Хамба Д.Чойжамц: Шүүхийн шийдвэр бүхий түүхийн архивуудыг төгөлдөр болгууштай санагддаг

Ярилцсан Ц.ГАЛБАДРАХ

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүун хамба, соёлын гавьяат зүтгэлтэн Дэмбэрэлийн Чойжамцтай хууль, эрх зүйн сэдвээр хөөрөлдөв.

-Тор улсыг эрэлхэг цэргүүдээс гадна эрдэм чадалтай хуульчид хамгаалдаг гэж Францмн нэгэн торийн зүтгэлтэн, нэртэй хуульч бичсэн байх юм. Энэ үнэн үү. Үпэн бол Монголыи хуульчид эх орноо хэрхэн хамгаалж байгаа бол?

-Эх орныг хамгаалдаг олон зүйл бий.

Ази тивд, нэг тивд амьдардаг ч монгол хүн, япон хүн, хятад хүн өөр өөр байх жишээтэй. Уламжлал, соёл, үзэл бодол, өнгө төрх, араншин, хууль, ёс зүй… эднүүд нь өөрсдөд нь, амьдрал ахуйд нь их зохицсон байдаг. Энэ бол нэг талаар ард түмний өөрийгөө хамгаалж ирсэн бодлого юм.

Өнөөгийн ардчилсан нийгэм хуучных шиг үзэл суртлыг дагаж амьдардаг нийгэм биш юм. Хууль дагаж амьдардаг нийгэм рүү орчих шиг боллоо.

Тийм учраас хууль, ёс зүй гэдэг манай нийгмийн хамгийн өндөрт өргөж явах ёстой үнэт зүйл болж байна. Тэгж гэмээнэ Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл нь бат, хэрэг зөрчил бусармаг явдлаас ангид байх болж байна.

Шашин бол ямар үүрэгтэй юм гэхээр ард түмний дотоод сэтгэхүй рүү нь ханддаг. Эвтэй, зохицолтой, бие биеэ хайрладаг, энэрдэг, нигүүлсдэг, уучилж чаддаг, өршөөж чаддаг тэр уу сэтгэл, уужим ухааныг бий болгодог. Үүнийг шашнаасаа авдаг.

Харин төр бол ёс зүй дээр тулгуурласан хууль гээчийг гаргаж, түүгээрээ нийгмийн амьдралыг зохицуулдаг. Ухаан нь “Энэ хилээс цааш явж болохгүй шүү. Ингэх юм бол ард түмний эрх ашиг, хүний эрх чөлөөнд харшлаад эхэлнэ шүү” гэдэг хэм хэмжээг тогтоож, түүгээр журамлаж зохицуулдаг.

Гадаад, дотоод засаглал гэж дээр ярьдаг байсан. Арга билгийн ухаан ч гэж ярьдаг. Энэ талыг их сайхан бодож ажиллууштай юм.

Нөгөөтэйгүүр, хууль тогтоогчид, эрх барьж байгаа нам, бүлгийн үзэл бодол, эрх ашиг, тэгээд хүмүүсийн эрх ашиг буруудлаа бол хэчнээн сайхан хуультай байгаад нэмэр байхгүй болж эхэлдэг байдал харагдаад байдаг.

Яг ийм будилж байгаа үед нь л эр зориг гаргасан хуульч жинхэнэ эх орноо хамгаалагч, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалагч болох учиртай.

-Төр бол хоосон чанар гэж ярьдаг, хэлдэг. Тэгвэл төрийн мөн чанар нь юу вэ, таныхаар…?

-Төр гэдэг үймэл зүймэл эд. Яг Монголын төрийг аваад ир гэхэд бариад авах зүйл олдохгүй. Парламентийн байшин ч биш, 76 хүн ч биш, Засгийн газар ч биш.

Гээд байхгүй юу гэвэл байна. Хуулиа боловсруулаад, баталж гаргаад, дагаж мөрдүүлээд, дэлхий дээр Монгол Улс гэж тусгаар тогтнолоо баталгаажуулаад, олон оронтой дипламот харилцаа тогтоогоод… гэхчилэн төрийн үүрэг хариуцлага бүгд байна.

Тэгэхээр юм юм зүй зохистойгоор хавсран нийлж байж төрийг бий болгодог.

-Тэр нийлэмж нь төрийн мон чаиар гэсэн үг үү?

-Тийм юм. Буддын шашны номоор бол “төгс бус хуран үйлдсэн” гэдэгт ордог юм, төр, цаг хугацаа, эднүүд.

Ямар нэгэн зүйлтэй харьцуулж байж ойлгодог зүйл. Тэр л ай савд багтах, эд эсээс бүтээгүй мөртлөө байж байдаг, танин мэдэж болдог, тийм л зүйл.

-Хуулийн заалтын агуулга, язгуур мөн чанарыг тайлбарлаж чаддаг хүнийг л хуульч гэнэ гэж нэгэн эрхэм хэлжээ. Харин таныхаар хуульч гэж чухам ямар хүнийг хэлэх вэ?

-Хууль топгоох байгууллагын батласан хуулийг, мөн чанарыг нь сайн гэгч ойлгоод, бодлыг нь мэдээд, тэгээд амьдрал дээр хэрэгжүүлж, практикт хэрэглэж чадаж байгаа хүнийг л хэлнэ.

Амьдрал баян юм хойно хуулиар зохицуулахад хэцүү хэцүү зүйл гарах нь мэдээж. Жишээлэхэд, Английн парламентад их хэцүү үйл гарахад бүхэл бүтэн түүхийн архиваа шүүрдэж “Хоёр гурван зуун жилийн өмнө ийм янзын хэрэг гарч байсан байна. Тэр хэргийг ийм хуулиар шийтгэж байжээ” гэхчилэн гарц гаргалгаа олж шийдвэрлэдэг тухай дуулж байсан.

Тэгэхээр практик амьдрал чухал хэрэгтэй болж байгаа биз.

Миний бодлоор, анхдугаар Үндсэн хуулиа батласан 1924 оноос, цаашлаад Монголын хаант төрийн үе 1911 оноос, бүр цаашлаад түүнээс өмнөх үеийн хэрэг маргаан шийтгэж шийдвэрлэж байсан түүхийн архивуудыг маш төгөлдөр болгож өгүүштэй.

Тэндээс хэрэг зөрчлийг уламжлалын дагуу, тухайн үеийн хууль цаазын дагуу яаж шийдэж байж вэ гэдгийг харж, сэрж, сэжим гаргалгаа олж байвал зүгээр санагддаг.

Энэ нь хуульчдыг хуулиа хэрэгжүүлэхэд дөхөм болж, хэрэг маргааныг монгол төрхөөр энэрэнгүй талдаа шийдэхэд хэрэпгэй зүйл болох болов уу.

-Хуульч хуний бахархал юу байвал зохилтой вэ?

-Нийгмийн дэг журам, авилга, хээл хахууль, улс төрийн болон янз бүрийн будлианыг зөв дэнсэлж, хуулиуд ном ёсоороо хэрэгжих болсон нөхцөлд л хуульч хүн өөрөөрөө бахархах болов УУ-

Хууль ном ёсоороо хэрэгжээд ирэхээр улс орны амьдрЗл энхтайванжаад, хүмүүс хоорондын харилцаа эв найрсаад, бусармаг явдал багасаад, цөөрөөд ирэх нь мэдээж.

Олон жил хэрэгжсэн хууль уламжлал, зан заншил, соёл болоод явчихдаг. “Голд сүү дусааж болдоггүй юм, лусын нүд сохорно”, “Байгалиас модыг нь тасчаад байж болдоггүй юм, ус булаг ширгэж ган гачиг нүүрлэнэ” гэхчилэнгээр хэв заншил руу шилждэг.

-Бахархиаар, үгийг пь сонсмоор, улгэр дууриал болгомоор хуульч Монголд хэр олон байна вэ?

-Их хурлын депутат болж, шинэ Үндсэн хууль, Шашны хуулийг хэлэлцэж байх үед хуульчидтай санал бодол ихэд солилцдог байв. Шашныг яаж зөв зохистой явуулахав, хойшдоо ямар байхав гэдэг талаар Б.Чимид гуайтай их ярьдаг байсан. Д.Лүндээжанцан, С.Нарангэрэл, Ц.Нямдорж, Л.Дашням, Р.Гончигдоржтой их ярьдаг байсан. Г.Совд гуайгаас асууна. С.Төмөр гишүүн гэж байв. Олон хүнтэй ойр дотно байсан даа. Тэд сайхан мэдлэгтэй.

Ер нь нэгэн цаг үед амьдарч байгаа хүмүүс бие биеэ үнэлдэггүй. Цаг үе өнгөрсний дараа сайхан хүн байсан юм байна шүү дээ гэдэг.

Бид гоочлохгүй, маажихгүй, хорлохгүйгээр итгэж очоод, үнэн зүрхнээсээ асуух юм бол олон жилийн мэдлэг мэргэжилтэй болчихсон тэр улс чинь хариулахдаа л хариулна. Хэлж өгнө.

Одоо ч гэсэн би олон хүнээс юм асууж явдаг. Надаас хамаагүй дүү улс олонх нь байдаг. Их мэдлэг, чадвартай залуус байна, байна. Тэдний дунд хуульч ч олон бий. Хөгшин залуу, хөвөө нялх гэлтгүй бүгдээрээ л нийлж байж Монгол Улс шүү дээ, бид чинь.

-Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зайтай гэж яръдаг. Шударга байна гэдэг үнэн байхын нэр байх. Гэвч оөрийгөо шударга гэж дуугарч байгаа болгоны үг, үйлдэл худал байх нь элбэг болсон мэт. Үнэн хаа явна вэ? Үнэний хязгаар хаа байдаг юм бол оо?

-Үнэн худал хоёр их ойрхон байдаг юм шиг. Ганцхан зураасны хоёр талд. Үнэн гэдэг зурааснаас халиад нөгөө талд нь гарчихвал худлаа болчихно.

Хэн нэгнийг яг үнэн явж байна гэдгийг юугаар батлах юм гэхээр бараг түүх л батлах байх. Түүх өөрийгөө дүгнэж явдаг. “Амар гуай мөн мундаг хүн шүү” гэсэн үгс хүн болгоны аман дээр гарч ирдэг болно гэдэг, “Тэр ч мөн бусармаг эр байсан даа, хойш урагшаа орох гээд өргөдөл бариад явж байсан юм гэнэ лээ, тэгж тэгж бузраа хольж явсан юм гэнэ лээ” гээд ярьж байгаагийн аль алийг бодоход түүх хэзээ нэгэн цагт хүмүүсийн үнэн худлыг тооцоолон гаргаж ирдгийн жишээ.

Түүх явцаараа усны түрлэг шиг. Хүмүүсийн дотоод, элэг зүрх, элдэв юмнуудыг бүгдийг нь үзчихээд, үнэн худлыг нь дэнсэлчихээд заримыг нь тодруулж товойлгон байр суурийг нь эзлүүлэн мандалдаа хөвүүлж, заримыг нь хөвөөндөө гаргаад хаячихдаг ийм дүр зураг харагдаад байдаг юм.

Тэгэхээр өөрийгөө шударга гэж дуугарч байгаа болгоны үнэн худлыг түүх нэг л өдөр хэлээд өгнө.

-Ардчилсан тортэй боллоо, үг, үзэл бодлоо чолөотэй илэрхийлдэг сайхан цаг ирлээ гэсэн. Гэтэл сүүлийн үед хүмүүс чанга дуугарч чадахаа байгаад шивнэдэг боллоо. Яагаад шивнэж ярихад хүрэв ээ. Энэ ардчиллын явдал мөн үү?

-Ардчилсан төр гэдэг бурхны шашны ёсоор ярих юм бол бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөө юм.

Хуульд л харш биш бол биеэр юуг ч хийж, амьдралынхаа төлөө зүтгэж, өөрийн хэлээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сэтгэн бодсоноо хийж болж байна. Энэ гурав эерэг сөрөг гэсэн хоёр талтай.

Эерэг тал нь буян гэж хэлдэг дээ. Буян нь өөрт эрх чөлөөг нь баталгаатай болгоо л байна. Харин өөрийн эрх чөлөөг алдагдуулж бусармаг болгоод байдаг зүйлийг нь нүгэл гэдэг.

Элдэв мууг хийх, хэн нэгнийг дайрч доромжлоход гадна талын ертөнцөд дандаа өөрийнх нь эсрэг дайсан босоод л, эрх чөлөөг нь боомилоод байдаг. Хүнийг Хулгайч аа” гэж дандаа хэлдэг, зүхдэг хүн өөрөө нэг л өдөр өөрийнхөө хэлдэг үгээр өөрөө дуудуулах болчихосн байдаг. Энэ нь эрх чөлөөт сайхан биеэ эргээд гутамшигт оруулах тийм л үйлийг хийгээд байгаа нь тэр.

Ардчилал бол хүний эрх чөлөөний байгалийн гарвалыг нь тавьж өгч байгаагаараа онцлогтой. Гэвч зарим талаараа үүнийг буруу ойлгох хандлага бий.

Нэг хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана аа гэдгийг Үндсэн хуульдаа бид тунхагласан шүү дээ. Тэгэхээр би хэчнээн эрх чөлөөтэй байлаа гэхэд бусдаар л миний эрх чөлөө баталгаажиж явдаг.

Би эрх чөлөөтэй хүн гээд дарх хийж алх дөш пижигнүүлээд нэг сууцанд амьдардаг бусдынхаа амгалан тайван байдлыг алдагдуулаад байж болох уу. Миний тэр балбах эрх чөлөө бусдын тайван байх эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байгаа учраас эрх чөлөө тодорхой хуваарилалттай эд юм.

Тэгэхээр таны эрх чөлөө бусдад хохиролтой болоод хаагдаж байгаа бол нэг хэрэг. Аа харин үзэл суртал, намд таарахгүй, хэсэг бүлэг хүний сэтгэлд нийцэхгүй болоод чанга дуугарах эрх чөлөө тань хаагдаж байгаа бол өөр хэрэг. Тэр бол эрх чөлөөний эсрэг тал яах аргагүй мөн.

-Хууль батлагдлаа л гэх юм. Тодхөн нэмэлт өөрчлөлт орууллаа л гэх юм. Юу нь өөрчлөгдөөд, юу нь нэмэгдэж хасагдаад байгааг ялгах аргагүй л юм болоод байх шиг. Та анзаарахгүй байна гэж үгүй дээ. Нэгэн цагт АИХ-ын депутат байж, шинэ Үндсэн хуулийг тогтоолцож явсан хүний хувьд?

-Тийм ээ, хууль, олон янзын хууль батлагдаад гараад л байгаа юм. Мэдэхгүйгээсээ мэдэх рүүгээ явж байгаа нь тэр юм уу даа л гэж ойлгодог.

Заримдаа ч эргэлзэх үе байна, байна. Бусад орныг хуулан дуурайсан ерээд оны эхэн үе байна. Хуулсан нь монгол орны нөхцөлд таарч тохирохгүй болоод ирэхээр заавал засах шаардлага гарч байгаа зүйл ч байна. Хэсэг бүлгийн нөлөөн дор батлачихсан нь Монгол Улсын ерөнхий эрх ашигт таарч тохирохгүй болоод солих нь ч бий л байх. Ерөнхийгөөрөө барчид саад олон гарч байгаагаас л нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа тал харагддаг.

Хуулинд нэмэлт өөрчлөлт хийх бодит шалтгаантай бол өөр хэрэг.

Тэгэхгүй нам бүлгийн эрх ашгийг урьтал болгоод Монгол Улсын ерөнхий эрх ашигт харшилсан өөрчлөлт хийгээд эхэлбэл Монгол Улсын тусгаар тогтнол маш эгзэгтэй л болно доо гэж айдаг.

-Баян ядуу гэсэн эсрэг тэсрэг ойлголт байна. Хүн болгон шахуу баяпыг үзэн ядаж, муу муухайгаар нь дууддаг. Тэгсэн мортлөө бүгд баян болох гэж мөроөдөод зүтгээд байдаг. Шүүмжлэл морөөдөл хөёрын зааг ялгаа гэж байна уу?

-Ер нь аль ч нийгмийн үед баянаа жаахан илүү үздэг хандлага байдаг л даа.

Гэхдээ бусармаг булай зүйлээр баяжсан байна уу, өөрийн нөр их хөдөлмөрөөр баяжсан байна уу гэж баяныг хоёр ангилж үзэх нь дээр байх. Дээрээс нь нийгэмдээ хэр зэрэг тусалж байна вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Япон байна. Гайхалтай хөгжсөн, орчин үеийн техник хэрэгслэлийн хувьд дэлхийн тэргүүн эгнээнд явна аа гэхэд “Хэн түүнийг хийсэн юм бэ, Засгийн газар нь уу” гэхээр “хувийн хэвшлийнхэн” нь байдаг. Харин хувийнхнаа засаг төр нь зөв бодлогоор зөв дэмжсэний үр дүн харагддаг. Хувийн хэвшлийнхний буянаар олон иргэд нь ажил төрөлтэй болоод, амьдрал ахуй нь дэвжээд, хийсэн бүтээсэн нь дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй болоод тэр хэрээрээ мөнгө хөрөнгө болж буцаж Япондоо орж ирээд… тийм баяжилтыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгж байж л энэ бидний байгуулж байгаа зах зээлийн нийгэм ч урагшаа явна шүү дээ.

Баянаасаа гадна баян хүнийг ад үзээд байгаа хүмүүсийг хоёр ангилж үзэж болмоор санагдана. “Чи бол үнэхээр хөдөлмөрөөрөө баяжиж байгаа хүн байна. Хийж бүтээж байгаагаараа хэдэн мянган хүнийг ар гэртэй нь тэжээгээд сайн байна” гэж сайшаан магтахыг нь магтаад, “Чи бол мунхаг баян байна” гэж ялгаа заагийг нь мэдээд хэлж байгаа шүүмжлэгчийг зөвтгөж болох.

Харин өөрөөсөө илүү гарсан болгоныг муухай хараад л, хэнийг нь мэдэхгүй мөртлөө хүнийг нь балбаад, өөлж баалаад, зоргоороо загнаж хараагаад байгаа нэг хэсгийг өмөөрөх аргагүй л юм даа.

-Гэрийн баянаас Хээрийн баян… гэж ардын үг бий. Энэ дөрвөн үгийн цаана чухам ямар утга санаа агуулагдаж байдгийг эдүгээ цагийнханд “орчуулж” хэлж өгнө үү?

-Зохих юмыг зохих хэмжээнд нь зарж бай л гэсэн үг. Яах аргагүй гэр юмтай байх шаардлагатай. Гэр бүлүүд урт настай байх ёстой. Тэгвэл хамтдаа удаан жаргана. Өвчингүй байх ёстой. Тэгвэл нэг нэгэндээ жаргалтай сайхан амьдралыг бэлэглэнэ. Хэн нэг нь өвдөөд л байх юм бол зовлон. Хэрүүл уруул хийгээд байвал хэцүү.

Эд таваартай байх шаардлагатай.

Харин аливаа нэгэн үйлд явахдаа горойгоод зарж чадахгүй, зүдрээ л, өлсөө л, цангаа л, хувцас хунараа х-айрлаад өвөл нүцгэн шахуу явж даараа л, өвчин хууч тусаа л… ингээд байх юм бол болохгүй ээ л гэсэн санаа.

Хүн гэртээ баян байж болно. Түүнээс гадна хээр гадаа, аян замд явахдаа, олонтой хамт байхдаа идэж уухаа дэлгээд бусдыгаа дайлаад сууж байх сайхан шүү дээ. Энэ нь нэгд, олсноо өөртөө зарж чадаж байгаа, бас олноо баярлуулж чадаж байгаа сайхан үйл л юм. Түүнийг магтан сайшаасан хэрэг юм даа.

-Хуулийн шинэчлэл, шуүх, эрх мэдлийн шинэчлэл гэж дээр доргуй ярьж байна. Хуулъчаа шинэчлэх асуудал энд багтаж байгаа болов уу?

-Шинэчлэнэ гэдгийг орвонгоор нь өөрчлөх гэж ойлгох тохиолдол элбэг, манайханд. Яахав дээ, сүм дуганыг нураах, лам нарыг алж талж устгах гэдгээс л үүдэлтэй байх. Ард түмний тархинд шинэчлэнэ гэхээр орвонгоор нь эргүүлж, сүйдэлж устгаж өөр зүйл хийх гэсэн ойлголт суучихсан шиг байгаа юм.

1990 оноос хойшхи шинэчлэл бол алж хядах тухай биш шүү дээ. Тайван замаар ирсэн хувьсгал. Үндсэн хуулиараа нэг хэсэгт нь эрх олгоод нөгөө хэсгийнх нь эрхийг хасаагүй.

Харин өөрийнхөө сэтгэлд таарахгүй байгаа болгоныг шинэчлэнэ гээд байж болохгүй. Монгол нутгийн хөрс шороон дээр таацсан тохирсон маш олон зүйл байна. Түүнийг заавал шинэчлэх гэж довтлоод байх шаардлагагүй. Хуучнаараа байхад болох зүйл олон байна. Монголын нөхцөлд таарч тохирохгүй байгаа, ерөнхийдөө хүн төрөлхтөний түүхийн явцад таацахгүй байгаа зүйлийг шинэчлэхээс өөр аргагүй. Өөрчилсөн нь дээр.

Хууль, шүүх, эрх мэдлийн шинэчлэлийн хувьд бүрэн дүүрэн ойлголтгүй байгаа учраас бат нотод зүйл хэлж чадахгүй нь.

Ерөөс шинэ гэдэг ойлголт өөрөө их сонин.

-Юу нь сонин гэж… ?

-Яг нэг эгшинд л байдаг зүйл шүү дээ, сайн бодох юм бол. Яг одоо л байдаг. Одоо гэдэг бол ганцхан эгшин. Тасгээ л одоо өнгөрчихдөг. Та бид хоёрыг яриад сууж байхад хэчнээн одоо өнгөрч байгаа бол. Тэгэнгүүт түрүүчийн эгшин хуучраад л явчихдаг.

Тэгэхээр олон эгшинд хэрэгжиж л байдаг урт настай хуультай, олон эгшний үйлийг шударгаар дэнсэлж чаддаг шүүх засаглалтай, хуульчидтай байвал сайхан даа.

Эх сурвалж: “Хуульч ньюс” сэтгүүл

 

SHARE