Хонконгт тайван унтаж амрах боломжтой автобус үйлчилгээнд гарчээ

Гэртээ унтаж амарч чадаагүй юм уу эсвэл хүсэхгүй байгаа хүмүүст зориулсан хоёр давхар автобус Хонконгийн гудамжинд явж эхэлжээ. Энэ автобус нүүрэн талдаа тусгай тэмдэгтэй тул танихад амар.

Энэ автобусанд орсон хүнд нүдний хаалт мөн чихний хөвөн өгдөг байна. Автобусны салонд байгаа хүмүүс чанга дуу чимээ гаргахгүй, гар утсаар ярихгүй, жолооч дуу хөгжим тавихгүй учир чөлөөтэй амрах, унтах боломжтой гэнэ.

Тээврийн жирийн хэрэгсэлд ийм боломж байдаггүй. Харин энэ автобусанд суусан хүн арын суудлыг бүрэн эзлээд тэндээ унтаж, амарч болно. Орчин үеийн хүмүүс ажил, амьдрал гээд их стресстэй байдаг. Заримдаа гэртээ харьж амрах ч цаг завгүй, хүсэл төрөхгүй байх нь элбэг. Тэгвэл тийм хүмүүс энд амраад авах боломжтой ажээ.

“Цар тахлаас болоод хүмүүс чөлөөтэй зугаалж чадахаа больсон. Их хотод өдөр бүр хэдэн сая хүний дуу чимээнд байгаа хүнд ганцаараа байх боломж ч бараг олддоггүй. Харин энэ автобус ийм хүмүүст амрах боломж өгч буйд баяртай байна” гэж нэгэн үйлчлүүлэгч ярьсан байна.

Хонконгт ойролцоогоор 7.5 сая хүн аж төрдөг гэх тооцоо бий. Орон нутгийн аялал жуулчлалын компаниас тус автобусыг санаачлан, үйлчилгээнд явуулж эхэлжээ

“Манай гэрт шөнө унтдаг хүн байхгүй болохоор би амарч чадахгүй юм гэж нэг найз маань нэг их бухимдсан юм. Шөнө нь амарч чадаагүй хүн өглөө нь бухимдуу сэрдэг. Гэтэл ажилдаа явах замдаа энэ автобусанд суугаад бүрэн амарчих боломжтой юм” гэж тусгай автобусны үйлчилгээг санаачилсан Кеннет Кхон ярьсан байна.

Хэрэв ийм автобус эрэлт хэрэгцээ ихтэй байвал тоог нь нэмнэ гэдгээ ч Кхон хэлжээ. Автобусаар үйлчлүүлэх хугацаа 5 цаг, ойролцоогоор 75 километр зам туулна. Тасалбарын үнэ байрлалаасаа шалтгаалаад 10-50 ам.доллар ажээ.

Автобусанд хучлага, дэр өгдөггүй ч үйлчлүүлэгчид өөрсдөө гэрээсээ авч орж ирэх боломжтой юм байна.

Р.Гэгээ

SHARE