Бэтмен М.Бадарчаас болж дасгалжуулагчийн эрхээ 2 жилээр түдгэлзүүлэх дасгалжуулагч нь хэн бэ?

Энэ зуны Улсын баяр наадамд зодоглосон 512 бөхөөс

  1. Архангай аймгийн “Бөх Билэгт” дэвжээ
  2. “Алдар” спорт хороо
  3. “Нутгийн Буян Групп”-ийн бөх  М.Бадарч допинг хэрэглэж олноос онцгой түмнээс төгөлдөр Бэтмен болон хувирч түрүүлсэн байна.

Олон улсын итгэмжлэгдсэн, Өмнөд Солонгосын лаборатори түүнийг допинг хэрэглэсэн гэдгийг шээсний А, Б хоёр сорьцонд нь дараалан шинжилгээ хийж албан ёсоор тогтоолоо. Одоо Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу доорх үйл явдал өрнөнө.

Шадар сайд С.Амарсайхан даргатай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд наадмын өдөр зарлигаар М.Бадарчид олгосон Улсын арслан цолыг нь хурааж өгнө үү гэсэн санал тавина. Ерөнхийлөгч ёсоор болгоно. Дараа нь тус хороо наадмаар цолны даваанд М.Бадарч гарьдад унасан дөрвөн бөхөд шинээр улсын цол нөхөж олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргана. Ерөнхийлөгч мөн ёсоор болгож зарлиг буулган,

__Ховд аймгийн арслан Б.Баянмөнхөд Улсын начин цол (М.Бадарчид 5-ын даваанд унасан)

__Дундговь аймгийн, улсын начин Э.Дашид Улсын харцага цол (М.Бадарчид 6-гийн даваанд унасан)

__Архангай аймгийн, улсын харцага С.Сүхбатад Улсын заан цол (М.Бадарчид 7-ийн даваанд унасан)

__Өвөрхангай аймгийн, улсын гарьд Ц.Бямба-Отгонд Улсын арслан цол (М.Бадарчид үзүүр түрүүнд унасан) тус тус олгоно.

Улсын баяр наадмаар допинг хэрэглэж Бэтмен болсон улсын гарьд М.Бадарч барилдах эрхээ 4 жилийн хугацаатай хасуулна. Зөрчлийн хуулиар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу буюу 5 сая төгрөгөөр торгуулна.

Ташрамд онцлоход, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18.8-д шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ заасан.

Энэ зүйл заалтын дагуу М.Бадарч гарьдаас болж дасгалжуулах эрхээ хоёр жилээр түдгэлзүүлэх дасгалжуулагч нь хэн байх бол? Архангай аймгийн “Бөх Билэгт” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Нутгийн Буян Групп”, энэ гурвын аль нэгээс л тодорно. Яг аль харьяаллын хэн гэдэг дасгалжуулагчийн нэр зарлагдах бол гэж бөх сонирхогчид чих тавин хүлээж эхэллээ.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE