ингээд, аав охин хоёр виз мэдүүлж аваад Флоридад хүрэлцэн ирэхэд Мария нэрд гарсан Ник Боллеттеригийн теннисийн академийн тэтгэлэгт сургалтанд тэнцжээ.

Олон америк охидын дунд би өөрийгөө шоовдорлогдсон тэнэг амьтнаар төсөөлж байлаа. Тэтгэлэгт сургалтынхаас бусад нь бүгд их мөнгөөр суралцаж байсан юм. Гэтэл тэдний дунд би, сийлж хийсэн хэт том цохиур, Минскийн үйлдвэрийн шаахайтай охин. Хачин жигтэй харагдах нь мэдээж. Тэд бүгд намайг хараад шоолж инээдэг байв.

Аав охин хоёр нурах шахсан байшингийн том өрөөг хөлсөлж, аав нь элдэв жигтэй хар ажил хийн мөнгө олдог байжээ.

Аав бид хоёр дундуураа хонхойсон эвхэгддэг орон дээр унтдаг байлаа. Аавтайгаа хамт яг л хэзээний гэрлэсэн хос шиг нэг оронд хамт унтах нь хачирхалтай санагдаж байна уу? Надад бол огот үгүй. Миний амьдрал тийм л байсан, гэхдээ муухай биш сайхан амьдрал шүү. Аав минь намайг хэзээд өмөөрч, миний төлөө тэмцэнэ гэдгийг би үргэлж мэддэг байлаа.

Би маш хурдан Флоридагийн арваас доош насны теннисчдийн тавд эрэмбэлэгдэх болсон юм. Тэглээ гээд би онгирч хөөрөөгүй. Харин ч ямар нэг сэтгэл хөдлөлгүй, айдасгүй, яг л мөс шиг хүйтэн байхыг эрмэлзсэн. Намайг зөөллөж, амархан ялагдах сул дорой болгох тул бусад охидтой ч үерхэж найзалдаггүй байв. Тэр л миний хамгийн том давуу тал болсон доо.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: news1.mn   Б.Түшиг

SHARE