Дэд сайд нь өндөр боловсрол, туршлагатай, улстөрийн өргөн мэдлэгтэй, дипломат ёсыг гаргуун эзэмшсэн нэгэн ёстой

 

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсон.

Үүнээс хэдхэн хоногийн дараа сайд Ж.Батсуурийг огцруулж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Төд удалгүй Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ажлаас нь халсан.

Ингээд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг хариуцсан яам шинэ сайдтай болсон ч үндсэндээ эзэнгүй айл шиг болчихсон гэхэд буруудахгүй.

Түүнчлэн энэ их халаа, сэлгээг дагаад хоосорсон албан тушаалуудад тохирох боловсон хүчин онц шаардлагатай болсон юм. Тэгвэл эдгээр албан тушаалд очих хүмүүсийн нэр эхнээсээ ил болоод банйа. Гэхдээ олны хүсэн хүлээсэн шиг биш нөгөөх л ахан дүүс, анд найзын томилгоо хийгдэх төлөвтэй болжээ. Тодруулбал, БСШУС-ын сайдаар академич Г.Чулуунбаатарыг томилогдохтой зэрэгцэн дэд сайдын албыг МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаярт өгөх гэж байгаа тухай мэдээлэл Тусгаан тогтнолын ордноос ниссэн.

Хамгийн гол нь, энэ яриа тухайн үеийнх шигээ замхарч алга болоогүйгээр үл барам өдгөө энэ асуудлыг МАН-ынхан дотроо тун нухацтай хэлэлцэж байгаа ажээ. Тиймээс тун удахгүй БСШУСЯ Г.Ганбаяр гэдэг дэд сайдтай болж магадгүй байна.

Гэвч Г.Ганбаярыг эсэргүүцэгчид энэ намд олон байна. Төрийн албыг төрлийн алба болгож байна, тэнцэхгүй хүнийг дэд сайдаар томилох нээ гэсэн яриа мөн гарчээ.

Ер нь бол дэд сайд хэмээх албан тушаалтан нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх үндсэн үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, тухайн салбарыг засан тохинуулах асар том үүрэг бүхий албан тушаал бөгөөд дэд сайд нь өндөр боловсрол, салбарын туршлага, улстөрийн өргөн мэдлэг бүхий, дипломат ёсыг гаргуун эзэмшсэн нэгэн ёстой ажээ.

Харин Боловсролын дэд сайдад зүтгэж буй Г.Ганбаярын намтрыг үзэхүл 1996 онд 84 дүгээр сургуулийг төгсөөд Германд хэлний курсэд суусан. Улмаар СЭЗДС-д дээд боловсрол эзэмшсэн. Тэгээд нэгн телевизэд ажиллаж байсан. Мөн ЗЦГ-ын Олон нийттэй харилцах алба, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ажиллаж байжээ. Дараа нь МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч болсон.

Яг үнэндээ Боловсролын дэд сайд залуусыг манлайлах ёстой. Боловсролын тал дээр шүү дээ. Ялангуяа энэ яамны чиг үүргүүд болох боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын бодлого ярьж, шинээр санаачилж, удирдан чиглүүлэх ёстой юм. Харин мань Г.Ганбаяр ингэж чадах уу.

МАН бол боловсон хүчнээрээ аархдаг нам. Энэ намд гадаад, дотоодын инэр хүндтэй их сургуулиудад болосрол эзэмшсэн, мэдлэг оюунаараа манлайлагч залуус олон. Оюуны спортын Х.Хатанбаатар, Сү.Батболдын хүү Баттүшиг, бас УИХ-ын гишүүн Н.Учрал гээд энэ салбарт яахын аргагүй бүхнээ зориулж, хувь нэмрээ оруулж чадах л дэд сайд хэрэгтэй байгаа юм.

Эрх баригч МАН-ын мэргэн томилгоонд найдъя.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE