Конте “ПСЖ”-д очих уу?

52 настай итали дасгалжуулагч Антонио Конте ирэх улиралд “Тоттенхэм”-ийг биш Францын “Парис Сэн-Жэрмэйн”-ийг удирдаж магадгүй тухай мэдээ түглээ.

Хэдийгээр Антонио Конте “Тоттенхэм”-д Харри Кейн нарын зэрэг авъяаслаг хөлбөмбөгчидтэй ажиллахад сайхан байгаагаа удаа дараалан хэвлэлээр хэлсэн ч гэлээ хүсэл нь Парисын клубт очиж ажиллах гэнэ. Тиймээс ч хэрвээ Маурисио Почеттиног энэ улирлыг дуусгаад Парисаас явуулбал оронд нь очиж ажиллахыг хүсч байгаа ажээ.

“Тоттенхэм”-ийн ерөнхийлөгч Даниел Леви “ПСЖ”-ийн ерөнхийлөгч Нассер Эль-Хэлаифитай харилцаа тун сайтай учир хэрвээ Антонио Конте явах хүсэл гаргаад, Парисын клуб мөн үүнийг нь дэмжвэл тодорхой үнийн санал дээр тохиролцохоос буцахгүй бололтой.

Антонио Конте өөрөө “ПСЖ”-тэй хоёр жилийн гэрээ хийхийг хүсч буйгаа мэдэгдсэн гэж Football Italia мэдээллээ. Харин Маурисио Почеттиногийн хувьд клубээс явах нь нэгэнт тодорхой болсон гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ. Тиймээс одоо Контегийн замд тээг болж чадах ганц хүн нь Зинедин Зидан гэнэ.

Испанийн “Реал Мадрид”-ын дасгалжуулагчийн ажлаа өгсний дараагаар Зидан ямар нэгэн баг удирдалгүй өдийг хүрсэн. Гэхдээ Зиданы хүсэл бол “ПСЖ” биш Францын шигшээ багийг удирдах тул ирэх өвөл ДАШТ дууссаны дараагаар Дидье Дешам ажлаа өгвөл Зидан шигшээг удирдах боломжийг хүлээн, “ПСЖ”-ийн саналаас татгалзах магадлал байгаа ажээ.

“Парис Сэн-Жэрмэйн”-ээс энэ улирал дуусгаад ганц Маурисио Почеттино ч биш мөн спортын захирал Леонардо явж магадгүй гэх мэдээ мөн түгсэн.

Р.Гэгээ

SHARE