Сонгууль: “МАН”-ын тоглолтод Ерөнхийлөгч барьц алдаж, Цэц, Зэвсэгт хүчин хавчуурганд нь…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр халз мөргөлдөөд байна. Үүнээс үүдэж, аль аль талаас нь ноцтой үйлдэл, мэдэгдлүүд хөвөрсөөр.

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Хуулийн Гучдугаар зүйлийн  2-т “…Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн юм.

МАН үүн дээр маш сайн тоглолтыг үзүүлж байна. Үндсэн хуулийн цэц уржигдар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингээд “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, Цэц өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон гэсэн үг. Энэ үйл явдал Ерөнхийлөгчийг барьц алдуулахад хүргэв. Тэрээр Төрийн ордонд мэдэгдэл хийж, МАН-ын тараах зарлиг гарган Дээд шүүхэд хүргүүлсэн нь олон нийтийн төдийгүй хуульчдын анхаарлыг татаад байна. Энэ үйлдэл нь хууль зүйн олон маргааныг дэгдээж мэдэхээр болоод байна. Нөгөө талд Х.Баттулгын нэр хүндэд ч халтай байдлаар эргэж байна. Учир нь тэрээр мэдэгдлийнхээ дараа шууд өөрийн тэргүүлдэг ЗХЖШ-д очиж удирдлагуудтай нь хаалттай хурал хийсэн нь бүр ч ихээр анхаарал татлаа.

Эдгээр үйлдлүүд түүнийг Ерөнхийлөгч болохын тулд хууль зөрчиж, бүр ноцтой алхам хийхээр завдаж байна гэх агуулгыг олон нийтэд өгөөд амжив. Үнэхээр тэр барьц алдаж байна.

Харин МАН тоглолтоо үргэлжлүүлсээр байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхэд нь “тоглолт” илүү тод харагдав. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Цэцийн шийдвэрийг яагаад ийм хурдан хугацаанд УИХ-аар хэлэлцэх болов. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг бүгд хамтраад баталж байх үед С.Бямбацогт гишүүн өмнө нь сонгогдож байсан бүх хүн дахин нэр дэвшиж болно гээд ярьж байгаа бичлэг байгаа. Ямар амаараа болно гээд ямар амаараа болохгүй гэж хэлдэг юм бэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ямар ч үед Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэцэж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчөөс санал авдаг. Энэ хуулийг хэлэлцэж байх хугацаандаа Ерөнхийлөгчөөс санал авсан уу.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 30.2 дахв заалт нь зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг агуулгаар явсан. Өмнө нь хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс шинэ эрх зүйн орчин бүрдсэн гээд дахин буюу гурав дахь удаагаа дэвшиж болох юм уу гэж асуухад болохгүй гэж хариулж байсан. Тийм болохоор ойлголтоо нэгтгэсэн юм байна гэж ойлгосон” гэв.

Харин хариуд нь Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчтэй холбоотой хэсгийг 2025 оны долоодугаар сараас хэрэгжүүлээр заасан байсан. Хэлэлцүүлгийн явцад тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга энэ өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлүүлье гэдэг санал гаргасан. Энэ саналын дагуу өөрчилсөн. Тухайн үед өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшиж болно гэж ойлгогдож байсан. Гэтэл хууль хэрэгжих явцад тодорхой хүмүүс цэцэд гомдол гаргаснаар Үндсэн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлт гаргасан юм билээ” хэмээв.

Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-д ямар хэргээр очсон бэ гэх асуудал хариултаа нэхсээр байсан юм. Харин ЗХЖШ өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхийлөгчийг улс төрийн асуудлаар бус цаг үеийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэлэлцээд явсан гэж мэдэгдэв.

Үүнээс харахад Х.Баттулга МАН-ыг тараах мэдэгдэл, байр сууриа баталгаажуулах, “айлгах” үүднээс шууд ЗХЖШ-д очиж дүр эсгэх гэсэн байж мэдэх юм. Эсвэл ноцтой асуудал ярьсан ч байж мэдэх.

Гагцхүү өнөөдрийн нөхцөл байдал Х.Баттулгын талд бус МАН-ын талд өрнөж байна. Ирэх Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын талд байх магадлал улам бүр нэмэгдсээр байна.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE