Орхон аймагт “Нийгмийн эрүүл мэндийн төв” байгуулна

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар,  Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин нарыг хүлээн авч уулзлаа.

Орхон аймгийн БОЭТ-ийн амбулоториор үйлчлүүлж буй нийт иргэдийн 41 хувь нь өвчний улмаас ханддаггүй  буюу ажилд орох, хүүхдийн зусланд амрах, эрүүл мэндийн чөлөө авах, жолооны үнэмлэх авахад шаардагдах бичиг авах зорилгоор хандсан байдаг байна. Энэ нь үзлэг оношилгоонд хамрагдахаар ирсэн өвчтөнтэй дугаар болон цаг булаацалдаж хүндрэл учруулдаг. Иймд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон дээрхтэй холбоотой асуудлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Эмнэлэг сувилалын алба”-д шилжүүлж ажиллавал оновчтой гэж ЭМГ-ын дарга М.Баттүвшин хэллээ. Энэ асуудлыг үйлдвэртэй гэрээ хийхдээ ярьж оновчтой хувилбарыг гаргая гэж Засаг дарга Д.Батлут онцоллоо.

Түүнчлэн “Элэгний вирусгүй Эрдэнэт” аянг 2016 оны 9 дүгээр сараас хэрэгжүүлж албан байгууллагууд ажилчидаа элэгний В, С, Д вирус илрүүлэх шинжилгээ өгч вакцинд хамруулж эхэлсэн.  В, С вирустай эхээс төрсөн хүүхдэд вакцин хийхэд орон нутгаас анх удаа 30 сая төгрөг төсөвлөсөн, хөнгөлөлттэй үнээр олгох эмийн санхүүжилтийг  өмнөх оныхоос 30  хувь нэмэгдүүлж 850 сая төгрөг,  хувийн эмнэлэгүүдэд  Нийгмийн даатгалын сангаас олгодог санхүүжилтийг нэг тэрбум 43 сая  төгрөг болгож улмаар “Түргэн тусламжийн төв” байгуулах саналаа ЭМЯ-д хүргүүлсэн тухай Засаг дарга мэдээллээ. Мөн “Нийгмийн эрүүл мэндийн төв” байгуулахад орон нутгаас 98 сая төгрөг төсөвлөсөн  гэлээ.

Монгол улсад тохиолдож буй нийт өвчлөлийн 10 хувь нь удамшлын, 10 хувь нь эрүүл мэндийн байгууллага, 25 хувь нь орчны эрүүл ахуй, 55 хувь нь тухайн иргэний амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотой байна  гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Цогтбаатар хэллээ. Иймд Орхон аймаг хүн амын эрүүл мэндийн асуудлаа соргогоор харж олон ажил эхлүүлж, Хүний хөгжилд анхаарч байгаад талархаж байна гэсэн юм.

SHARE