Допинг. Оросын РУСАДА-г МОНАДА гэж,..Олимпод Цагаан далбаатай оролцоно гэж хий айлгаж

 

Өнгөрсөн өдөр хоногуудад “Парис 2024” олимпын наадамд оролцох эрх олгох, чөлөөт бөхийн ДАШТ алс холын Серби улсын нийслэл Белград хотноо болж байлаа. Тэмцээн нь жин тус бүрт алт 1, мөнгө 1, хүрэл медаль хүртсэн 2, тавдугаар байрын 1, нийт таван бөх Олимпын наадамд оролцох эрхийн мандатыг өөрийн улсдаа авчрах болзолтой. Улсаа төлөөлж авсан эрх учраас тухайн тамирчин олимпод заавал өөрөө оролцоно гэсэн ойлголт байхгүй. Өөрөө ч байж болно, өөр тамирчин ч байж болох сонголттой. Хамгийн чухал нь Парисын олимпын нээлт хаалтын жагсаал болон бусад бүхий л арга хэмжээнд улсынхаа Төрийн далбаа мандуулах баг тамирчдыг бүрдүүлэх олон улсын эхний том тэмцээн байлаа.

 

Энэ том тэмцээнтэй зэрэгцээд Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ВАДА-гаас 9 дүгээр сарын 22-нд манай улсын ажил муутай Допингийн эсрэг үндэсний агентлаг МОНАДА-д хориг арга авч, үр дүнд нь Монгол Улсын баг тамирчид ирэх жил “Парис 2024” олимпын наадамд Төрийн далбаагаа мандуулахгүй Цагаан туг барина, алтан медаль авбал Төрийн дуулал эгшиглэхгүй оронд нь “Жалам хар” бүжгийн ая сонсгоно гэсэн яриа гарлаа.

 

Гэтэл Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ВАДА-гийн гүйцэтгэх хороо Шанхай хотноо баасан гаргийн хуралдаанаараа манай МОНАДА-г бус өнгөрсөн есдүгээр сард ээлжит шалгалт хийж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа ОХУ-ын Допингийн эсрэг агентлаг РУСАДА-г авч хэлэлцэж ОХУ-д өмнө нь авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлж, бас дээр нь нэмж авах зүйл заалтыг оруулж шийдвэрлэжээ. Тухайлбал, РУСАДА нь Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ВАДА-гийн удирдлагын зөвлөл, хороо, харьяа байгууллагын гишүүн байж болохгүй. ОХУ-д тив, дэлхийн АШТ, олон улсын тэмцээн зохион байгуулах эрх олгохгүй. Олимпын наадам болон энд дурдсан том тэмцээнүүдэд ОХУ-ын төрийн далбааг мандуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл баг тамирчид нь Төрийн далбааны бус Цагаан тугийн дор жагсаж, алтан медаль авбал Төрийн дуулал нь эгшиглэхгүй өөр ая явах ажээ.

 

Манай спортын салбарынхан, тамирчид анхааралдаа авах хоёр шийдвэр ВАДА-гийн гүйцэтгэх хорооноос гаргав.

 

___Нэгд, энэ хуралдаанаар баталсан, ирэх 2024 онд тамирчдын хэрэглэхийг хориглосон эм бэлдмэл болон хэрэглэснээ нуун дарагдуулах арга ажиллагааны жагсаалтыг 10 дугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд албан ёсоор танилцуулна. Жагсаалтыг ирэх 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө.

 

___ Хоёрт, одоо цаг дор хөлбөмбөгч, дугуйчид өвчин намдаахаар ихэвчлэн хэрэглэдэг Трамадол-ыг хориотой бодисын жагсаалтад шинээр орууллаа. Уг эм нь өвдөлт намдаах опиодуудын бүлэгт хамрагддаг аж. Трамадол нь ирэх 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш энгийн эм бус допинг гэж тооцогдохоор боллоо.

 

Дашрамд хэлэхэд, ашиг сонирхлын зөрчилтэй бүлэг хүмүүс МОНАДА-г “айдаст автуулах төлөвлөгөө” бодож олсон ажээ. Тэр нь эцэстээ Монгол Улс даяар төрийн гурван өндөрлөгөөс эхлэн жирийн ард иргэдийг хамруулсан том бай болон хувирч баталгаатай магадлалаар 3 сая хүнийг “Манай улсын Төрийн далбаа ирэх “Парис 2024” олимпод мандахгүй, баг тамирчид нь Цагаан тугийн дор жагсаж нэгдэх нь” гэсэн сэтгэл санааны хохирлыг хагас сар шахам хугацаанд учрууллаа.

 

“Айдаст автуулах төлөвлөгөө” зохиогч тэр бүлэг хүмүүсээс зарим иргэн, тухайлбал бид сэтгэл санааны хохирлоо барагдуулах нэхэмжлэлийг шүүх, хууль хяналтын байгууллагад гаргах хүсэлтэй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар Та тэдгээр хүмүүсээс ганц хоёрынхон ч гэлтгүй нэрийг нь тодруулж олон нийтэд зарлан мэдэгдэхийг хүсэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахад бид хэдэд тодорхой нэр хэрэгтэй байна.

 

Эх сурвалж: aguulga.mn

SHARE