БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН 2015-2016 ОНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцож, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлангтанилцууллаа. Уг тайлан нь 2015-2016 оны хоорон дахь гэж байгаа ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол орны байгаль хэрхэн өөрчлөгдснийг тусгасан бүрэн хэмжээний гарын авлага болсон гэдгийг хуралдааны эхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолсон юм. Тэрбээр “Байгаль орчин, аялал жуулчлалын яам Монгол орны байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа шинжилгээний мэдээ, тоо баримтыг нэгтгэн дүгнэж, “Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлан”-г боловсруулан Та бүхэндээ танилцуулж байна. Тус тайлан нь Монгол Улсад Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдсаны 30 жилийн ойн босгон дээр, байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн мэдээ, тоо баримтыг нэгтгэн холбогдох дүгнэлтийн хамт гаргаж байгаагаар ихээхэн онцлогтой болсон юм. Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлан ньЦаг агаар, уур амьсгалын төлөв байдал, өөрчлөлтийн хандлага, байгалийн баялгийн нөөцийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчны бохирдол, өөрчлөлтийн төлөв, байгаль орчны засаглалын төлөвшил, хөгжил гэсэн үндсэн 4 бүлэгтэй” хэмээсэн юм.

 

Тайланд туссан зарим тоо баримтыг онцолбол:

 

  •          Дэлхийн дулаарлын нөлөө манай оронд эрчимтэй ажиглагдаж 1940 оноос хойшхи цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр агаарын дундаж температур сүүлийн 70 гаруй жилд 2,2°С-аар нэмэгджээ.
  •          1997-2001 онуудад хур тунадас маш бага, 30°С-ээс дээш халуун өдөр олон байснаас чийгийн баланс хасах утгатай болж сүүлийн 70 гаруй жилийн хамгийн хуурайшилтай үе болсон байна.
  •          2015 оны жилийн дундаж агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад говь болон тал хээр, Орхон Сэлэнгийн сав нутгаар 1,2-1,3°С, Идэр Тэсийн сав нутаг, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор орчмын нутгаар 1,6-1,9°С, Алтайн уулс, Их нууруудын хотгор, Төвийн нутгаар 1,5-1,7°С-аар дулаан байжээ. 2016 оны жилийн дундаж  агаарын температур олон жилийн дунджаас 0.4°С-аар дулаан, 2015 оныхоос 1°С-аар сэрүүн байжээ.
  •          Сүүлийн жилүүдэд агаар мандлын гаралтай аюултай болонгамшигт үзэгдлийн тоо ихсэж, 1990-2000 онд жилд дунджаар 30 орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд 2 дахин нэмэгджээ. Шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол 2015 онд 47 болж өссөн байна. Монгол Улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаралт нь 2014 оны байдлаар 6,08 тонн СО2-экв  байгаа нь дэлхийн дунджаас харьцангуй өндөр байна. Манай орны байгаль, нийгэм, эдийн засгийн салбарын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээний дүнгээр мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэх хандлагатай байгаа юм.

 

 

 

  •          Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8% цөлжилтөд өртсөн байна. Аймгийн байдлаар авч үзэхэд Говь сүмбэр аймгийн 62,8%, Дорнод аймгийн 43,5%, Сүхбаатар аймгийн 31,1%, Дундговь аймгийн 27,9%, Өмнөговь аймгийн 17,5% тус тус цөлжилтөд хамрагдсан байна. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарчээ.
  •          2016 оны байдлаар уул уурхайн зориулалтаар 27068 га талбай эвдрэлд орсноос 11375 га талбай буюу 42%-д техникийн нөхөн сэргээлт, 7425 га талбай буюу 27,4%-д биологийн нөхөн сэргээлт тус тус хийсэн байна. 2016 оны байдлаар 16 аймгийн 34 сумын нутаг 1637 га талбай бүхий 96 хэсэгт бичил уурхайн олборлолт явагдаж байна.
  •          Ойн сангийн 2016 оны үзүүлэлтийг 2013-2014 оныхтой харьцуулахад нийт талбай 137,8 мянган га-аар, нөөц 1948,1 мянган шоометрээр нэмэгдэж, ойрхог чанар 0,1%-иар өссөн байна. Хууль бус мод бэлтгэл, ойн түймэр, хортон шавжийн хөнөөлд өртөх замаар ойн нөөцийн хомсдол, доройтол нэмэгдэж байна.
  •          Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 2000 онд нийт нутаг дэвсгэрийн 13,8%, 2014 онд 17,4%, 2017 онд 17,8% болж өссөн байна. 2016 оны байдлаар 21 аймгийн нийт 57,9 сая га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
  •          Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын хүн ам, автомашины тоо ихээхэн өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хирээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс давах тохиолдол тогтмол гарч байна. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж хүлцэх агууламжаас 2015 онд 2,4 дахин, 2016 онд 3 дахин их гарчээ. Орон нутгийн хэмжээнд авч үзвэл Баянхонгор болон Даланзадгадад хүлцэх агууламжаас 1,6-1,8 дахин их байна.
  •          Түүнчлэн хот, суурин газрын хог хаягдлын хэмжээ өсч 2015 онд улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн 371 төвлөрсөн цэгт 2,3 сая тонн хог хаягдал тээвэрлэн хаясан байна. Нийт хог хаягдлын 90,9%-ийг ахуйн, 9,1%-ийг үйлдвэрлэлийн хог хаягдал эзэлсэн байна. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын дөнгөж 0,31%-ийг дахин боловсруулжээ.
  •          Байгаль орчны салбарт 27 хууль, 18 үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн олон улсын 12 конвенци, 5 протоколд нэгдэн, 30 гаруй улстай хоёр талт хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.
  •          Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 2013-2016 онд жилд дунджаар 61,6 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн байна. 2016 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 70 тэрбум төгрөгөөс дөнгөж 29%-ийг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулжээ. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар 11 улстай Засгийн газрын түвшинд, 11 улстай яамдын түвшинд гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж байна. 2016 онд манай улсад 404 мянган жуулчин аялж, 312 сая ам долларын орлого оруулсан нь 2015 онтой харьцуулахад жуулчдын тоо 4,4%, орлогын хэмжээ 11,4%-аар тус тус өссөн байна.

 

 

  •          Тайланд төлөв байдлын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлохын зэрэгцээ цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх дүгнэлт, санал, зөвлөмжийг тусган оруулсан болно.
  •          Улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ард иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ төлөв байдлын тайланд тусгагдсан гол дүгнэлт, санал, зөвлөмжүүдийг сайтар анхаарч, байгалийн нөхцөл, нөөц, даацад нийцсэн байх тулгуур зарчмыг баримтлах шаардлагатай юм.

 

“Мянганы сорилтын корпораци Улаанбаатарын усны хангамжийг сайжруулахад тусална” гэв 

 

 

 

 

Д.Оюунхорол сайдыг мэдээлэл хийсний дараа УИХ-ын зарим гишүүн асуулт асууж хариулт авсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Сүүлийн өдрүүдэд нар их ч байгаагаас болж хуурайшилт их байна. БОАЖЯ-нд хур тунадас хуримтлуулж, үүл буудах төсөв байгаа юу, энэ асуудлыг яаж зохицуулсан бэ. Усны менежментийн асуудал маш чухал болоод байгаа энэ үед Орхон говь, Хэрлэн говь төслийн үйл явц ямар шатанд байна вэ” хэмээн асууж, Д.Оюунхорол сайдаас хариулт авсан юм. Түүний асуултад Д.Оюунхорол сайд хариулахдаа “Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлтөөс болж хэт их халах асуудал үүсч байгаатай холбоотойгоор манай яамнаас урьдчилан сэргийлэх үүл буудаж хур тунадас оруулах зорилгоор 1000 ширхэг пуужинт сумыг  захиалах санхүүжилтийг шийдэж өгөх хүсэлтийг холбогдох байнгын хороонд нь тавьсан ч унагасан. Тиймээс бид энэхүү асуудлыг Засгийн газарт танилцуулан батлуулж, санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Орхон говь төслийн ТЭЗҮ-ийг Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулсан ч эхлүүлэх санхүүжилтгүйн улмаас зогсонги байдалтай байгаа. Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үед манай яамны зүгээс хэд хэдэн асуудалд санхүүжилт хэрэгтэй байгааг анхааруулсны үндсэн дээр нааштай хариулт авсан. Энэ хүрээнд Хэрлэн говь төслийг эхлүүлэх санхүүжилт шийдэгдэх байх гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр, манай яамнаасАНУ-ын Мянганы сорилтын корпорацид Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал хүргүүлсний үндсэн дээр 350 сая ам.долларын буцалтгүй туслажаар газрын доорх усны эх үүсвэрээс Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх, цэвэрлэсэн бохир усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах,  Улаанбаатар хотын ус ханамжийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд усны салбарт бодлогын болон институцийн шинэчлэл хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлыг эхлүүлэхээр болсон” хэмээсэн юм.

 

 

Орлого багатай иргэдэд зориулж ногоон зээлийн сан бий болгоно

 

 

Харин УИХ-ын гишүүн Бадельхан Х.Бадельхан “Тайланд хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээнд 1990 оноос хойш өнөөг хүртэл нэг их өөрчлөлт ороогүй байгаа гэж тусгаж. Эрчим хүчний салбараас ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах тал дээр бидэнд мэдээ мэдээлэл хангалттай байна. Харин хөдөө аж ахуйн салбараас ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Хоёрдугаар асуулт, танай яам Засгийн газраар агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Энэ бол маш том ажил. Гэхдээ энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтын эх үүсвэр хаанаас вэ гэдэг асуултад хариулт өгнө үү” хэмээсэн. Түүний асуултад Д.Оюунхорол сайд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр хүлэмжийн хий нэмэгдэж байгаа. Манай улсын хувьд Парисын хэлэлцээрт нэгдэж орсноороо хүлэмжийн хийгээ жилд 14 хувиар бууруулах үүргийг хүлээж байна. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн гол ажил нь ногоон байгууламж нэмэгдүүлэх юм. Энэ хүрээнд манай яамнаас санаачлан бүх нийтээрээ мод тарих сарын аянг эхлүүлээд өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийсэн. Энэ үйлсэд монголчууд маань бүх нийтээрээ гар бие оролцдог болсонд их баяртай байна.  Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас тогтвортой бодлого баримтлах шийдвэрт хүрээд байгаа. Энэ хүрээнд өвөл болохоор утааны асуудал ярьдаг биш одооноос бэлтгэл ажлаа хангаж эхлэх ёстой гэж үзэж, 2017-2018 онд өвөлдөө гэр хорооллын шөнийн цахилгааны тарифийг  тэглэх байр суурийг баримталж байна. Орлого багатай иргэдэд зориулж халаагуур худалдан авахад нь туслах зорилгоор манай яамнаас санаачлан ногоон зээлийн санг бий болгох ажлыг эхлүүлээд байна. Энэ санаачилга ажил хэрэг болж чадвал иргэд одооноос өвлийнхөө бэлтгэлийг хангаад эхэлчих хэрэгтэй байгаа юм” гэлээ.

 

 

Саарал усыг түлхүү ашиглахад хөшүүрэг болох хуулийн төсөл боловсруулжээ

 

 

 

 

Хуралдааны төгсгөлд байнгын хорооны дарга Ц.Гарамжав “Агаар бохирдуулсны болон хөрс, ус ашигласны төлбөрийн тодорхой хувийг нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой байдаг. Энэ хууль хэр хэрэгжиж байгаа вэ” гэсэн асуултыг тавихад Д.Оюунхорол сайд “Маш хангалтгүй байгаа” гэдэг хариултыг өгсөн юм. Тэрбээр “Агаар бохирдуулсны болон хөрс, ус ашигласны төлбөрийн тодорхой хувийг орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хэрэглэж байгаа бол үлдсэнийг нь улсын төсвийн нөхөөс болгож байгаа. Тиймээс хуулийн дагуу энэхүү мөнгийг нөхөн сэргээлтэд ашиглаж чадахгүй байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагуудад нь байнга тавьдаг ч асуудлыг авч хэлэлцдэггүй. Манай яамны зүгээс Ус ашигласны төлбөрийн тухай хуулийг боловсруулж байна. Уг хуулийн төсөлд саарал ус ашиглаж байгаа болон техникийг нь импортолж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх асуудлыг тусгаж байгаа бол цэвэр усыг ихээр хэрэглэж байгаа компани, аж ахуйн нэгжүүдэд өндөр хэмжээний төлбөр төлөх хүртэлх заалтыг оруулж байна. Өнөөдөр дэлхий нийтийн жишиг үүн дээр нэгдэж, цэвэр усаа хамгаалах ажлыг хийж байгааг ч бид нэвтрүүлэх ёстой” хэмээсэн юм.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Ц.Гарамжав Байгаль орчны төлөв байдлын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг танилцуулав. Уг тогтоолд, Байгаль орчны төлөв байдлын урт хугацааны өөрчлөлтийн байдалд дүн шинжилгээ хийж үндэсний хэмжээний хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад үндэслэл болгох асуудлаар салбар дундын уялдааг хангаж ажиллах,  Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ой тарьж ургуулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, усны нөөцийг арвижуулах, сэргээх ажлын хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх арга хэмжээг авах зэрэг чиглэлүүд багтсан байна.

SHARE