Де Брюйн: Стерлингийн сэтгэл гонсгор байгааг ойлгож байна

Английн “Манчестер Сити”-гийн 26 настай жигүүрийн хагас хамгаалагч Рахим Стерлинг саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа “Хэрвээ боломж байдагсан бол одоо ч гэсэн хилийн чанадад гарч тоглоход бэлэн байна” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ нь дасгалжуулагч Пеп Гвардиола түүнд хангалттай тоглох хугацаа өгөхгүй байгаагаас үүдсэн реакц гэдэг нь ойлгомжтой байсан. Гвардиола ч энэ ярилцлагын дараагаар хариу болгож “Би түүнийг ийм бодолтой явааг ч мэдээгүй юм байна. Махрез, Кансело нар гэсэн талбайд цөөн гарч буй ч түүн шиг гомдоллоогүй” гэж хэлсэн.

Тэгвэл Рахим Стерлингийг ойлгож байгаагаа багийнх нь бельги хагас хамгаалагч Кевин Де Брюйн мэдэгджээ.

“Бид дөрвөн тэмцээнд зэрэг оролцож буй болохоор холио сэлгээ их чухал гэдэг нь эргэлзээгүй. Заримдаа талбайд гармаар байхад суулгаад байвал дургүй хүрдэг л юм. Тиймээс би өөрөө хөлбөмбөгчийн хувьд Рахимыг ойлгож байна. Зарим тоглогчид байнга талбайд гарахгүй бол хэмнэлээ алдаж, төсөөрдөг талтай. Рахим тийм байх. Би ч гэсэн тийм.

Нэг тоглолтод гарснаа дараагийнхад нь суучихаад хэцүү болчихдог. Гэхдээ хэнийг талбайд гаргахаа дасгалжуулагч л шийддэг ёстой. Манай багт л гэхэд 22-23 гайхалтай сайн хөлбөмбөгч бий. Бүгд л шигшээдээ тоглодог шилдгүүд. Хэнийг нь ч гаргасан ихэнх тохиолдолд манай баг хождог болохоор дасгалжуулагчийн зөв л байдаг.

Баг хожоод, сайн тоглоод байхад сууж буй тоглогч гомдоллох эрх ч бараг байдаггүй.  Гэхдээ бид ямар ч үед бие биенээ дэмжиж байх ёстой” хэмээн Де Брюйн өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE