Кавалло: Роналдо, Месси хоёр ч ижил хүйстэн байж болно шүү!

Мэргэжлийн хөлбөмбөгчдөөс өөрийгөө ижил хүйстэн гэдгээ анхлан зарласан Австралийн “Аделаид Юнайтед”-ын 21 настай хагас хамгаалагч Жош Кавалло ийн ярьжээ.

“Би залууст үлгэр дуурайлал болохоос хулчийхгүй. Үнэнээ хэлж, эрх чөлөөг бүрэн мэдрэх ямар байдгийг одоо л ойлгож байна. Үнэхээр гайхамшигтай сайхан юм. Тиймээс бусад хүмүүсийг ч гэсэн өөрийгөө чөлөөл гэж хэлье.

Магадгүй дараагийн удаад өөрийгөө ижил хүйстэн гэж зарлах хүмүүс дотор Лионель Месси, Криштиано Роналдо ч байж болно. Тэд өөрийн үнэн төрхөө нуусаар ирсэн байж болно шүү дээ.

Харамсалтай нь дэлхий хөгжсөн хэрнээ хөлбөмбөгийн ертөнц ардчилагдаагүй, хөгжөөгүй хэвээр. Ижил хүйстэн хөлбөмбөгчид өдий хүртэл өөрийгөө илчилж чаддаггүй хэвээрээ байгаагаар үүнийг нотолж болно. Өөрийн хүсэл тэмүүллийнхээ төлөө хэн ч ад үзэгдэх ёсгүй. Хэн ч үүнийхээ төлөө айдастай амьдрах ёсгүй.

Хөлбөмбөгчид өөрийгөө ижил хүйстэн гэдгээ хэлчихвэл ад үзэгдэж, гоочлогдоно гэж айж яваа. Тиймээс алдартай хөлбөмбөгчдөөс хэн нэг нь өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлавал хэдэн сая хүнд итгэл, эрх чөлөө өгч чадна. Би бусад хөлбөмбөгчдөдөө туслах, өөрийгөө чөлөөлөх гэсэндээ ил зарласан юм.

Катарт ижил хүйстнүүдийг цаазалдаг гэж сонссон. Үнэн эсэхийг нь мэдэхгүй ч гэлээ ийм учраас би Катарт болох ДАШТ-д очихгүй гэж боддог. Айдаг” хэмээн Кавалло өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE