“Үхэх дөхсөн ч энэ өмсгөл биднийг эцсээ хүртэл тэмцэхэд сургасан”

 

Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн “Реал Мадрид”-“Манчестер Сити”-гийн тоглолт нэмэлт үеийн дараагаар 3:1-ээр өндөрлөлөө.

Дон Карлогийн удирдсан Мадридын клуб 90 болон 90+1 дэх минутад бразил залуу Родригогийн гоолоор хоёр тоглолтын нийлбэр дүнг тэнцүүлж, харин нэмэлт үед Карим Бензема дахин гялалзаж, хожлын гоолыг пенальтиас оруулав.

Тоглолтын дараагаар хоёр багийн дасгалжуулагч болон хөлбөмбөгчид юу ярьсныг хүргэе.

“Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола “Бид тун ч дөхүүллээ. Гэвч эцсийн дүндээ финалд гарч чадсангүй. Ийм л байна. Эхний үед манай баг нэг их сайн тоглоогүй. Гэвч манай хаалганд бас нэг их аюултай довтолгоо ирээгүй.

Гоол оруулсныхаа дараагаар манай залуус сайн тоглож эхэлсэн. Бид тоглолтын хэмнэлээ олж, өөрсдийнхөөрөө байж эхэлсэн. Ер нь сүүлийн 10 минутад “Реал Мадрид” довтлоод, бид арагшаа сууж хамгаална гэхээр зүйл ажиглагдаагүй.

Өрсөлдөгч багийн ихэнх хөлбөмбөгчид манай торгуулийн талбай руу орж ирж, Милитао, Винисиус, Бензема нар руу хөөргөсөн дамжуулалт өгсний хоёр нь гоол болчихлоо. Өнөөдөр бид сайн тоглоогүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ чинь Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн тоглолт шүү дээ. Хөлбөмбөгчид маань дарамт мэдэрсний зэрэгцээ мөн амжилтад хүрэх гэж хэт мэрийсэн байх.

Хөлбөмбөг бол барьцгүй эд. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо яг юу нь болоогүйг дүгнэж үзээд өмнөх тоглолтуудаа бодох ёстой. Бидний өмнө дахиад дөрвөн тоглолт байна” хэмээн өгүүлжээ.

Тэгвэл “Реал Мадрид”-ын дасгалжуулагч Карло Анчелотти юу хэлснийг сонирхуулья. “Ингэж хожоод сурчихсан юм гэж хэлэх хаашаа юм. Гэхдээ “ПСЖ” болон “Челси”-тэй тоглоход болсон явдал дахиад давтагдлаа.

Яаж ингэж хожоод байгаа юм бэ? гэж та асуух гэж байгаа бол клубын түүхтэй холбоотой гэж хэлмээр байна. Бид үхэх тун дөхсөн ч энэ өмсгөл биднийг эцсээ хүртэл тэмцэхэд сургасан юм. Тоглолтын хувь заяа бараг шийдэгдчихсэн байлаа шүү дээ. Гэвч эцсийн мөчид бид эргүүлэх хүчийг оллоо. Хүчтэй өрсөлдөгчийн эсрэг сайн тоглолоо.

“Сити” санаачлагыг авч тоглосон ч бид сүүлчийн минутуудад нэмэлт үе рүү оруулж чадлаа. Парист дахиад нэг хүчтэй өрсөлдөгчтэй финалд тоглох болсондоо баяртай байна. Хүчтэй өрсөлдөгчтэй тоглоод сурчихсан баг шүү дээ. Гайхалтай сайхан тоглолт болно” хэмээн Анчелотти өгүүлжээ.

Мадридын клубын хаалгач Тибо Куртуа тоглолтын дараагаар “Тоглолтын төгсгөлд бүгдийг эргүүлчихнэ гэж итгэсэн гэж би хэлж чадахгүй. Манай довтолгоо нэг их сайн биш байсан болохоор тэр. Сүүлчийн дамжуулалт дээр л болохгүй байсан юм. Заримдаа бүр жирийн дамжуулалтууд ч оновчгүй болж байлаа. Гэвч тэр гоол, тэгээд фанатуудын дэмжлэг бүхнийг өөрчиллөө.

“Сити”-гийнхэн ч гэсэн нэг гоол алдаад бүгдийг мэдэрсэн байх. Тэднийг айсан гэж хэлэх гээгүй юм шүү. Зүгээр тэд цаашид юу ч болж мэдэх нь гэдгийг ойлгосон байх” хэмээн өгүүлжээ.

Р.Гэгээ

 

SHARE