Өмнийн их говьд Ханбогд хэмээх шинэ хот сүндэрлэнэ

Австралид боловсролын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан залуухан эмэгтэй Өмнөговь аймгийн Ханбогд сумын Б.Чогдовын нэрэмжит нэгдүгээр сургуульд гурав дахь жилдээ ажиллаж байна. Эхний хоёр улиралд тэрбээр Англи хэлний багшаар ажилласан бол хоёр сарын өмнөөс  тус сургуульд сэтгэл зүйчээр ажиллах болжээ. Тэрбээр “Оюу толгой” компанийн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт 2019 онд тэнцээд Австралийн “Queensland” их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистраа хамгаалсан юм. Ийн  гурван жилийн илгээлт авч Ханбогд суманд ирсэн түүхтэй.

 

ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫГ СУМАНДАА ЭЗЭМШИЖ БАЙНА

 

Боловсролоороо дэлхийд тэргүүлдэг Австрали улсад магистрын зэргээ хамгаалсан залуус тус улсдаа үлдэж ажиллах, олон улсын байгууллагад ажиллах эсвэл төрийн байгууллагад том албан тушаал хаших гэсэн сонголтыг ихэнхдээ хийдэг. Харин Д.Даваанямын тухайд “Оюу толгой” компанид ажиллаж байхдаа дээрх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Ханбогд сумандаа дэлхийн хэмжээний боловсролыг түгээхээр иржээ. Энэ хүрээнд нэгдүгээр сургуульдаа Англи хэлний хөтөлбөрийн шинэчлэлийг хийж, олон улсын системээр тавдугаар ангиас нь эхлэн Англи хэлийг зааж байна. Тодруулбал, “Toastmasters International” хэмээх англиар ярих, илтгэх чадварыг сайжруулдаг албан бус дөрвөн клубийг I, II сургуульдаа байгуулжээ.  Дэлхийн шилдэг компаниуд ажилчдынхаа англиар ярихаас гадна удирдах чадварыг сайжруулахдаа “Toastmasters International” клубын системийг ашигладаг юм. Энэ туршлагаа бусад сумдын англи хэлний багш нарт хуваалцан ажиллаж байна. Үүний сацуу сайн ажиллаж байгаа багш нартаа англи хэлний багш нь IELTS-ийн хичээлийг үнэгүй заадаг аж.

Нэгдүгээр сургууль “Оюу толгой” компанийн санхүүжилтээр “Аюулгүй сургууль” гэсэн төсөл хэрэгжүүлж, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэжээ. Цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт их байгаа үед дээрэлхэлт, гадуурхалтаас сэргийлэхэд сургалтын оролцоог хангах клубыг сургуульдаа байгуулсан байна.

Ханбогд сумын хоёр сургууль өрсөлдөж биш хамтдаа хөгжихийн тулд “Shared goals” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нэг ижил хөтөлбөрөөр хичээлээ зааж, долоо хоногтоо нэг удаа уулзаж туршлага солилцож, алдаа оноогоо хэлэлцдэг юм байна. Тус хоёр сургууль тус бүр дөрөв буюу Ханбогд сум нийт Англи хэлний найман багштай. Тэд сурагчдадаа дэлхийн хэмжээний боловсролыг суманд нь олгох зорилт тавин ажиллаж байгаа юм.

 

ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ ОЛОН ТӨСӨЛ ХАНБОГД СУМАНД ХЭРЭГЖДЭГ

 

Д.Давааням сэтгэл зүйчээр ажиллаж байгаа ч Англи хэлээ сайжруулах сонирхолтой хүүхдүүдэд анхан шатнаас нь зааж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байна.

Тэрбээр  “Хоёр жилийн турш үргэлжилсэн цар тахлын үеэр сурагчдын сэтгэл зүйн дарамт, үе тэнгийнхний дээрэлхэлт ихэссэн. Тиймээс сургууль сэтгэл зүйчтэй болсон нь сурагчдад шинэлэг зүйл болж байна. Цаг яаж авахаас эхлээд ямар асуудлаар хандах ёстойг мэдэж эхэлж байна. Сурагчдад ганцаарчилсан зөвлөгөө өгөхөөс гадна бүлгийн, эцэг эх, асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгдөг. Мэргэжил сонголтод нь тусалдаг. Багш нарын сэтгэл зүй тогтвортой байж багш, сурагчдын харилцаа илүү ойр дотно болно. Тиймээс багш нарынхаа сэтгэл зүйд анхаарах сэтгэцийн эрүүл мэндийн төсөл эхлүүлээр төлөвлөөд байна. Хүүхдүүд, том хүмүүсийн хувьд ч хөгжих боломжтой олон төсөл хөтөлбөрийг Ханбогд суманд хэрэгжүүлдэг. Тиймээс ирж ажиллаж, амьдрахыг урьж байна” гэв.

“Оюу толгой” компани боловсролыг эрхэмлэн дээдэлж, хөгжил дэвшлийг эрэлхийлдэг. Тиймээс 2011 оноос эхлэн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол залуусынхаа боловсролд хөрөнгө оруулсаар 11 жилийг үджээ.Тэтгэлэгт сургалтын төлбөрөөс гадна сар бүрийн амьжиргааны зардал, виз болон нислэгийн зардал, олон улсын оюутны даатгалын хураамж багтдагаараа онцлог.

 

30 МЯНГАН ИРГЭНИЙГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

 

Дэлхийн хэмжээний томоохон зэсийн ордны нэг “Оюу толгой” уурхай байрладаг Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх төлөвлөгөөг энэ сарын 26-нд танилцууллаа. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын захиалгаар, “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр боловсруулсан “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” урт хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад гардуулсан юм. Энэ ажлыг эхлүүлж Ханбогд суманд “Оюу толгой” төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэрт гарын үсэг  зурлаа. Ингэснээр Ханбогд сум Өмнийн их говьд шинэ хот болон сүндэрлэх эхний цэгийг хатгалаа. Үүнтэй холбогдуулан Ханбогд сумын одоогийн нөхцөл байдалтай танилцахаар манай сурвалжлах баг тус сумыг зорьсон нь энэ. Нэгдүгээр сургуультай танилцсаны дараагаар бид ус цэвэршүүлэх байгууламж руу очив.

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар Ханбогд сум цэвэр усан хангамжийн нэгдсэн системийн байгууламжтай болоод таван жил өнгөрч байна. Ингэснээр тус сумын иргэд ариутгаж, халдваргүйжүүлсэн цэвэр ус хэрэглэх боломж бүрдсэн билээ. Ханбогд сум 25-30 мянган хүн амтай хот болон өргөжсөн ч тус байгууламж дээрх тооны иргэдийг цэвэр усаар  хангах бүрэн хүчин чадалтай.

Энэ талаар Цэвэр усны байгууламжийн лаборант Э.Дашцэвэг “Ханбогд сум 8000 гаруй хүн амтай. Манай байгууламж хоёр гүний худгаас  усаа татаж, түүхий усан сандаа нөөцлөөд нөөцөлсөн усан сангаасаа шүүж, давсаар халдваргүйжүүлж ариутгаад уулын усан сан руу буюу хэрэглэгчид рүүгээ түгээдэг. Уулын усан сан ямар ч насосгүйгээр даралтаар усаа шахдаг. Манай суманд төвийн шугамтай дөрвөн ухаалаг худаг байдаг. Эдгээр худгаас  картаа уншуулж, өдөрт 60-80 иргэн ус авдаг. Уулын усан сан 2000 метр куб багтаамжтай буюу 30 мянган хүний усны хэрэгцээг хангах хүчин чадалтай” гэсэн юм.

 

ЖИЛД 250 МЯНГАН ТАРЬЦ, СУУЛГАЦЫГ БЭЛДЭЖ ЭХЭЛЖЭЭ

 

“Оюу толгой” компани  үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг хүн, мал зэрлэг амьтанд аюул багатайгаар хэлбэршүүлж, бүс нутгийн байгалийн ургамлын үр болон тарьц суулгацыг тарьж, биеэ даан ургах чадвартай байхаар нөхөн сэргээх бодлого баримталдаг. Нөхөн сэргээлт болон ногоон байгууламжид ашиглах тарьц суулгац бэлтгэх зорилго бүхий Байгалийн ургамлын үржүүлгийн газрыг 11 дэх жилдээ ажиллуулж, говийн бүс нутагт ургадаг 38 гаруй зүйлийн бэлчээр тэжээлийн ургамлыг үрээр амжилттай тариад байна. Тус компани 2020-2021 онд Өмнөговь аймгийн ажлын хэсэгт 52.39 га талбайн биологийн, 49.68 га талбайн техникийн нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгөөд байна.

Тухайлбал, Ханбогд сум дахь мод үржүүлгийн газар жилд 100 мянган тарьц, суулгацыг бэлддэг. 2021 оны байдлаар нийт 1700 орчим га газарт нөхөн сэргээлт хийжээ. Тус суманд “Природа” компани Байгалийн ургамлын үржүүлгийн газрын чиглэлээр 2020 оны долдугаар сараас “Оюу толгой” компаниас санхүүжилт аван  үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус газрын 26 ажилтан  хоёр ээлжээр жилд 250 мянган суулгац бэлтгэхээр зорин ажиллаж байгаа юм.

Энэ талаар “Природа” компанийн төслийн зохицуулагч, уул уурхайн мэргэшсэн инженер Б.Уранчимэг “Манай Байгалийн ургамлын үржүүлгийн газар таван га талбайд жилд 100 мянган тарьц, суулгац бэлддэг байсан. Харин “Тэрбум мод” хөдөлгөөнтэй холбоотойгоор энэ жилээс 250 мянга болгож нэмэгдүүлээд байна. Нөхөн сэргээлт, ногоон байгууламжид хэрэглэх суулгацыг бэлтгэхээс гадна говийн ховор ургамлуудыг бойжуулах зорилготой” гэв.

Биднийг очих үед Одой хайлаас,  Шар модон хотир, Үнэгэн сүүлхэй лидэр, Бор бударгана, Зүүн гарын бутаргана, Орог тэсэг гэсэн олон төрлийн ургамлыг бойжуулж байв.

 

ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР: БАТ БӨХ ТҮНШЛЭЛЭЭР БҮХНИЙГ ХИЙХ БОЛОМЖТОЙ

Алслагдмал бүс нутаг, хөдөө орон нутаг гэхээр хөгжлөөр хоцорсон хуучны хэдэн шавар байшин, тоос шороо нь манарсан гудамж, нэгэн ижил намхан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга л санаанд буудаг байв. Гэвч Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд сумдаар томилолтоор явсныхаа дараа энэ бодол минь эрс өөрлөгдсөн юм.  Даланзадгад хот хүүхдийн парк, дэлхийн жишигт нийцсэн тансаг музей, гэр хорооллын төлөвлөлтөөрөө онцгойрч байсан бол Ханбогд сум дугуйн замтай хамт тохижуулсан засмал зам, Соёлын төвийн барилга, бүрэн камержсан гудамж талбайгаараа ялгарч байлаа. Цаашид энэ сум хотын хэмжээнд хөгжинө.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, амралт, аялал жуулчлал эрхлэх, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдсэн төв болгон хөгжүүлэхээр төлөвлөөд байна.  Тус сумыг говийн бүсийн тогтвортой, хүртээмжтэй, цогц, ухаалаг загвар сум болгон хөгжүүлж, технологи, дэд бүтэцтэй, амьдрах орчин сайтай, нөөц талбайн шийдэлтэй, ажилтай, орлоготой иргэдтэй, ухаалаг засаглалтай сум болгох төлөвлөлтийн үндсэн шийдлүүдийг дэвшүүлээд байгаа юм. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд “Оюу толгой” төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон билээ.

Энэ талаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Онгоцны буудлаас Ханбогд сум хүрэх замд зөрж өнгөрсөн байгалийн тогтоц, Монголын өргөн уудам  газар нутаг надад төрөлх Өмнөд Африкийг минь санагдууллаа. Үүний зэрэгцээр манай улсын ерөнхийлөгч асан нэгний онч үгийг бодогдууллаа. Мэргэн ерөнхийлөгч нэгэнтээ “Хийхээс нааш бүх зүйл  бүтэшгүй мэт санагддаг” гэж хэлсэн байдаг. Би энэ эшлэлийг багахан өөрчилж “Бат бөх түншлэлээр бүхнийг хийх боломжтой” гэж хэлэхийг хүслээ. Шинэ ажлаа хүлээж авснаас хойших гурван долоо хоногийн хугацаанд асар олон чухал, онцгой үйл явдал надад тохиолоо” гэсэн юм.

Дэйрдрэ Лингенфэлдер Гүйцэтгэх захирлын албан үүргээ  энэ  оны тавдугаар сарын 1-нд хүлээн авсан. Тэрбээр уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч юм. Хамгийн сүүлд Рио Тинтогийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Харин Рио Тинто группт ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудыг гүйцэтгэж байв.

Харин “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Оюу толгой” компанийн ТУЗ, захиргаа, хөрөнгө оруулагч, хувьцаа нийлүүлэгчдийн нэгдсэн шийдвэрээр Ханбогд суманд 50 сая ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэлээ. Энэ бол 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний эхний үе шатын хөрөнгө оруулалт  юм. Цаашид үе шаттайгаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд жишиг сумыг хөгжүүлэх хүрээнд тав тухтай амьдрах, дэлхийн жишигт нийцсэн сургууль, цэцэрлэгтэй байх нарийвчилсан  төлөвлөгөөг боловсруулсан. “Оюу толгой” компанийн хөгжил, дэвшил Ханбогд сумын хөгжилтэй хоршино. Тохилог орон сууцыг ашиглалтад оруулж, таатай амьдрах нөхцлийг бүрдүүлснээр тус суманд суурьших  иргэдийг татна. Ханбогдчуудын чин зүрхний хүсэл эрмэлзэл дээр тулгуурлаж сум хөгжих ёстой” гэлээ.

Одоогоос 18 жилийн дараа буюу 2040 он гэхэд Ханбогд эрч хүчээр дүүрсэн иргэдтэй, эрүүл мэндийн хүртээмж сайтай, боловсролыг дээдэлдэг, цэцэглэн хөгжих боломжийг олгон, тогтвортой өсөлтийг дэмждэг сум болохоор зорьж байна. “Оюу толгой” компанийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд одоогийн найман мянган хүн ам 2025 онд 13 мянга, 2030 онд 18 мянга, 2040 онд 25 мянгад хүрэх урьдчилсан тооцооллыг гаргажээ. Мөн төвлөрсөн хангамжтай орон сууцанд 2025 гэхэд 518 өрх, 2040 он гэхэд 2381 өрхийг хамруулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE