Шави: Тер Штеген гутамшиг гээ юу?

 

Өчигдөр Испанийн Ла лигийн 32 дугаар тойрогт “Реал Мадрид”-“Барселона”-гийн тоглолт болж, “Сантьяго Бернабеу”-гийн эзэд 3:2-оор хожлоо.

Энэ хожлынхоо ачаар “Реал Мадрид” мөнхийн өрсөлдөгч “Барселона”-гаас 11 оноогоор тасарч, лигт түрүүлэх магадлалаа улам нэмлээ. Эль-Класико шуугиан, гоол дүүрэн болдог уламжлалаа ч алдсангүй. Ялангуяа тооны харьцаа 1:1 байхад Ламин Ямалийн цохисон бөмбөг хаалганы шугам давсан эсэх дээр яриа өрнөж байна.

Ла лигт гоол технологи буюу бөмбөг хаалганы шугам давсан эсэхийг тогтоох төхөөрөмж хэрэглэдэггүй учир олон өнцөгт байрлуулсан камераар харж хянахыг хичээсэн ч гэлээ бөмбөг “нуугдчихаад” тодорхой харагдаагүй юм.

Тоглолтын дараагаар “Барселона”-гийн хаалгач Андер Тер Штеген эгдүүцэн “Гутамшиг юм аа, нээрээ. Яагаад гоол орсон эсэхийг тогтоох төхөөрөмжгүй юм бэ? Энэ салбар чинь мөнгөөр хахаж байдаг биз дээ. Гэтэл гол юмдаа мөнгөө зарцуулахгүй юм. Үнэхээр ичмээр…” гэжээ.

Тэгвэл Тер Штегенийг ингэж хэллээ гэж багийнх нь дасгалжуулагч Шави Эрнандесаас бодлыг нь сонсох гэхэд “Тэгж хэлээ юу? Үнэхээр гутамшиг гэдэг нь үнэн шүү дээ. Хэрвээ энэ лигийг шилдгийн шилдэг байлгая гэж бодож байгаа бол өөр байх ёстой. Сэтгэл маш тавгүй байна. Бөмбөг хаалганд орсныг бүгд л харлаа. Гэтэл бүх юм бидний эсрэг болчих юм. Улирлын эхэнд “Хетафе”-тай тоглосны дараа л таагүй бодол төрж буйгаа би хэлж байсан. Өнөөдрийнх бүр арай хэтэрлээ.

Би багаараа бахархаж байна. Бид илүү тэмцэлтэй, илүү сайн тоглолоо. Гоолын олон боломж үүсгэж, сайн ч хамгааллаа. Тоглолтын санаачлагыг авч, хяналтаа тогтоож, хожихоор хэмжээнд байлаа. Гэвч бидний хянаж чадахааргүй зүйлээс болж хожигдлоо. Одоо бид хоёрдугаар байртайгаа л эвлэрэх ёстой боллоо. Хэрвээ бид хожсон бол байдал өөр байж болох байлаа” гэжээ.

“Барселона” ийнхүү хожигдсоны дараагаар “Реал Мадрид”-ын фанатууд “Шави, үлдээч!” хэмээн хашхиралдаж байжээ. Шави энэ улирлыг өндөрлүүлээд ажлаа өгөхөө зарласан. Өрсөлдөгч багийн фанатуудын хувьд Шавигийн дасгалжуулагч байх үед “Барселона” Эль-Класикод хожигдоод байгаа учир ийнхүү тавлан орилолджээ. Сүүлийн дөрвөн Эль-Класикод “блауграна” хожигдсон юм.

Харин “Реал Мадрид”-ын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти “Би Шавигийн хэлсэн үгэнд ямар нэг тайлбар хэлмээгүй байна. Миний харснаар бол хоёр баг тэнцүүхэн тоглолоо. Сүүлчийн хүчээ шавхан бид хожлоо. Энэ долоо хоногийн төгсгөлд бидэнд нэг их хүч үлдээгүй. Гэхдээ хожлын гоолыг оруулсан нь үнэхээр мартагдахааргүй явдал боллоо. Аварга болоход улам ойртлоо. Одоо энэ чигээрээ л урагшаа тэмүүлье. Яг одоо бол бага зэрэг амрахгүй бол энэ долоо хоног хүнд бас мартагдахааргүй явдлаар дүүрэн байлаа” гэжээ.

Винисиусийг суулгахад дургүйлхсэн талаар ямар бодолтой байгааг нь Анчелоттигоос асуухад “Талбайд байя гэж хүссэн суулгах гэхээр таалагдаагүй байх л даа. Гэхдээ бид хамгаалалтандаа анхаарах ёстой байсан учраас илүү хөнгөн, ядраагүй хөлтэй тоглогч хэрэгтэй байсан юм” гэсэн байна.

 

Р.Гэгээ

 

 

 

 

 

SHARE