“ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг ч хамгаалах шаардлагатай”

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Одоогийн хуулиар Төрийн гурван өндөрлөгийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш дөрвөн жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна гэсэн заалт мөрдөгдөж буй.
Тэгвэл хуульд өөрчлөлт орсноор дээрх хугацаа өөрчлөгдөж байгаа юм. Анх өргөн барьсан хуулийн төсөлд “Төрийн гурван өндөрлөг бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна” гэж тусгасан байсныг хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс санал гарч өөрчилсөн.
Тодруулбал, “Төрийн гурван өндөрлөг бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш гурван жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна” гэж байнгын хорооны гишүүдийн дэмжсэн саналыг чуулганы хуралдаанаар танилцуулахаар болов.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Ажлын хэсгийнхэн хуулийн төслөө эцсийн байдлаар сайтар нягталж харсан уу. Хариуцлагатай хандах ёстой асуудал шүү.
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаа:
-Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим заалт дутуу бичигдсэн байна гэж үзээд байнгын хорооны ажлын хэсгийн даргад хандсан. Энэ нь Төрийн тусгай хамгаалалтын газрын тухай хуульд Тагнуулын байгууллагын үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Уг заалтад “Мэдээ, мэдээллээр хангана” гэж төсөл дээр байгаа юм. Анх өргөн барьсан төсөл болон одоо мөрдөгдөж буй хуулийнхаа хүрээнд “Мэдээ, мэдээллээр хангаж шаардлагатай бусад дэмжлэг, туслалцааг үзүүлнэ гэж заасны дагуу хэвээр нь үлдээх саналтай байна гэлээ.
Үргэлжлүүлэн энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Төрийн гурван өндөрлөг төрийн тусгай хамгаалалтад байх нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Олон улсын жишигт ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гэж бий. Энэ хүн ҮАБЗ-ийн бүх нууцыг мэддэг. Сүүлийн 30 жил энэ албан тушаалыг хэчнээн хүн авав, мөн явав. Цаашдаа ҮАБЗ болон төрийн гурван өндөрлөгтэй холбоотой бүх зүйлийг мэддэг цорын ганц хүн ямар ч хамгаалалтгүй мэт надад харагддаг. Японд гэхэд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга байсан хүнийг бүх насаар нь цагдаагийн хамгаалалтад авдаг. Энэ нь зөв. Манайд нөхцөл байдал ямар байдаг вэ?
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаа:
-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд Монгол Улсын албан тушаалтныг шаардлагатай тохиолдолд хамгаалалтад авч болно гэж заасан байдаг. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргыг хамгаалалтад авах шаардлагатай гэж үзээд Засгийн газраар шийдвэрлүүлснээр манайхаас хамгаалалтад авах боломжтой гэлээ.

Т.САЙХАН

SHARE