Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгч байна

 

“Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэн яармаг энэ сарын 21-24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдана. Үзэсгэлэн яармаг өнөөдөр  “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ.  Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл,  “Боловсролын зээлийн сан”-гийн захирал П.Лхагвасүрэн, их, дээд сургуулийн удирдлагууд оролцов.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Боловсролын үзэсгэлэн нь  ЕБС-ийн  төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн өгөх вэ, юунд анхаарах вэ, мэргэжлээ яаж сонгох вэ, ямар мэргэжил сонговол ирээдүйд ажилтай, орлоготой, амжилттай байж чадах вэ, их дээд сургууль, коллежид элсэн ороход юуг анхаарах вэ, аль их дээд сургууль, коллежид элсэн орох вэ гэсэн асуултын хариу өгч, сонголт хийхэд нь тусалдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд “Боловсролын үнэлгээний төв”, “Боловсролын зээлийн сан” оролцож, мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгч байгаагаараа онцлогтой. Та нар амьдралынхаа хамгийн чухал алхмын өмнө ирээд байна. Тиймээс хариуцлагатай байгаарай. Та нарынхаа эрдмийн дөрөөг цагаан сүүгээр мялаая” гэсэн юм.

БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” компани хамтран зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэн яармагт  Нийслэлийн боловсролын газар, “Боловсролын үнэлгээний төв”, Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, “Боловсролын зээлийн сан”, арилжааны банкууд зэрэг 90 гаруй байгууллага оролцож байна. Үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах ангийн төгсөгчдөд мэргэжил сонголтын чиг баримжаа олгохын зэрэгцээ  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн ЭЕШ-т хамрагдах  тухай мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгөх юм.  Энэ жил 40 гаруй мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байгаагаас 18 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэгэхээр энэ удаагийн үзэсгэлэн яармагт Боловсролын үнэлгээний төв оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аргазүйн зөвлөгөөгөөр хангаж байгаа нь онцгой ач холбогдолтой.

Түүнчлэн “Боловсролын зээлийн сан”, арилжааны банкуудын хамт “Мишээл экспо” төвд ажиллаж, тус зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээллээр хангах зэрэг тал бүрийн арга хэмжээ зохион байгуулж буй. Иймд эцэг, эхчүүд, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эх сурвалж: http://www.mecss.gov.mn

SHARE