Грекээс бусад 9 аварга “зодоглосон” тэмцээн үргэлжилж байна

Европын хөлбөмбөгийн АШТ арван зургаа дахь удаагаа болж байна. “A”, “B” хэсгийн нэгдүгээр тойрог өндөрлөлөө. Тоглолтын дүн: Итал-Турк 3:0, Уэльс-Швейцар 1:1, Бельги-ОХУ 3:0, Финланд-Дани 1:0. Зургаан хэсгийн нийт 36 тоглолт 6 дугаар сарын 26 хүртэл өдөр бүр дараалан цувж болно.

Дашрамд дурдахад, нийт 24 баг зургаан хэсэгт хуваагдан хасагдах шатны шөвгийн 16-д шалгарахын төлөө өрсөлдөж буй. Хэсэг тус бүрээс  1, 2-р байр эзэлсэн, нийт 12 баг, дээр нь нэмэгдэж зургаан хэсгийн 3-р байрт орсон хамгийн өндөр оноотой 4 баг, бүгд 16 улсын шигшээ шөвгийн 16-д шалгарах юм.

1960 онд анхлан, улмаар өнгөрсөн хугацаанд дөрвөн жил тутам 15 удаа зохион байгуулсан тус тэмцээнд 10 улсын хөлбөмбөгийн баг аваргалсан байдаг. Өнөө жилийн “Евро 2020”-д 2004 оны аварга Грекийн баг шалгарч чадсангүй. Урьдчилсан шатанд бүдэрсэн. Бусад есөн аварга

  • Герман (1972, 1980, 1996),
  • Испани (1964, 2008, 2012),
  • Франц (1984, 2000),
  • ОХУ (1960),
  • Итал (1968),
  • Чех (1976),
  • Нидерланд (1988),
  • Дани (1992),
  • Португал (2016) хөлбөмбөгийн зүлэг ногоон дэвжээнээ “зодоглож” буй.

Сугалаагаар Герман, Франц, Португал гэсэн гурван аварга нэг дор “F”-д орсон нь  хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн нэрлэдгээр жинхэнэ “үхлийн хэсэг” юм. 1, 2-р байр эзэлсэн нь шөвгийн 16-д шууд шалгарна. 3-р байр эзэлсэн нь бусад хэсгийн 3-р байрын багуудын амжилтаас хамаарч 16-д шалгарах эсэх нь шийдэгдэх учраас урьдчилан тааварлахад  хэцүү.

SHARE