“Арсенал”-ын хараал шүглэсэн ахлагчийн тууз

 “Арсенал”-ын үнэнч фанат гэдгээрээ алдартай хөтлөгч Пирс Морган “Чи ямар адгийн, чи ямар дүвчин, чи ямар өчүүхэн юм бэ?” хэмээн Микел Артетад үг хаяжээ. Энэ бол ээжийгээ эргэчихээд ирсэн хүнд тэгж хандах ёсгүй гэсэн бухимдлын илрэл байв.

Пьер-Эмерик Обамеянг бие нь өвдсөн ээжийгээ эргэхээр Франц руу явчихаад лхагва гариг гэхэд ирсэн байх ёстой атал пүрэв гаригийн өглөө ирсэн юм байна. Пүрэв гаригийн өглөө Лондонд буумагцаа шууд багийнхаа бэлтгэлд оччихож болох атал заавал лхагва гаригийн орой очих хэрэг алга гэж том толгойлж өөрөө шийдсэн хэрэг.

Ингээд пүрэв гаригийн өглөө Лондонд буутал цар тахлын журмын дагуу ПСР шинжилгээ өгөх ёстой болж таарчээ. Тиймээс бэлтгэлдээ гарч чадсангүй. Хэрвээ лхагва гаригийн орой ирсэн бол шинжилгээгээ өгөөд маргааш нь бэлтгэлдээ гарч болох байж л дээ. Иймэрхүү л үйл явц болж.

Мэдээж, Микел Артета үүнд уурлаж, ахлагчийн үүргээ ухамсарласангүй хэмээн сахилга батын арга хэмжээ авчээ. Гэхдээ хэргийн учир нь Обамеянг өвчтэй байгаа ээжийгээ эргэчихээд ирсэнд байлаа. Тэрнээс шоу цэнгээн хөөж яваад ирсэн бол Микел Артетагийн 100 хувь зөв болох байсан биз.

Ингээд клубын удирдлага болон дасгалжуулагчийн зүгээс Обамеянгийн ахлагчийн туузыг хураах шийдвэрийг өчигдөр гаргасан тухай мэдээлсэн. Тэгвэл Тьерри Анригаас хойш “Их буучид”-ын ахлагчийн туузыг зүүсэн хөлбөмбөгчид нэг бол гэмтэх үгүй бол өөр баг руу явдаг нь уламжлал шахуу болсныг хэвлэлүүд эргэн сануулжээ.

“Арсенал”-ын фанатууд дахиад Тони Адамс, Патрик Виейра шиг ахлагчтай болохсон гэж хүсдгийн зэрэгцээ ахлагчийн туузанд хараал шүглэсэн ч гэх яриа гарах болсон юм. Ингээд үнэхээр Анригаас хойш ахлагчийн туузанд хараал шүглэсэн эсэхийг он цаг, үйл явдлын мөр хөөн өгүүлье.

Уильям Галлас /2007-2008/

Франц хамгаалагч Уильям Галлас нэг улирлын хугацаанд “Арсенал”-ын ахлагч байж үзсэн. Анригийн дараагаар түүнийг ахлагчаар сонгоход зарим фанатууд зөв сонголт гэдэгт эргэлзэж байж. Эргэлзэх үндэслэл ч байсныг удаахь үйл явдлууд нотлох болно.

“Арсенал” тэр улиралд “Манчестер Юнайтед”-тай аваргын төлөө өрсөлддөгөөрөө өрсөлдөж байлаа. Гэтэл гайтай юм шиг хайран сайхан хоёр оноогоо “Бирмингэм”-тэй тоглохдоо 2:2-оор тэнцээд алдчих нь тэр.

Бужигнасан энэ ширүүн тоглолтын явцад авъяаслаг залуу тоглогч Эдуардо маш хүнд бэртсэн юм. Үүгээр ч зогсохгүй тоглолтын төгсгөлд Жэймс Макфадден пенальтиар тоог тэнцүүлж Галласын уур цухлыг бадраажээ. Бухимдсан Галлас талбайн хажуу талын рекламын самбарыг хар хүчээрээ өшигчив. Харин тоглолт дууссаны дараагаар талбайн голд өвдгөө бариад суучих нь тэр. Арсен Венгер өөрөө очиж, аргадаж байж Галласыг хувцас солих өрөө рүү зүглүүлсэн.

Хожим энэ явдлын талаар Йенс Леманн дурсахдаа “Тоглолтын дараа тэр талбайгаас гарахгүй гээд суучихсан. Яг л зөрүүд жаахан хөвгүүн шиг аашилсан” гэж хэлсэн байдаг.

Галлас Венгерээр аргадуулан хувцас  солих өрөөнд ормогцоо бразил тулгуурын хагас хамгаалагч Жилберто Силватай барилцаж авахаа шахжээ. Жилберто Силва “Чи шал тэнэг зан гаргаж, өөр дээрээ анхаарал татахаа л бодох юм” гэж Галласт хэлсэн юм билээ. Тэр хоёр улиралжингаа харилцаа нь сэргэхгүй байсаар дууссан гэдэг.

Галлас нэгэн тоглолтын дараагаар ярилцлага өгөхдөө багийнхаа залуу тоглогчдыг хулчгар, зоримог биш, ялагчдын сэтгэлзүйгүй гэж муулсныхаа дараагаар ахлагчийн туузаа хураалгасан түүхтэй.

Франсеск Фабрегас /2008-2011/

Галласаас ахлагчийн туузыг аваад 21 настай Фабрегаст зүүж өглөө. “Арсенал”-ын түүхэнд хамгийн залуугаараа энэ туузыг зүүсэн хөлбөмбөгчдийн жагсаалтын хоёрт бичигдэж байгаа нь тэр.  Гэвч ахлагч болсныхоо дараахан өвдөгний хүнд бэртэл авч, дөрвөн сар тоглож чадсангүй.

Гэхдээ Фабрегас сайн тоглогч байсныг хэлэх хэрэгтэй. 2009 онд “Блэкберн”-ийг 6:2-оор хожиход гоол оруулсны зэрэгцээ дөрвөн гоолын дамжуулалт өгч шагшигдаж байв. Гэвч гэмтэл бэртэлд ээрэгдсээр байлаа. Харин 2010 онд түүнийг унаган баг “Барселона” руугаа явахыг хүсч буй тухай яриа гарах болов.

2010/11 оны улирлын сүүлчийн тоглолтод “Фулхэм”-тэй 2:2-оор тэнцсэний дараахан Фабрегас Испанийн Гран-Пригийн зургийг жиргэж, “их буучид”-ын фанатуудын уурыг барсан түүхтэй. Тэгээд ч удалгүй Тьерри Анригийн мөрийг хөөн “Камп Ноу” руу одсон.

Робин Ван Перси /2011-2012/

Фабрегасын дараагаар нидерланд довтлогч Робин Ван Перси ахлагч боллоо. Премьер лигийн шалгарсан шилдэг довтлогч Робингүд багийнхаа дэд –ахлагчийн үүргийг өмнөх улирал гүйцэтгэсэн байлаа. Тиймээс ахлагчийн тууз огт хүнддээгүй.

Тэр улиралдаа бүх тэмцээнд 48 тоглолтод гарч 37 гоол оруулж, Премьер лигийн шилдэг мэргэн буучийн шагналыг гардаа. Гэхдээ баг нь гуравдугаар байрт орсон юм. Харин Робины хүсэл бол Премьер лигийн аварга болох байв.

Тиймээс  “Арсенал”-ын гэрээ сунгах саналаас татгалзаж, 22.5 сая паундаар гол өрсөлдөгч “Манчестер Юнайтед”-д оччих нь тэр. Энэ шийдвэр Арсен Венгер болон түүний багт маш том цохилт болсон.

“Би шийдвэр гаргахдаа өөрийнхөө дотор байгаа жаалхүүгээс хүслийг нь асуудаг юм. Тэр жаалхүү “Манчестер Юнайтед” гэж хашгирч байлаа” хэмээн хожим “Арсенал”-аас явж “Манчестер Юнайтед”-д очсоноо Ван Перси тайлбарласан байдаг.

Ингээд “Манчестер Юнайтед”-д очоод 20 дугаарыг авч, 20 дахиа Английн аварга болоход нь чухал үүрэг гүйцэтгэж, өнөөх “Алтан пүүз” шагналаа ч гардсан юм.

Томас Вермален /2012-2014/

Ван Персиг явахад ахлагчийн тууз бельги хамгаалагч Томас Вермаленд шилжлээ. 2012/13 оны улирал амжилттай эхэлсэн ч гэлээ удалгүй бельги хамгаалагч хараал шингэсэн ахлагчийн туузны шидийг үзэж эхлэв.

Фанатуудад маш өндрөөр үнэлэгдсэн хамгаалагч Томас Вермален мөн л хүнд бэртлүүдэд ээрүүлж, хааяа л нэг талбайд гардаг боллоо. Есөн жилийг “Арсенал”-д өнгөрүүлсэн ч Английн цомын финалд “Халл”-тай тоглоход тэр сэлгээний сандалд суусаар таарсан юм. Тэр тоглолтод Микел Артета багийн ахлагчийн туузтай гарсан.

Хэдийгээр гэмтэл бэртлээс салахаа больсон ч түүнийг 2015 оны зун 15 сая паундаар нэгэн баг авлаа. Ямар баг гэдгийг та бүхэн бараг таах биз. Тийм ээ, дахиад л “Барселона”.

Микел Артета /2014-2016/

“Арсенал” Микел Артетаг зуны наймааны цонх хаагдахаас хэдхэн цагийн өмнө авсан түүхтэй. 2011 онд тэгж Хойд Лондоны клубт ирснээсээ хойш найдвартай, туршлагатай тоглогч гэгдэж явлаа. Вермален явсны дараагаар ахлагчийн сонголт түүн дээр буусан нь зүй ёсны зүйл байв.

Гэхдээ тэр үед Артета хэдийнэ 32 настай болчихсон байсныг дурьдах хэрэгтэй. Хөлбөмбөгчийн хувьд харьж яваа нас тул багт гүйцэтгэх үүрэг нь тэргүүн зэргийнх бус харин туслах дэмжих дээр л тулгуурлаж байв. 2014/15 оны улиралд 12, дараагийн улиралд 14 тоглолтод л гарсан нь үүнийг гэрчилнэ.

Ерөнхийдөө биеийн бэлтгэлийн хувьд гарааны төлөө өрсөлдөх боломжгүй болчихсон байлаа. Тэгээд ч төвийн хагас хамгаалагчийн байрлал дээрх өрсөлдөөн ширүүн байв. Гэхдээ талбайн гадна бол залуу хөлбөмбөгчдөд сайн тусалж байсан гэдэг.

Пер Мертезакер /2016-2018/

Микел Артета хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлэхээр шийдсэн учир Пер Мертезакерт тууз очлоо. Өвдөгний гэмтлийн улмаас герман хамгаалагч улирлын ихэнх хэсгийг тоглолгүй өнгөрүүлэх нь тодорхой байсан ч гэлээ туузыг өгсөн юм. Венгер түүнд маш их итгэж, үнэлдэг байсны нотолгоо гэж ойлгож болно.

“Венгер намайг гэмтлээс болоод олон тоглож чадахгүйг мэдэж байсан ч гэлээ багийнхаа хамгийн гол хүмүүсийн нэг гэж боддог учир өгч байгаа юм гэж хэлж билээ. Түүний хувьд би хамгийн сайн сонголт нь байсан юм” гэж Мертезакер хожим хэлжээ.

Ахлагч болно гэж бодоогүй явсан өндөр хамгаалагч энэ шийдвэрийг баяртайяа хүлээн авсан юм. Ингээд бүтэн улирлын турш ердөө хоёрхон л удаа ахлагчийн туузтай гарлаа. Хоёр л удаа тоглосон гэсэн үг шүү дээ. 2017/18 оны улиралд гэмтэл эдгэж, талбайд гарсан ч гэлээ ахлагчийн тууз нь бэлэг тэмдгийн л шинж чанарыг агуулж байсан гэхэд хилсдэхгүй.

Лоран Косьелни /2018-2019/

Арсен Венгер “Арсенал”-аас явж, Унаи Эмери оронд нь ирлээ. Ахлагчийн туузыг испани мэргэжилтэн франц хамгаалагч Лоран Косьелнид шилжүүлэв. Гэхдээ Эмери испани маягийн зан үйл үйлдсэн гэж хэлж болно. Тэр лидерүүдийн бүлэг гээчийг байгуулж, түүндээ Петр Чех, Аарон Рамси, Месут Озил, Гранит Жака нарыг Косьелнигийн хамт багтаалаа. Өөрөөр хэлбэл, энэ тав тавуулаа ахлагч гэсэн утга явж байв.

Косьелни ахиллын шөрмөсний гэмтэл авч олон тоглолт өнжсөнтэй ч энэ холбоотой байх. Франц хамгаалагч хүнд гэмтлээ арай гэж эдгээгээд талбайд гарсан ч баг нь тавдугаар байрт орлоо. Европа лигийн финалд “Челси”-д хожигдлоо. Тэр зундаа Косьелни улирлын өмнөх хамтарсан бэлтгэлийг АНУ-д хийхээс татгалзаж үлдмэгцээ Францын “Бордо” руу явсан.

Гранит Жака /2019/

Унаи Эмери шинэ ахлагч сонгох ёстой боллоо. Энэ удаад тэр дараагийн шоугаа хийлээ. Багийнхан дотроо ахлагчийн сонгууль хийжээ. Тэр сонгуулиар Гранит Жака гарч ирсэн юм. Өнөөх лидерүүдийн бүлгийн гишүүдийн нэг швейцарь хагас хамгаалагч.

Жака шигшээдээ гойд сайн тоглодог хэрнээ “Арсенал”-д нэг л болж өгдөггүй гэмтэй. Ахлагчийн тууз авчихаад удаагүй байхдаа “Кристал Пэлас”-тай хийсэн тоглолтын үеэр талбайгаас гарахдаа фанатуудын дургүйцэлд эгдүүцэн гараа савлаж, өмсгөлөө тайлж, “Тонил тонил” гэж хэлсэн юм.

Эмери ч фанатуудтай ам мурийж, сөргөлдсөн тоглогчийг өмөөрч болохгүйг мэдэлгүй яахав. Жакад сахилгын хариуцлага тооцсон бол швейцарь залуу олон нийтийн сүлжээгээр өөрийг нь хүмүүс айлган сүрдүүлж, гоочлон доромжилдог тухай ярьж гарлаа. Удалгүй түүнээс ахлагчийн туузыг нь хураан авав. Жака өөр баг руу явна гэж ярьдаг ч үхнэ үхнэ гэсээр үхрийн мах барав гэдэг шиг одоо ч багт байж л байгаа.

Пьер-Эмерик Обамеянг

Жакагийн дараагаар ахлагчийн туузыг зүүсэн нь Пьер-Эмерик Обамеянг. Цар тахлын ид дэгдэлтийн үеэр хөл хорио тогтоочихоод байхад шивээс хийлгэсэн хэргээр хэсэг олон нийтийн сүлжээгээр баалуулсан. Дараа нь гуравдугаар сард Хойд Лондоны дербигийн өмнөх бэлтгэлд хоцорч ирээд бас шийтгүүлсэн. Тэгэхэд Артета “Бид журмаа барих ёстой. Гэхдээ Обамеянг бол манай ахлагч, их сайн залуу. Одоо энэ алдааг нь мартаад, урагшаа харъя” гэж байлаа. Тэр тоглолтод сэлгээгээр гаргасныг нь энд бас дурьдах хэрэгтэй байх.

За тэгээд сүүлийнх нь ээжийгээ эргэчихээд хоцорч ирсэн явдал юм. “Багийн дотоод журмыг зөрчсөн учир Пьер-Эмерик Обамеянг цаашид манай багийн ахлагч биш болсон. Мөн “Вест Хэм”-ийн эсрэг тоглолтод оролцуулахгүй” гэж клубын зүгээс мэдэгдээд байна.

Р.Гэгээ

SHARE