Цэцэрлэгт цахимаар бүртгэнэ

 

Б.Гарьд

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр баталжээ. “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр нь сургалтын орчин, чадварлаг боловсон хүчин, боловсролын чанартай үйлчилгээ гэсэн гурван чиглэл, таван зорилтын хүрээнд 63 ажил үйлчилгээг хэрэгжүүлэх юм байна.

“Нийслэлийн боловсрол – 2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

-Нийслэлийн бүх сургууль хоёр ээлжинд бүрэн шилжиж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь эрс нэмэгдэнэ. “Нийслэлийн сургууль”, “Нийслэлийн цэцэрлэг” жишиг шалгуур үзүүлэлттэй болж сургуульд “Монгол зан заншил, соёлын төв”, цэцэрлэгт “Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв” байгуулагдана.

-Багш, боловсролын ажилтны мэргэжил, ур чадвар, ёс зүйн хандлагыг сайжруулахад дэд хөтөлбөрийн зорилго чиглэгдэнэ. Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг нэмэгдүүлж, 100% мэргэжлийн багшаар хангана. Багшийн ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөмж гаргана. Нийслэлийн багшийн эрхэмлэх зүйлийг түгээн дэлгэрүүлнэ. Гадаадад мэргэжил дээшлүүлэх, олон улсын шилдэг мэргэжилтнийг урих, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар удирдах ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлнэ.

-Тусгай хэрэгцээт боловсролын төв байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулна.

-Мөн ЕБС-ийн байршил, бүтэц хэв шинжийг боловсронгуй болгох замаар сургуулийн хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулна.

-Сургууль цэцэрлэг бүрээр судалгаа гарган, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, хурд сааруулагчтай болгож, хүүхдийг зам тээврийн осол, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.

-Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахим системд шилжүүлнэ. Цэцэрлэгийн хүнсний цахим захиалгын систем нэвтрүүлж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалтын тогтолцоог боловсронгуй болгоно.

-Олон улсын хөтөлбөрт сургуулийн тоо нэмэгдүүлж, ЕБС-уудад “Ухаалаг анги” кабинет, лаборатори, робот, тоног төхөөрөмж цахим болон сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулна.

-Боловсролын удирдлага, багш сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хөдөлгөөнт эрүүл амьдралын хандлагыг төлөвшүүлнэ. Монгол ахуй, үндэсний бахархал, эх түүх соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх замаар хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшлийг дэмжсэн нэгдсэн аян өрнүүлэх юм байна.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE