Хотын дарга, хотын зөвлөлийн гишүүн хоёр рингэн дээр маргаанаа шийджээ

Бразилын Амазонас мужийн Борба хэмээх хотын дарга, мөн хотын зөвлөлийн гишүүн хоёр маргаантай асуудлаа шийдэхээр рингэд гарчээ.

Маргааны гол сэдэв нь хотын ядуу өрхүүдэд үнэгүй хүнсний бүтээгдэхүүн олгох эсэх мөн олон нийтийн амралтын газрын ирээдүйг хэрхэн шийдэх байж.

Хотын дарга Симао Пэйшотогийн шийдвэрийг хотын зөвлөлийн гишүүн Эринео да Силва ихэд шүүмжилжээ. Зүгээр шүүмжлээд зогсохгүй үгийг нь авахгүй байгаа хотын даргыг тулаанд дууджээ.

“Үнэхээр рингэд гарахыг хүсээд байгаа бол хүссэнээр нь болог. Би боксчин биш ч гэлээ төрөлхийн ялагч хүн шүү” гэж хотын дарга мэдэгдсэн байна. Ингээд хоёулаа тулаанд бэлдэж эхэлжээ. ММА-гийн (Mixed martial art-Холимог тулааны урлаг) дүрмээр зодолдъё гэж ярилцаж тохирсон гэнэ. Тулаан ч болж, хотын даргаа иргэдийн төлөөлөгчтэй үзэлцэж буйг харахыг хүссэн хүмүүс 17 ам.доллароор тасалбар худалдан авч, тулаан болсон сургуулийн спорт заал пиг дүүрчээ. Энэ тулааныг Борба хотноо телевизээр шууд дамжуулсан байна.

Да Силваг ялна гэж ихэнх нь бооцоо тавьжээ. Эхэндээ үнэхээр Да Силва хотын даргыг нокдаунд оруулж, тоолуулсан ч Симао Пэйшото тулаанаа үргэлжлүүлсэн төдийгүй гурван үеэ дуусгаж, оноогоор ялсан байна.

Тулаанд ялсан хотын дарга “Би энэ үйлдлээрээ залуусыг спортод татах гэсэн юм” гэж өөрийгөө зөвтгөжээ. Гэлээ ч цар тахлын үеийн журам зөрчиж, олон хүн цуглуулж тулаан хийсэн гэсэн үндэслэлээр хотын даргыг шалгаж эхэлсэн байна.

Р.Гэгээ

SHARE