Дүрмээрээ Э.Нямаа барилдаанаа үргэлжлүүлсэн нь зөв

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө.

Барилдаанд улсын аварга Э.Оюунболд зодоглосон нь олон нийтээс эхлэн барилдсан бөхчүүдийн ч анхаарлыг татсан. Түүгээс зогсохгүй бөхчүүд түүнийг барилдахаар болсонд ихээхэн дургүйцэж, ам авах ёсгүй гэж багахан тэмцэл ч өрнөсөн байдаг. Хэдий тийм ч Э.Оюунболд ам аван барилдсаар тавын даваанд аймгийн арслан Э.Нямаад уналаа.

Хоёр бөхийн барилдаан ихээхэн маргаан дагуулж байна. Э.Оюунболд Э.Нямааг урагш нэлээд газар түрж яваад, өөрөө зогсож буцаад алхсан. Энэ үед нь аймгийн арслан Э.Нямаа араас нь гүйж очин дэгээдэж унагаасан юм. Яг энэ барилдааныг харсан олон нийтийн зүгээс зохисгүй үйлдэл хэмээн ихэд бухимдацгаав.

Гэвч мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар засуул дохисон тохиолдолд л барилдааныг завсарлалаа гэж үздэг. Гэтэл Э.Оюунболд засуулын дохиогоогүйгээр барилдааныг зогсоосон нь түүний алдаа гэж үзэцгээж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

 

SHARE