АНУ-д вакцины нэмэлт тунд хамрагдах зөвлөмжийг чангатгажээ

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ коронавирусний шинээр илэрсэн “омикрон” хувилбар олон улсын мэргэжилтнүүдийг түгшээж байгаатай холбогдуулан “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунгийн талаарх зөвлөмжөө чангатгаж, насанд хүрсэн бүх иргэн нэмэлт тунд хамрагдах “хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

“Омикрон” /B.1.1.529/ хувилбар шинээр үүссэн нь “COVID-19”-ийн вакцинжуулалт, өдөөгч тун, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлд гарган хүчин чармайлтын ач холбогдлыг улам бүр тодотгон харуулж байна” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга, доктор Рошель Валенский даваа гарагт мэдэгдсэн байна.

Тус төв нь вакцины нэмэлт тунг насанд хүрсэн бүх иргэнд тарихыг энэ сарын эхээр зөвшөөрсөн бөгөөд тухайн үед 18-аас дээш насны иргэн бүр нэмэлт тунд хамрагдах “боломжтой” гэж мэдэгдэж байсан юм. Мөн 50-иас дээш насны иргэд нэмэлт тунд хамрагдах “хэрэгтэй” гэдгийг онцолж байв. Харин одоо 18 болон түүнээс дээш насны иргэд “Pfizer”, “Moderna”-гийн вакцины хоёр тунг хийлгэснээс зургаан сарын дараа, “Johnson & Johnson”-ы вакцины нэг тунг хийлгэснээс хоёр сарын дараа нэмэлт тунг хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ням гарагт гаргасан мэдээлэлдээ “омикрон” хувилбар нь дэлхий дахинд “тун өндөр” эрсдэл учруулж болзошгүй байгааг анхааруулсан юм. Уг хувилбар нь өргөс уурган дээрээ л гэхэд 30 гаруй мутацитай бөгөөд тэдгээрийн зарим нь халдварлах чадварыг нь нэмэгдүүлж, эсрэг биетийн хамгаалалтыг бууруулах магадлалтай байгаа юм. ДЭМБ-ын мэдээлснээр, эдгээр мутаци нь өвчлөлийг эрс нэмэгдүүлж болзошгүй байна.

“Өмнөд Африкийн судлаачдын цуглуулсан мэдээллээс үзэхэд “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр байх магадлалтай байгаа бөгөөд АНУ болон олон улсын эрдэмтэд уг хувилбарт вакцин хэрхэн үйлчлэхийг яаравчлан судалж байна” гэж Р.Валенский мэдэгджээ.

Хэдийгээр “омикрон” нь урьд нь давамгайлан тархаж байсан “дельта” хувилбараас илүү хурдан халдварладаг байх магадлалтай байгаа ч олон тооны мутаци нь одоогоор хэрэглэж буй вакцинуудын үйлчлэлд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. “Moderna”, “Pfizer”-ын хувьд холбогдох мэдээлэл хоёр долоо хоногт тодорхой болно гэдгийг мэдэгдээд байна. Мөн шаардлагатай тохиолдолд вакцинуудаа харьцангуй богино хугацаанд өөрчлөх боломжтой гэсэн юм.

“Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла даваа гарагт “CNBC” сувагт ярилцлага өгөх үеэрээ, “Вакцинууд шинэ хувилбараас хамгаалж чадахгүй гэсэн дүгнэлт гарахгүй” гэж бодож байгаагаа илэрхийлээд, харин вакцинуудын үйлчлэл суларч магадгүй байна гэж хэлжээ.

Түүний ярьснаар, “Pfizer” шинэ вакциныг 100 хоногт гаргах авах бололцоотой байна. “Moderna”-гийн гүйцэтгэх захирал Стефан Банселийн хувьд компанийн мэргэжилтнүүд “омикрон”-ы эсрэг өндөр тунт нэмэлт тарилгыг богино хугацаанд гарган авах боломжтой гэсэн боловч хувилбарт зориулсан вакциныг бий болгоход олон сарын хугацаа шаардлагатай гэв.

АНУ-д “омикрон” хувилбарын тохиолдол илрээгүй байгаа ч Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт мэдэгдэхдээ, манай улс эрт орой хэзээ нэгэн цагт шинэ хувилбартай нүүр тулна гэдгийг онцлоод, вакцины нэмэлт тунд хамрагдахыг америкчуудад уриалсан юм. Мөн Р.Валенский шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалсан байна.

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд вакцины үйлчлэл суларч байгаатай зэрэгцэн өвлийн улиралд халдварын тархалт нэмэгдэж болзошгүйд санаа зовниж байгаагаа хэдийнээ илэрхийлээд байсан энэ цаг үед “омикрон” хувилбар шинээр үүсээд байна.

“Science” сэтгүүлд энэ сард нийтлэгдсэн нэгэн судалгаагаар “Pfizer”-ын вакцины халдвараас урьдчилан сэргийлэх үйлчлэл хоёрдугаар сараас 10 дугаар сарын хооронд 86 хувиас 43 хувьд хүрч буурсныг тогтоожээ. “Moderna”-гийн вакцины хувьд энэ үзүүлэлт 89-58 хувь, “J&J”-гийн вакцин 86-13 хувь болж буурсан байна.

Харин “Pfizer” компани 10 мянган хүнийг хамруулсан эмнэлзүйн туршилтаараа вакциных нь нэмэлт тун коронавирусээр халдварлаж шинж тэмдэг илрэхээс 95 хувиар хамгаалж буйг тогтоогоод байгаа юм.

SHARE