Аваргууд өнөөдөр талбайд гарна: Герман-Франц, Португал-Унгар

Европын хөлбөмбөгийн АШТэмцээн “Евро 2020”-ын A, B, C, D, E таван хэсгийн нэгдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Урьд шөнө гурван тоглолт боллоо. Үүнд:

  • Испанийн Севилья хотод Испани-Швед 0:0, тэнцээгээр өндөрлөлөө.
  • ОХУ-ын Санкт-Петербург хотод Словак-Польш 2:1. Польшийн хаалгач Шчесни 18 минутад автогоол хийж Словакуудад тэргүүллийг өгсөн. Хоёрдугаар үеийн эхэнд Польшийн хагас хамгаалагч Линетти мөргөж гоолдон тооны харьцааг 1:1 болгосон ч Словакийн хамгаалагч Шкриньяр 69 минутад гоол хийснээр хожлын эцсийн цэгийг тавилаа.
  • Шотландын Глазго хотод Шотланд-Чех 0:2. Чехийн довтлогч Шик 42, 52 минутад гоол хийж багаа ялалтад хүргэлээ. Түүний 45,4 метр хол зайнаас хийсэн хоёр дахь гоол нь Европын АШТэмцээний нэгэн дээд амжилт болон бичигдлээ. 1980 оноос хойш тус тэмцээнд ийм хол зайнаас өрсөлдөгчийнхөө хаалганд гоолдсон тохиолдол гараагүй ажээ.

Өнөө шөнө “F” хэсгийн нэгдүгээр тойргийн онц сонирхолтой хоёр тоглолт болно. Аваргууд талбайд гарна. Европын АШТэмцээний 2016 оны, отгон аварга Португал 00.00 цагаас Унгарын нийслэл Будапешт хотод зочлон Унгартай тоглоно. 1972, 1980, 1996 оны аварга Герман 03.00 цагаас өөрийн эх орондоо Мюнхен хотын цэнгэлдэхэд 1984, 2000 оны тивийн аварга, дэлхийн аварга Францыг хүлээн авч тоглоно.

Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн томьёоллоор “үхлийн” гэж нэрлэгдсэн  энэ хэсгээс дүрэм ёсоор 1, 2-р байр эзэлсэн нь шөвгийн 16-д шууд шалгарна. Харин 3-р байр эзэлсэн нь бусад хэсгийн багуудын амжилтаас хамаарч 16-д шалгарах эсэх нь шийдэгдэнэ. Учир нь, хэсгүүдийн 1, 2-р байр эзэлсэн 12 баг, дээр нь нэмэгдэж зургаан хэсгийн 3-р байрт орсон хамгийн өндөр оноотой 4 баг, бүгд 16 улсын шигшээ шөвгийн 16-д шалгарах юм.

Португал, Герман, Франц гурвуулаа Унгарыг хожиж бүтэн гурван оноо авна гэсэн адилхан зорилго өвөрлөж буй. Харин өвөр хоорондоо шударга сайхан “гал гартал үзэлцэж” хэн нь хэн бэ гэдгээ хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдэдээ харуулна гэсэн бодолтой яваа.

SHARE