Хүрэл медальгүй АШТ учраас хагас шигшээд хожигдсон нь хоосон буцна

Зургаадугаар сарын 11-нд эхэлсэн Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Евро 2020” тэмцээний хагас шигшээгийн тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо. Өнөө шөнө 03.00 цагаас 1968 тивийн аварга Итал, гурван удаагийн 1964, 2004, 2008 оны аварга Испанитай Лондон хотын 90000 үзэгчийн суудалтай алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд тоглоно. Маргааш шөнө 03.00 цагаас хагас шигшээгийн хоёр дахь тоглолт 1992 оны тивийн аварга Дани, энэ удаагийн АШТ-д одтой сайн байгаа Английн багийн хооронд мөн “Уэмбли” цэнгэлдэхэд болох хуваарьтай. Английн Засгийн газар, Европын хөлбөмбөгийн холбоо /УЕФА/ харилцан  тохиролцсоны дагуу “Уэмбли” цэнгэлдэхэд хагас шигшээгийн хоёр, финалын тоглолтыг явуулахдаа суудлын 75 хувийг дүүргэж 67500 үзэгчтэйгээр зохион явуулах юм.

Европын аварга шалгаруулах 16 удаагийн “Евро 2020”-ын финалын тоглолт долоодугаар сарын 11-ний орой болно. Түрүүлсэн баг аваргын Цом, 10 сая еврогийн шагнал хүртэж, хөлбмбөгчид нь алтан медалиар энгэрээ мялаана. Хожигдсон баг 7 сая еврогийн шагнал хүртэж, хөлбөмбөгчид нь мөнгөн медаль авна. Харин УЕФА-гаас III байрын төлөө тоглолт зохион байгуулахгүй гэж анхнаасаа шийдсэн учраас энэ удаагийн тивийн АШТ нь хүрэл медальгүй ажээ.  Иймээс хагас шигшээд хожигдсон хоёр багийн  тоглогчид энгэр хоосон эх орон руугаа буцна.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE