Байгальд “даатгагдсан” говийн иргэдийн эрүүл мэнд

Урин дулаан цаг наашилж, өдөр уртсаж, ичигсэд хөдлөн, гол мөрөн гэсэж, хатуу ширүүн уур амьсгалтай манай оронд зон олны нуруу тэнийх цаг ирж байна. Гэвч булаг шанд, гол мөрнөө даган нутагладаг хөдөөгийн иргэд, малчдын хувьд усны асуудал хүнд хэвээр.

Их эрдэсжилттэй усыг ууж дасаагүй хүн гэнэт цочир хэрэглэхэд биеийн ерөнхий тав тух алдагдах, ам цангах, биеийн хүчил шүлтийн тэнцвэр өөрчлөгдөх, зүрхний ажиллагаа сулрах, ходоод гэдэсний архаг зарим өвчин хурцдах зэрэг шинж тэмдгүүд илэрдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. “Иймд эрдэс ихтэй говийн бүсэд ундандаа эрдэс ихтэй ус байнга хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул шүүсэн усыг цайндаа хэрэглэх нь илүү зохимжтой” хэмээн ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн УНУАС-ын эрдэм шинжилгээний ажилтан Т.Энхжаргал бичжээ.

Мөн эмч нарын үзэж байгаагаар цусны эргэлтийн тогтолцооны өвчнүүд (ЦЭТӨ) тухайлбал цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, атеросклероз (судас хатуурах), хоол боловсруулах эрхтэний өвчнүүд (ХБЭӨ) тухайлбал ходоод, нарийн бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчнүүд, элэг цөсний архаг өвчин мөн бөөр шээсний замын чулуужих өвчин (БШЗЧӨ) зэрэг нь эрдэсжилтээс шалтгаалах өвчин эмгэгт хамаардгийг эрдэмтэд тогтоосныг тэрбээр дурджээ.

Ялангуяа, говийн аймгуудын иргэд хатуулаг өндөртэй ус уусаар, жилээс жилд эрүүл мэндээрээ хохирсоор байгааг өнгөрсөн жил Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн судалгаа, аймгийн статистик үзүүлэлтүүд нотолж буй юм.

“Сохорсон биш завшив” буюу Дорноговь аймагт хийсэн судалгааны үр дүн

Дорноговь аймагт хоёр ч удаа өргөн бүрэлдэхүүнтэй баг томоохон судалгаа хийсэн. Шинжлэх ухаанд суурилан баталсан үг судалгааны  дүгнэлттэй маргах хүн өдгөө гарахгүй биз. Тэрхүү судалгааны багийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам ахалж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газар, Геологийн төв лабораторийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид хамтран гурван өдрийн турш дээж авч, шинжилсэн байдаг.

Анхандаа “Бадрах энержи” компанийн нөлөө хөрс усанд хүрсэн эсэхийг баталгаажуулах зорилготой хийгдсэн ч үр дүн нь харин ч эсрэгээрээ буюу тухайн төслийн талбайтай ойрхон байрлах худагаас хол зайд байрлах худагууд нь хатуулаг болон хүнд металл (стронци, уран, хүнцэл, марганец) илүү их хэмжээтэй байгаа тухай дүгнэлт гарсан.

Өөрөөр хэлбэл тухайн төслийн талбайн эргэн тойрон дахь нийт 16 худаг, нэг булагаас харьцуулсан аргаар дээж авч, Геологийн төв лаборатори, Ханлаб, SGS гэсэн итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлсний дүнд “Бадрах энержи” компанийн үйл ажиллагаанаас үүдэн ус бохирдсон зэрэг шалтгаан огтоос батлагдаагүй, харин ерөөс говийн ус хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тухай мэргэжилтнүүд дүгнэжээ.

Судалгааны бас нэг гол цэг нь Зүүнбаянгаас Дулаан уулын чиглэлд сунаж тогтсон, тухайн бүсийн гадаргын усны хамгийн гол нөөц болсон Баруун Баян булаг байв. Тус булгийн усан дахь магни, хлор, сульфат, уран, хүнцэл маш их хэмжээгээр агуулагдаж байсан нь тогтоогдсон юм.

Өөрөөр хэлбэл, говийн байгалийн тогтоц нь ийнхүү усны чанарыг хатуулаг, эрдэсжилт өндөртай байгаагийн шалтгаан ажээ. Тийм ч учраас тухай бүс нутгийн иргэдийг унданд хэрэглэх усаа зайлшгүй шүүж, цэвэршүүлж ашиглахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөжээ.

Хүснэгт : Дорноговь аймгийн МХГ

Ийнхүү дээр дурдсан шинжилгээний үр дүнгүүд 2011 онд буюу есөн жилийн өмнө хийсэн судалгааны дүнтэй нийцсэн гэдгийг тодотгох хэрэгтэй. Тухайн үед булгийн эхийн ус нь маш их эрдэсжилтэй, хатуулагтай  гарч байжээ. Хамгийн гол дүгнэлт нь стандартаас өндөр гарч байгаа эдгээр үзүүлэлтүүд нь байгалийн тогтоцтой холбоотой байсан юм.

 

Хатуулаг өндөртэй ус хүний биед ямар хор нөлөөтэй вэ?

 

“Хатуулаг өндөртэй усыг удаан хэрэглэснээс зүрх судас, бөөрийг өвчлүүлж, үхэлд хүргэх аюултай тул дээрх худгуудын усыг хүн, малын хэрэглээний зориулалтаар ашиглахгүй байх, ашиглах тохиолдолд цэвэршүүлж ашиглах шаардлагатай” гэсэн өгүүлбэр уг дүгнэлтэд байна.

Тухайлбал, хүнцлийн агууламж өндөртэй усыг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд арьсан дээр толбо үүсэх, мэдрэлийн системд нөлөөлөх, олон төрлийн хавдрын (уушиг, арьс, элэг, бөөр, цус, түрүү булчирхайн гэх мэт) өвчлөл үүсгэх аюултай.

Фторын ионы усан дахь хэмжээний их, бага агууламжаас хамаарч хүн амын дунд шүд үүрэх, цоорох өвчлөл үүсгэдэг зэрэг сөрөг нөлөөтэй.

Тэгвэл Дорноговь аймгийн хүн амын дундах өвчлөлийн байдлын талаар тус аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргалаас тодрууллаа. Аймгийн хүн амын дунд зонхилж байгаа өвчлөлийг сүүлийн таван жилээр авч үзвэл дараах таван өвчлөл тэргүүлж байгааг тэрбээр хэллээ. Үүнд:

1. Амьсгалын замын өвчлөл

2. Хоол боловсруулах эрхтэний өвчлөл

3. Шээсний замын өвчлөл

4. Зүрх судас

5. Мэдрэл зэрэг нэрлэгдэж байгаа аж.

Амьсгалын замын өвчлөл нь байгаль экологийн өөрчлөлттэй холбоотой хэдий ч 2020 онд өмнө онтойгоо харь­цуулбал буурсан үзүүлэлттэй байна.

Харин хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл жил ирэх тутам нэмэгдэж байгааг тэрбээр онцоллоо. “Энэ өвчлөл өндөр байгааг бид усны асуудалтай холбоотой хэмээн авч үздэг. 2019 онд л гэхэд ходоод, хоол боловсруулах эрхтэний өвчлөл 1,576 байсан бол 2020 онд 2,401 болж, 825 буюу 50 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ өвчлөл аймгийн нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Манай нутгийн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хатуулагтайгаас шалтгаалж ходоодны өвчлөл, суулгалт өвчин элбэг.

Түүнээс гадна усны чанараас үүдэн бүх насны иргэдийн дунд амны хөндий, шүлсний булчирхай, шүдний өвчлөл маш өндөр байгаа. Хүүхдүүдийн 90, томчуудын 80 хувь нь амны хөндий, шүдний өвчлөлтэй байгаа учраас бид “Эрүүл шүд” хэмээх хөтөлбөрийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байна” хэмээн Б.Амаржаргал дарга ярилаа. Тиймээс сургуулийн хүүхдүүдийг сургууль дээрээ цэвэр ус уух нөхцөлийг ямар ч байсан бүрдүүлжээ. Харин аймгийн хэмжээнд өөрсдийн хүчин чадал болон олон улсын байгууллагуудтай хамтран бүх сумдын булгийн эхэнд ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулжээ. Гэвч усны хатуулгийн хэмжээ өн­дөр учраас шүүгч нь ашиглалтын хуга­цаанаасаа өмнө муудах, эвдрэх зэрэг асуудал мунддаггүйг  учирласан юм.

Энэ бол зөвхөн Дорноговь болон говийн аймгуудын асуудал биш ажээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг “Газрын доорх ч бай, гол нуур, булаг шандын ус бол ууж болдог стандартын ундны ус   байдаггүй. Монгол орны хувьд хүнцэл гэх мэт хүнд металл, фтор, бор зэрэг элемент ихээр агуулсан ус их байдаг, ялангуяа говийн бүсэд” хэмээн ярьсан байдаг.

Харин байгалийн тогтцоороо ус, хөрсөнд өндөр байгаа элементүүдийг биедээ хор учруулах хүртэл нь удаан хэрэглэхгүйн тулд ядаж ундны усаа цэвэршүүлдэг болох нь эрүүл мэндийн хувьд илүү ач холбогдолтой ажээ. Тиймээс говийн иргэдийн ундны усны асуудалд анхаарал хандуулж дорвитой алхам хийхгүй бол энэ бүс нутгийн иргэдийн эрүүл мэнд алсдаа төлж баршгүй үр дагавар учруулж болзошгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE