Тебас: “Барселона”-г “Эльче” шиг Ла лигээс хасах ч боломжтой

Испанийн Ла лигийн тэргүүн Хавьер Тебас “Барселона”-гийн шүүгчийг хахуульдах, авлигадах гэсэн байж болзошгүй хэргийн талаар ярилцлагадаа дахин дурджээ.

Испанийн Хөлбөмбөгийн Холбооны Шүүгчдийн зөвлөлийн дэд-ерөнхийлөгч асан Энрикес Негрейрогийн хувийн компанид “Барселона” хэдэн жилийн турш 7.5 сая евро төлсөн нь баримтаар нотлогдсон юм. Үүнийг тайлбарлахдаа шүүгчдийн талаарх мэдээлэл, тайлан авсан төлбөр гэж хэлсэн. Гэхдээ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

“Шүүгчид нөлөөлнө гэдэг бол өөрөө спортын авлигын хэрэг байхгүй юу. Зөвхөн үүн дээр үндэслээд клуб дээр тодорхой хэрэг нээж, шийтгэл ногдуулж болно. Сануулгаас эхлээд лигээс хасах хүртэл шийтгэл оноох боломжтой байдаг. Тиймээс тайлбараа илүү тодорхой, дэлгэрэнгүй өгөх хэрэгтэй гэж хэлмээр байна.

“Барселона”-г Ла лигээс хасч болох уу гэсэн үү? Хэрвээ шүүгч хэргийг хянаж үзээд хасах шаардлагатай гэвэл хасч л таарна. Үүнийг шүүх шийднэ л дээ. Хэдэн жилийн өмнө “Эльче” шиг хассан шиг хасах боломжтой. Миний хэлж чадах зүйл бол үнэхээр байж болшгүй хэрэг баримт нь байвал би хэлэх л ёстой. Тэрнээс шүүх эрх бол минийх биш. Миний үүрэг хариуцлагад шүүх эрх байхгүй” хэмээн Хавьер Тебас өгүүлсэн байна.

2015 онд “Эльче” өр төлбөрөө барагдуулаагүй, санхүүгийн асуудалтай байсны улмаас Ла лигт 13 дугаар байрт орсон ч гэлээ Ла лигээс хасагдаж, оронд нь “Эйбар”-ыг оруулсан түүхтэй юм.

Р.Гэгээ

 

SHARE