Гавьяат тамирчин, харваач Ц.Хүдэрчулуун: Хоёр түрүүлэхдээ хоёуланд нь 18 оносон

 

Таван хүүхэдтэй айлын дундахь нь, тэр. Хотод төрж, хотод өссөн ч аавынхаа нутгаар овоглож  Дорнод аймгийн Баян-Уул сумынх гэж явдаг аж.  10 настайдаа анх отго харваанд аавынхаа найз “Мухардаан” Пүрэвийн урласан нумаар харваж, 20 сумнаас 14 онож гуравт орж байсан гэнэ.

Аав минь тэгэхэд их баярлаж билээ хэмээн улсын наадамд дөрвөн удаа магнайлсан гавьяат тамирчин, гарамгай мэргэн Ц.ХҮДЭРЧУЛУУН өгүүлнэ билээ. Түүний аав А.Цэвээнийг улсын наадамд дөрвөнтөө  аваргалсан дархан мэргэн гэдгийг спортын хорхойтнууд андахгүй.  Хүдрээ мэргэн бага насаа ийн дурсах.

 

Өөрийнхөө үгэнд үнэмшээд “тогоо нэрчихнэ”

 

-Би  чинь 1965 оны “төл”. Хоёрдугаар төрөхөд төрсөн гэж байгаа. Аав нефть баазад, ээж төмөр замд ажилладаг байлаа. Манай гэр  Толгойт өртөөнд байх. Багадаа би ясли, цэцэрлэгт огт явж байгаагүй юм байна.  Жаахан дүрсгүй  хүүхэд байв. Ахыгаа өдөж байгаад ихэнхдээ зодуулна. Ах бид хоёр хааяа ээжийн ажил дээр очно. Ээж сумчин хийдэг болохоор шөнө бид хоёрыг байрандаа орхичихоод  явчихна. Тэгэхээр нь би ахыгаа айлгана даа. “Ээж ирэхгүй” гээд л. Ах айгаад уйлчихна. Ахыгаа хараад нээрээ ээж ирэхгүй бол яана гэж өөрийнхөө хэлсэн үгэнд үнэмшээд дагаад “тогоо нэрчих”-ийг нь яана.

1970 онд манайх Толгойтын дэнж рүү нүүсэн юм. 42 дугаар сургуулийн зүүн талд. Тэгэхэд тэнд цөөхөн айл байдаг байлаа.

Намайг долоон настай байхад аав нэг орой ах, эгч бид гуравт шатрын нүүдэл зааж өгсөн юмдаг. Маргаашнаас нь л ноёноо идэлцээд тоглодог болсон.

1973 онд би нэгдүгээр ангид орж байлаа. Ангийн маань багш Нина гэж эмэгтэй байв. Сургуульд ороод би онц сурч эхэлсэн. Хааяа сайн авна л даа. Тэгээд ангийн дарга болов. Харин хоёрдугаар ангид байхдаа ангийн даргынхаа ажлыг найз Буянжаргалдаа шилжүүлж  билээ. Намайг дуу муутай болохоор цээлхэн дуутай найзыг маань дарга болгож байсан  санагдана. Нэгдүгээр ангидаа би сургуулийнхаа шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон чинь хоёрдугаар байрт шалгарчихдаг байгаа.

Миний хамгийн дуртай хичээл математик. Хоёр, гуравдугаар ангидаа сургуулийн математикийн аварга болж байлаа. Хоёуланд нь миний төрсөн өдөр таарсан юмдаг. Харин солгой хоолойтой болохоор дуу хөгжмийн хичээлдээ тааруу.

 

Хоёр бууз идээд гурав дараалан хожсон

 

-Ямар хочтой байсан гэж үү. “Бамбарууш”. Одоо ч зарим хүн “Цэвээний бамбарууш” гэж дууддаг юм. Хоёрдугаар ангид байлуу даа. “Оюунтүлхүүр” сэтгүүлийн нэрэмжит шатрын тэмцээн нэгдүгээр сургууль дээр болж байлаа. Баттулга гэдэг хүүхэдтэй нүүж байгаад шатрынхаа хөлгөөр толгой руу нь цохичихсон чинь “гай газар дороос” гэгч болж хагалчихсан. Нөгөөх чинь орилоод бөөн хэрэг мандах нь тэр. Би ч айгаад “маш хүнд” байдалтай” тэмцээнээ дуусгаж билэ. Тэгэхэд дөрөвдүгээр байрт орсон юмдаг. Тэр тэмцээнд одоо энэ олон улсын шатрын холбооны мастер Н.Төвсанаа түрүүлж байв.

Бас нэг удаагийн тэмцээн дээр гурав дараалан хожигдоод бөөн гуниг. Хоёрдугаар ангид л байсан байх. Тэгтэл манай хичээлийн эрхлэгч Ядамсүрэн багш бууз авч өгдөг юм. Би их нэрэлхүү, хоёрыг нь л идсэн. Дараа нь харин гурав дараалан хожиж билээ. Алтанхуяг, Шинэбаатар, Буянжаргал, Батбаяр нар миний сайн найз. Бид тав есдүгээр ангидаа үсээ хусуулчихав. Ангийн багш Цэцэгмаа орж ирснээ “Хожгор тав гараад ир” гэлээ. Загнаж байна. “Яах гэж үсээ хусуулж байгаа юм” гээд л. Тэгтэл Буянжаргал “Засуул гэж загнуулж байснаас авахуулчихвал амар юм болов уу л гэж бодсон юм” гэж билээ.

Бид бас нэг удаа мөнгөгүй хэрнээ автобусанд орж явчихав. Кондукторыг дөхөөд ирэхээр нь хэлгүй болж жүжиглээд арай гэж мултрах гэж байтал таньдаг хүн хажууд зогсч байдаг байгаа.

 

Сэрээд өндийтөл…

 

-Би улсын наадмын хүүхдийн харваанд  олон жил харвасан. Тэгэхдээ ах, дүү хоёроо бардаггүй байлаа.  Манай ах Идэрчулуун нэг, дүү Батчулуун гурван удаа түрүүлчихээд байсан. Нэлээд хашир болсон хойноо 1980, 1981 оны наадамд хоёр жил дараалж магнайлсан юм. Харин хоёуланд  нь 20 сумнаас 18 оносон. 18 оносон гэснээс нэг сонин юм хэлэх үү.

1983 оноос эхэлж  насанд хүрэгчдийн  харваанд оролцох болсон юм. Энэ жил улсын наадамд гурав  дахь  удаагаа түрүүллээ. Гурав түрүүлэхдээ гурвууланд нь 40 сумнаас 36 оносон байгаа юм. Бас л сонин юм шүү.

Есдүгээр ангид байхдаа  Борнуурын САА-н хөдөлмөр зусланд амарсан юм. Нэг өдөр ажлаа таслаад голын захын бургасан дотор хэдүүлээ унтаж байтал зүүдлээд  байх шиг. Сэрээд өндийтөл манай түүхийн багш Галбадрах бургас барьчихсан зогсч байдаг байгаа. Тэгээд яахав, биднийг нөгөөхөөрөө ороолгоод хөөчихсөн. Тэр явдал санаанаас огт гардаггүй юм. Намайг аравдугаар ангиа төгсөхөд аав, ээж Анагаахын дээдэд оруулна гэж байсан ч химийн шалгалт нь хүнд санагдаад хуваарь авахдаа ТИС-д орчихсон доо.

 

Ц.Галбадрахын

“Би багадаа” төгсөшгүй цуврал номоос

SHARE