Ковидын эсрэг арга хэмжээ Монгол ба дэлхийн улс орнуудад

Манай улс ковидын үеийн нөхцлөөс шалтгаалан хаасан хаалгуудаа бага багаар нээж энгийн амьдралд шилжих, эдийн засгаа сэргээх алхмуудыг хийж эхэлж байна. Энэ сарын эхнээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж эхлэх Засгийн Газрын шийдвэр гарч, мөн гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, үйл ажиллагааг хэвийн болгохоор болсон юм. Эдийн засаг тогтвортой хэвийн байхад иргэд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалдаг байхыг зайлшгүй шаарддаг цаг үе нэгэнт иржээ. Тийм учраас удаан хугацаанд зогсоод байсан зарим үйл ажиллагааг дахин гацаахгүй байхад хүн бүр ухамсартайгаар хандлагаа дээшлүүлэх нь зүй ёсны асуудал болж байна.

“COVID-19” халдварын эсрэг нэмэлт тунг манай улс эхлүүлээд хоёр сар орчим хугацаа өнгөрсөн ч нийт хүн амын ердөө арав гаруй хувь нь хамрагджээ.

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар ковидын халдварын 873 тохиолдол бүртгэгдэв. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 640 орчим мянга, үүний 54 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Одоо ковидоор өвчилсөн 10 мянга гаруй хүн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвхи сүүлийн өдрүүдэд харьцангуй нэмэгдэж өдөртөө 10 мянга орчим хүн гуравдугаар тунг тариулах болжээ. Гэсэн хэдий ч энэ нь хангалттай үзүүлэлт биш. Вакцины үр дүн, ач холбогдлын талаарх мэдээлэл, дүгнэлтэд бодитоор хандах, хувь хүн өөрөө эрүүл мэндээ хариуцлагатайгаар хамгаалах, вакцины талаарх ойлголтоо шинжлэх ухаанчаар дээшлүүлэх тун чухал байна. Улсын хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар вакцины  нэгдүгээр тунд 2 сая 258 мянган хүн буюу нийт хүн амын 69.4 хувь нь, хоёрдугаар тунд нийт хүн амын 66 хувь нь, харин гуравдугаар тунд 523 мянган хүн буюу нийт хүн амын 16 хувь нь хамрагджээ.

Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа дийлэнхийг гуравдугаар тунд хамруулснаар халдварын тохиолдол эрс буурсан байна. Түүнчлэн олон хүнтэй байгууллагуудад явуулын баг гарган нэмэлт тунг хийж байгаагаас гадна өндөр настнуудад гэрт нь очиж вакцин хийж байна. Төрийн албан хаагчдад гуравдугаар тун заавал хийлгэхийг шаардах, нэмэлт тун хийлгээгүй иргэдэд зарим үйлчилгээг үзүүлэхгүй гэх мэтээр зохицуулалт хийж байна.

Вакцины эсрэг суртал ухуулга хаа сайгүй, эргэлзэх тээнэгэлзэх асуудал дэлхийн улс орнуудад ялгаагүй бий ч ковидын аюулаас хохирол бага амсах ганц найдвараас бултаж зайлах арга үндсэндээ үгүй болжээ.

Хөрш орнуудын тухайд БНХАУ одоогоор 1 тэрбум илүү хүнээ коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулаад байгаа юм. Хамгийн сүүлд буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр л гэхэд тус улсад ердөө 61 тохиолдол батлагдсаны 20 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Халдварын тохиолдол зарим том хотод ганц хоёрхон л батлагдаж байгаа ч цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж, шинэ хэлбэрт шилжүүлж байна.

Тухайлбал Бээжин хотод л гэхэд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цагаас эхлэн бусад муж, хотуудаас ирэх иргэд 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээ өгч, сөрөг хариу гарсныг нотлох баримттай байхыг шаардахаар болжээ. Түүнчлэн 14 хоногийн дотор 1-ээс дээш дотоодын тохиолдол илэрсэн орон нутгаас ирэх болон тус орон нутагт зорчсон иргэдийг Бээжин хотод нэвтрэхийг хязгаарлах, онц их шаардлагагүй л бол 14 хоногийн дотор гадаадын улстай хиллэдэг авто замын боомттой бүс нутагт зорчсон иргэд Бээжинд нэвтрэхгүй байх, иргэд олноор хурал цуглаан зохион байгуулахгүй байх гэх мэт арга хэмжээг авч эхлээд байна. Харин Эрээн хотод сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол илрэхгүй байгаа учир хөл хорионы дэглэмээ аажмаар сулруулж байгаа ч нэг өрхөөс нэг л хүн дэлгүүр хоршоогоор тодорхой журмын дагуу үйлчлүүлэх хатуу журам тогтоожээ.

Хойд хөрш улсын хувьд өдөртөө 40 орчим мянган хүн халдвар авч, нөхцөл байдал дээрдээгүй хэвээр байна. ОХУ одоо 257 мянга орчим хүнээ энэ цар тахлын улмаас алдан асар их хохирол амсаж буй билээ. Нийт хүн амынх нь 50 хүрэхгүй хувь нь вакцинд хамрагдсан гэсэн мэдээлэл байна.

Дэлхийн нийт 225 оронд бүртгэгдээд байгаа коронавируст халдварын эсрэг улс орнууд вакциныг нэн тэргүүнд чухалчилж байна. Нэг, хоёрдугаар тунгийн үр нөлөөг авч чадсан улс орнууд хэдийнээ нэмэлт тунгаар иргэдээ вакцинжуулаад эхэлчихсэн. Итали, Швейцарь, Швед, Арабын Нэгдсэн Эмират Улс, Япон, Сингапур зэрэг олон улсад гуравдугаар тунд хамрагдахыг иргэддээ идэвхитэй уриалах боллоо.

Унгар улс өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс вакцины нэмэлт тунг хийж эхэлсэн бол Израйл улс сайтар судалгаа хийсний үндсэн дээр иргэдээ нэмэлт тунд хамруулснаар одоо хүн амынх нь тэн хагас нь бүүстэр тунг тариулж амжжээ.  Цар тахлын эсрэг амжилттай тэмцэж байгаа орнуудын эхэнд Израйл улс бичигдсээр байгаа билээ. Вакцинжуулалтад ихээхэн анхаарал хандуулж, вакцинд хамрагдсан хүмүүст үйлчилгээ авах эрх олгох гэх мэтээр зохион байгуулалтын арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгч эхэлсэн. Халдварын үзүүлэлтүүд ч буурсан. Тус улсын тархвар судлалын эрдэмтэд вакцины нэмэлт тун Израйлыг аварч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна гэж мэдэгдэж байгаа бөгөөд одоо “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөөд байна.

Хамгийн сүүлд Нидерланд улсад “COVID-19” халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болсон учир дахин хязгаарлалтаа чангатгаад байгаа. Тус улсад олон нийтийн газарт 1.5 метрийн зай барих, амны хаалт зүүх, мөн вакцинд хамрагдсан эсэхийг нотлох гэрчилгээг иргэдээсээ шаардахаа мэдэгдээд байна. Хязгаарлалтын арга хэмжээг цуцалснаас хойш хагас сарын дараа халдварын тохиолдол дахин нэмэгдсэн учир ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.

    Халдварын тохиолдол бүртгэгдээгүй сүүлчийн улсуудын нэг гэгдэж байсан Номхон далайн арал дээр оршдог Тонга улсад аравдугаар сарын сүүлчээр анхны тохиолдол бүртгэгдмэгц хөл хорио тогтоосон. Мөн Австри Улс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд зөвхөн вакцинд хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтоох арга хэмжээ авч байна. Тэдгээр иргэд ажилдаа явах, хүнс авах, агаарт гарах зэргээс бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх үүрэг хүлээх аж. Тус улс Зорилтот бүлгийнхээ 74 хувийг хоёр тунд хамруулсан байна.

    Хүн амынхаа 85 хувийг вакцины бүрэн тунд хамруулаад буй Сингапур Улс саяхнаас халдвар хамгааллын дэглэмээ сулруулж, бүрэн тунд хамрагдсан хүмүүсийг тодорхой тоон хязгаартайгаар олон нийтийн арга хэмжээнд оролцохыг зөвшөөрч эхэлж байна. Энэ улсад ирэх сараас эхлэн вакцинд хамрагдаагүй иргэн хэрэв ковидоор өвдвөл эмчилгээний зардлаа өөрөө даах шийдвэр хэрэгжиж эхлэх юм.

    Дэлхийн улс орнууд иргэдээ вакцинд аль болох түлхүү хамруулахыг хичээж байна. Бага буурай орнууд вакцин худалдан авч чадахгүй, харин баян чинээлэг улсууд нь вакцин их хэмжээгээр авч байгаа нь дархлаажуулалтад дэлхийн хүн ам тэгш бус байдлаар хамрагдахад хүрч байгаа. Үүнийг ДЭМБ анхааралдаа авч ядуу буурай орны иргэд дархлаажуулалтаас хоцроход хүрч байгааг зохицуулах арга хэмжээ зохион байгуулж байна. Вакцин тариулах хүсэлтэй ч эхний тун нь ч хийгдээгүй байгаа орнуудын иргэдийг хэрхэн дархлаажуулах нь анхаарал татсан асуудал болж байгаа билээ. Харин манайд хэд хэдэн сонголттойгоор иргэдээ вакцинжуулж, аль болох хаалт хязгаарлалт, хөл хориогүйгээр цар тахлын үеийг давах харьцангуй чөлөөт гэж хэлж болох бодлого хэрэгжиж буйг дурдахад илүүдэхгүй биз ээ.

SHARE