Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Г.Чулуунбаатарыг туршлага, чадвартай гэж үзэн сайдын албан тушаалд томилуулах санал гаргасан

 

 

НББСШУ-ы Байнгын хорооны 2017 оны зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын  гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Гэлэгпилийн Чулуунбаатарыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр эрхэм гишүүдийн хэлсэн үг, байр суурийг хүргэе.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

-Байнгын хорооны өнөөдөр ирвэл зохих ёстой 19 гишүүнээс 10 гишүүн хүрэлцэж ирж 52.6 хувьтай ирц бүрдсэн тул хурлаа эхэлье. Монгол Улсын Засгийн газрын  гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Гэлэгпилийн Чулуунбаатарыг томилох тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Эрдэнэбат танилцуулна. Ерөнхий сайд.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

-Өөрийн бүрэн эрхийн хүрээнд Гэлэгпилийн Чулуунбаатарыг  Монгол Улсын Засгийн газрын  гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна.

 

Гэлэгпилийн Чулуунбаатар нь 1957 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн бөгөөд 1975 онд тус аймгийн 1 дүгээр сургуулийг дүүргэсэн. 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг философийн салбарыг философич, нийгэм судлалын багш мэргэжлээр төгсөж, 1993 онд Москвагийн олон улсын удирдлагын академийн аспирантурт суралцаж философийн доктор, 1999 онд философийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

Чулуунбаатар нь 1981-1990 онд Монгол Ардын хувьсгалт намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1994 онд Прогноз төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1996 онд Улсын Их Хурлын дэргэдэх судалгааны төвд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996-2016 онд Шинжлэх ухааны академийн философич, социологи эрхийн хүрээлэнгийн захирал, 2001-2008 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, албаны дарга, 1998-2007 онд Соёл урлагийн их сургуулийн Соёл урлагийн менежментийн тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор, 2008-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн захирлаар, 2016 оноос шинжлэх академийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд улсад 36 жил, үүнээс боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 29 жил ажилласан болно.

Иймд Чулуунбаатарыг боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг харгалзан Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх, танхимын зарчмаар ажиллах чадвартай гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналтай байгаа тул уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

-Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулж асуух асуулттай гишүүд байна уу? Алга байна. Гишүүд асуулт асууж үг хэлж дууслаа. Үг хэлэх юм уу? Саранчимэг гишүүн.

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Чулуунбаатар гуайг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналыг дэмжиж байна. Энэ салбарт боловсрол болоод шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа туршлагатай. Энэ салбар бол дээрээс нь Спортын салбарыг бас агуулсан ийм том яам байгаа. Удахгүй Биеийн тамир, спортыг дэмжих тухай хуулийг хэлэлцэхээр Улсын Их Хурал шийдвэрлэсэн байгаа. Тэгээд үүн дээр илүү их анхаарч, залуучуудаа дэмжиж, илүү биеийн тамир спортыг анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Мэдээж энэ салбарт нэлээн шүүмжлэлтэй зүйлүүд байгаа, болох болохгүй зүйлүүд байгаа. Та тэрийг илүү сайн тодорхойлоод танаас нэлээн их ажлын үр дүн, багийн үр дүнг хүсэж байгаа шүү. Дээрээс нь би юуг онцолж хэлэх гээд байна вэ гэвэл мэдээж сургуулийн хүртээмж, дээрээс нь сургуулийн чанар дээр нэлээн илүү анхаараасай. Тэр дундаа эко боловсрол дээр илүү их анхаарч, ялангуяа Нийгмийн бодлогын байнгын хороотойгоо илүү их сайн нягт холбоотой ажиллахыг хүсэж байна. Танд амжилт хүсье.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Гэлэгпилийн Чулуунбаатарыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалт.

10 гишүүн оролцож, 100 хувийн саналаар энэ санал дэмжигдлээ.

Нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг би уншаад танилцуулчих уу? Сайд томилж байгаа юм байна. Тийм үү? Билэгт гишүүн тэгвэл уншчих. Билэгт гишүүнийг томилъё. Чулуунбаатар нэр дэвшигчид амжилт хүсье.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE