ГЕГ-ын дарга Б.Асралт: “Приус”-ийн татварын зөрүүнд 652.85 сая төгрөг буцаан олгоно

 

Төсвийн Байнгын хорооны 2017 оны тавдугаар сарын 30-ны хуралдаанаар “Приус”-ийн татварыг долдугаар  сарын 1-нийг хүртэл 100 хувь чөлөөлсөн хэвээр үлдээх тухай хэлэлцсэн юм. Энэ үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг хүргэе.

 

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

Онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх автомашинуудад хуулийн дагуу 375.0 мянгаас 6 сая 675.0 мянган төгрөгийн татвар ногдох болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлттэй байгаа “Приус” автомашины хэрэглэгч, борлуулагчийн нуруун дээр эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй огцом дарамт болж байгаа талаар иргэд аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна.

 

Ийм иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох. Мөн түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх зорилгоор онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа.

 

УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

Ажлын хэсэг. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Сангийн яамны хэлтсийн дарга Б.Алтанзул, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Гаалийн ерөнхий газрын ахлах байцаагч Я.Эрдэнэчимэг нарын хүмүүс оролцож байна.

 

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуух асуулттай гишүүд байна уу? Нэрээ өгье. За Ж.Батзандан гишүүн.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

За 2017 оны 4 сарын 14-нд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тодорхой бараа, бүтээгдэхүүн, машин, техникт онцгой албан татварыг тогтоосон, нэмэгдүүлсэн ийм хууль гарсан.

 

Тухайн үед сөрөг хүчний зүгээс хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг цахилгаан тэжээлт автомашинд онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь, тогтоох нь буруу байна гэдэг шаардлагыг хүргүүлж энэ заалтаа хүчингүй болгоочээ гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас бизнес эрхлэгчдийн зүгээс энэ шаардлагыг бас хүргүүлж байсан. Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт орохтой холбогдуулж тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг бас иргэд олон түмэн эсэргүүцэж байсан. Гэтэл Засгийн газар болон эрх баригчид олонхиороо хүч түрж энэ хуулийг баталсан. Энэ хуулийг дагалдуулж Улсын Их Хурал тогтоолын төсөл бас баталсан. Тун удахгүй Рио Тинтогийн шахалтаар тогтоолын төслөө өөрчилж Оюу Толгойн мөнгийг Монголоор дамжуулдаг биш гаднын банкаар дамжуулдаг байхаар хуучнаар нь хуульчилсан.

 

Эндээс юу харагдаад байна вэ гэхээр Засгийн газар ойр ойрхон хуулийн төсөл оруулж ирдэг. Оруулсан, батлуулсан хуулийн төслөө сар хүрэхгүйн хугацаанд хоёр гурав өөрчилдөг явдал нь Засгийн газарт алсын хараа байхгүй байна гэж харагдаж байгаа.

 

Тэгэхээр цаашид та бүхэн Засгийн газрын сайд нар, эрхэм дарга нар минь оруулж ирж байгаа бодлогоо ултай суурьтай, үндэслэлтэй, судалгаатай оруулж ирж байгаачээ гэж хүсэж байна.

 

“Приус”-ийн татварыг тэглэе, бууруулъя гэдэг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлье. Сая 5 сарын 01-нээс авсан бүх татварыг буцааж төлөх шаардлага гарч байгаа. Үүнд шаардлагатай хөрөнгийг бас суулгах шаардлага байгаа. Зарим судалгаагаар 600.0 сая төгрөг хэрэгтэй гэж Засгийн газрын зарим гишүүд ярьж байгаа. Надад өгсөн мэдээллээр 1.0 тэрбум төгрөг хэрэгтэй гэж оруулж ирсэн байна. Аль нь үнэн юм бэ? Энийг хэлж өгөөч.

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

Улсын Их Хурлын 4 сарын 14-ний өдөр 2017 оны төсвийн тодотголыг баталсан. Төсвийн тодотголыг батлах үедээ Улсын Их Хурлын тогтоол батлахдаа Улсын Их Хурлын гишүүд тэр 11 дэх заалтыг, дэд заалтыг нэмж оруулсан. Энэ асуудал хөрөнгө оруулагч нарт бас тодорхой хэмжээний бэрхшээл үүсэх юм байна гэдэг ийм шүүмжлэл гарсан учраас Улсын Их Хурал дээрээс оруулсан. Засгийн газар өргөн бариагүй. Улсын Их Хурлын өргөн барьсан энэ заалтыг Улсын Их Хурал дээр одоо буцаж зассан ийм асуудал гарсан.

 

За энэ 328 машин 5 сарын 01-нээс хойш энэ хос тэжээлт. Энэ ангилалд багтах машинууд орж ирсэн байгаа. Оны эхнээс 15 мянга гаруй хос тэжээлт автомашин импортлогдсон. Гаалийн ерөнхий газар одоо яг өнөөдөр энэ ажлын хэсэгт байгаа учраас яг буцаан олгох, өнөөдрийн байдлаар хэд байгаа юм. Магадгүй энэ ойрын хоёр гурван хоногийн дотор батлагдтал хэд болохоор байна. Буцаан олгох татварын хэмжээг. Ж.Батзандан гишүүнд одоо нэмэлтээр тайлбарлаж өг.

 

ГЕГ-ын дарга Б.Асралт:

5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 29-ний хооронд 328 хос тэжээлт, хос хөдөлгүүрт машин орж ирсэн. Үүнд, 593.5 сая төгрөгийн онцгой албан татвар буцаагдахаар байгаа. НӨАТ-ын зөрүү 59.35 сая төгрөг. Нийтдээ буцаан олгох мөнгө 652.85 сая төгрөг байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

5 сарын 01-нээс эхэлж гаалиар орж ирсэн “Приус” машинаас авсан татварын буцаан олголтыг энэ сардаа багтаад энэ хууль батлагдсаны дараа хийх нь гэж ойлголоо. 600 гаруй сая төгрөгийн буцаалт олголт байна гэж хэлж байна. Хуулийн төсөл дээр 1.0 тэрбум гэж бичсэн байна. Энийг залруулах шаардлагатай байх гэж ойлгож байгаа.

 

Энэ Онцгой албан татварын тухай хуульд орж байгаа өөрчлөлтөөр онцгой албан татварын хэмжээг нь нолиос 50 хувь байхаар Засгийн газар өөрөө тогтооё гэж. Шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины хувьд гэж ингэж өөрчлөлт орж ирж байгаа. Тэгэхээр бид хэрвээ энэ хуулийг өөрчилж байгаа тохиолдолд нэг мөсөн энэ цахилгаан машин дээр бол онцгой албан татварыг бүр тэглээд оруулаад өгвөл яасан юм бэ. Заавал нолиос 50 хувь байлгая. Засгийн газар тогтооё гэдэг эрхийг өгөх ямар шаардлага байгаа юм бэ? Энэ дээр хариулт надад өгөөч. Бүр тэглэвэл яасан юм.

 

УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

Энэ дээр би нэг санал хэлье. Ер нь энэ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дараагаар нэг асуудал үүсэж эхэлсэн. Энэ юу вэ гэхээрээ саяны хэлэгддэг тэр хос тэжээлтэй автомашинууд, цахилгаанаар, хийгээр ажилладаг энэ машинуудын хувьд яг хууль батлагдаж байх үед ачигдсан байсан машинууд. Ачилт хийсэн байсан аж ахуйн нэгжүүд Улсын Их Хуралд хандаж нэлээд хүсэлт тавьсан юм.

 

Нэгэнт ачилт хийгдсэн байгаа энэ машинуудыг бид нар хуулийн өөр орчин байхад бид нар ачсан юм. Энэний энэ төлөх татварыг одоо хойшлуулж өгөөчээ гэдэг ийм хүсэлтийг тавьсан. Янз бүрийн татвар одоо огт төлөхгүй гэдэг зүйл бол яригдаагүй. Тэгэхээр энэ зөвхөн энэ хугацааг хойшлуулах талаар яригдсан. Олон Улсын Валютын Сантай бид нар хөтөлбөр авч байгаа. Бодлогоо тохирсон байгаа газраа энүүгээр л ярилцсан. Тэгээд хуулийн өөр орчин үйлчилж байх үед ачилт хийгдсэн машины төлөх татварын хэмжээг одоо хугацааг нь хойшлуулъя гэдэг л ийм логикоор өөрчлөлтүүд орж ирж байгаа гэж би ойлгож байгаагаа илэрхийлье. Хэлье.

 

За ингээд асуулт асууж, үгээ хэллээ. Одоо хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг. Хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулъя. Санал хураалт. Кнопоо дарцгаагаарай гишүүд. Эсэргүүцэх хүн байхгүй биз дээ.

 

100.0 хувийн саналаар төслийг дэмжье гэсэн санал дэмжигдлээ.

 

Ингээд хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцсэн талаар Байнгын хорооноос гарах санал, дүгнэлтийг хэн танилцуулах вэ? Н.Амарзаяа гишүүн танилцуулчих уу? За Н.Амарзаяа гишүүн танилцуулъя. Ингээд өнөөдөр асуудлаа хэлэлцсэн тул Төсвийн байнгын хорооны хурал хаалаа.

Эх сурвалж: www.news1.mn           

 

SHARE