Салах: Баталж хэлье, ирэх улиралд би эндээ тоглоно

Английн “Ливерпүүл”-ийн довтолгооны гол тоглогчдоос Мохамед Салах болон Садио Манэ нарын гэрээ дуусгавар болох тун дөхсөн. Ердөө нэг жилийн л хугацаа үлдсэн.

Садио Манэ Аваргуудын лигийн финалын дараагаар шийдвэрээ хэлнэ гэсэн бол харин египет тоглогч Мохамед Салах үлдэхээр шийдснээ хэлсэн байна. Гэхдээ зөвхөн ирэх улиралд л үлдэж тоглоно гэжээ.

“Би гэрээний талаар нэг их бодохгүй, үүн дээр төвлөрч анхаараагүй яваа. Ямартай ч зөвхөн өөрийгөө бодохгүй. Хэт хувиа хичээгч баймааргүй байна. Хоёр сарын өмнө ч гэсэн би хэлж байсан шүү дээ. Хамгийн чухал нь багийн эрх ашиг гэж. Тэгээд ч энэ долоо хоног бидний хувьд маш чухал. Тиймээс би дахиад Аваргуудын лигийн цомыг өргөх тухай л бодож, төвлөрч явна. Жордан Хендерсоныг гартаа цом өргөж буйг харахыг хүсч байна. Цом эхэлж атгачихаад дараа нь надад дамжуулна гэж найдаж байгаа.

Яг одоо гэрээний талаар ярихыг хүсэхгүй байна. Гэхдээ нэг зүйлийг баталгаатай хэлэхэд, ирэх улиралд бол би эндээ тоглоно. Энэ бол баталгаатай зүйл” хэмээн Салах өгүүлжээ.

Р.Гэгээ

 

SHARE